Цаг үе
Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай саналыг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдаас Улсын Их Хуралд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Ерөнхий сайдын саналыг танилцууллаа.
Авлигатай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4-т заасныг тус тус үндэслэн Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг улируулан томилуулахаар саналаа ирүүлжээ. З.Дашдавааг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 37 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилсон бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд хуульд заасан чиг үүргээ хариуцлагатай, шударгаар, үр дүнтэй хэрэгжүүлэн ажилласан хэмээн танилцууллаа.
З.Дашдаваа нь 1974 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 51 настай, яс үндэс халх, эрэгтэй. Дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч болохыг Н.Учрал сайд танилцуулав. Тэрбээр 1995 оноос 2019 оныг хүртэл цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэгч эрүүгийн төлөөлөгчөөс эхлээд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс, тасгийн дарга, хэлтсийн дарга, дэд даргаар дэвшин ажиллаж улмаар 2019 онд Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсон байна. Тэргүүн комиссар З.Дашдаваа нь цагдаагийн байгууллагад 24 жил, Авлигатай тэмцэх газарт зургаа дахь жилдээ, хууль сахиулах байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байгаа аж.
Үргэлжлүүлэн З.Дашдаваагийн томилогдон ажилласан хугацааны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Өнгөрсөн хугацаанд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, улсын аюулгүй байдал, эдийн засагт сөрөг үр дагавар бүхий олон их наяд төгрөгөөр хэмжигдэх хохиролтой авлигын хэргүүдийг богино хугацаанд шалган тогтоох ажлыг удирдан, хууль сахиулах байгууллагуудтай хамтран хянан шийдвэрлэсэн байна. Мөн олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Ази-Номхон далайн орнуудын хууль сахиулах байгууллагуудын сүлжээ байгуулах эхлэлийг тавьж, хөрөнгө буцаах байгууллага хоорондын авлигын эсрэг сүлжээний харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн батжуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан гэв. Гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, гадаад улсад байгаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг битүүмжлэх, хураан авах, хөрөнгө буцаан авах үйл ажиллагааны хүрээнд 2021-2024 онд нийт 13.9 сая ам.долларын үнэ бүхий хулгайлагдсан хөрөнгийг улс орондоо буцаан авчирч, улсын орлого болгосон байна. Мөн хуулийн дагуу ХАСХОМ гаргагч нийтийн албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн татвар ногдох орлогоо үнэн зөв мэдүүлээгүй нөхцөл байдлыг шалган 2023 онд 8.3 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, 637 сая төгрөг, 2024 онд 2.1 тэрбум төгрөгийн зөрчилд 136.4 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж барагдуулсан юм байна.
Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд залуучуудад шударга ёсны үнэ цэн, үнэт зүйлийг ойлгуулах, хүмүүжил дадлын бий болгоход туслах, авлигыг үл тэвчих үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээнд тодорхой бүлгийн онцлогийг харгалзан зохион байгуулсан нь зохих үр дүнд хүрч үнэлгээгээр хүүхэд залуучуудын шударга байдлын түвшин 0.8 пунктээр нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг Н.Учрал сайд онцолсон юм. З.Дашдаваа нь улс төр, бизнесийн бүлэглэлийн нөлөөллөөс ангид, хууль шударга, ёсны зарчмыг дээдэлж, хүний эрхийг хангаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ чин шударгаар нэр төртэй биелүүлж ирснийг онцлон Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газрын даргаар албан тушаалд улируулан томилуулах саналтай байгаа гэв.
Н.Учрал сайдын дээрх танилцуулга болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Г.Уянгахишиг, Ж.Алдаржавхлан, Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат, Г.Уянгахишиг, Б.Энхбаяр, М.Нарантуяа-Нара, Ч.Ундрам нар үг хэлэв.
Авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйл хэрэг бөгөөд үүнд Авлигатай тэмцэх газар бүхий л үйл ажиллагааг нэгтгэн, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоож, илрүүлж, хариуцлага тооцох ажлыг гүйцэтгэдэг онцлогтойг гишүүд тодотгон тэмдэглээд, цаашид бүх нийтийн соён гэгээрүүлэх, авлигыг үл тэвчих хандлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр илүү эрчимтэй ажиллахыг хүссэн юм. Түүнчлэн Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлд анхаарах, шаардлагатай бол санал хүсэлтээ Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороонд нээлттэй ирүүлж, түүнийг нь дэмжин ажиллахаа илэрхийлж байв. Г.Уянгахишиг гишүүн, Авлигатай тэмцэх газрын даргын үйл ажиллагааны үнэлгээг бүрэн эрхийнх нь хугацаагаар тодорхойлдог үнэлгээ, шалгууртай байх нь зүйтэй хэмээсэн бол Д.Ганбат гишүүн З.Дашдаваа даргын авлигатай тэмцэх эрмэлзлэл, үйл ажиллагааг үнэлж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Төрийн өмчийн компаниудад авлигын гол асуудлууд үүсдэг бөгөөд үүнийг хянахад бэрх болж байгаа талаарх З.Дашдаваа даргын үгэнд анхаарал хандуулахыг Б.Энхбаяр гишүүн онцлоод, аливаа улсын авлигын эсрэг тэмцэл нь улс төрөөс, Засгийн газраас, улс төрчдийн манлайллаас ихээхэн хамаардаг гэв.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 16 нь Монгол Улсын Ерөнхий сайдаас Улсын Их Хуралд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай саналыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
