Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 1-6 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 08-наас 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 8-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Шударга мэдээ2026/03/19
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
-
Цаг үе2023/03/29
Төрийн банк “Санхүүгийн боловсрол олгох” сургалтыг зохион байгууллаа...
-
Цаг үе2021/12/01
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
-
Улстөр нийгэм2020/09/17
Сайд Л.Халтар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзав
