Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдав

Огноо:

,

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оын дбрбвдүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, “Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэлдээ дээрх тогтоолын агуулгын хүрээнд Засгийн газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр батлуулсан тухай онцлон дурдаж, хуульд эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үнийг зохицуулж, хүн амд чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эм хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр нарийвчилсан зохицуулалтууд тусгагдсаныг танилцуулав. Тухайлбал, эмийн хатуу зохицуулалттай улсад бүртгэсэн эмийг түргэвчилсэн байдлаар бүртгэж, эмчилгээнд хэрэглэх, зайлшгүй шаардлагатай эмийг сонгох болон үнийн нэмэгдэх хувь хэмжээнд хязгаарлалт тогтоох, олон улсын чанарын шаардлага хангасан эмийг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагатай гадаад улсаас худалдан авах бол нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэх, эмийн бүртгэл, зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод болгох, эмийн болон эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийг тус тусад нь зохион байгуулах зэрэг зохицуулалтыг хуульд тусгасан байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын бүрэн эрхийг дэлгэрэнгүй тусгаж, санхүүжилт, болон хариуцан гүйцэтгэх чиг үүргийг тодорхой болгожээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас эм шинжлэх лабораторийг олон улсын стандартын дагуу бүрэн шинэчлэх хүрээнд ДЭМБ-тай хамтран Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийн шинэ байрны 1000 гаруй шоо дөрвөлжин метр талбайд лабораторийн модулийг угсарч эхлээд байгаа аж. Энэ ажлын гүйцэтгэгчийг олон улсын тендерээр шалгаруулсан бөгөөд шалгарсан компани манай улсад хоёр удаа ажилласны зэрэгцээ ДЭМБ-ын төв штабаас лабораторийн шинэчлэлийн ажлыг бүхэлд нь хянаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар зураг төслийг эцэслэх шатанд явж байна гэж Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Мөн барилгын гүйцэтгэгчийг олон улсын тендерээр шалгаруулах бөгөөд ирэх тавдугаар сард зарлахаар ажиллаж байгаагаа танилцуулав. Энэ ажилд ДЭМБ-ын “Цар тахлын төсөл”-өөс 2.0 сая орчим ам.доллар зарцуулахаар шийдвэрлүүлээд байгаа юм байна.

Эм хангамжийн байгууллагуудад мөрдөх үндэсний стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлснээ сайд Т.Мөнхсайхан танилцуулж, оролцогч талуудаас саналыг авч, хэлэлцүүлж байгаа талаар дурдлаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 56 улсын 745 үйлдвэрлэгчийн 3,899 нэрийн эм бүртгэлтэй бөгөөд тэдгээрийн 80 орчим хувь нь импортынх боловч 36.3 хувь нь л ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий зохицуулалтын байгууллагатай улсад үйлдвэрлэгдсэн болохыг тэрбээр мэдээлж, хатуу зохицуулалттай улсад бүртгэгдсэн эмийг итгэлцлийн зохистой дадлын хүрээнд түргэвчилсэн журмаар бүртгэж, зах зээлд нийлүүлэх журам боловсруулж буйг өгүүлэв. Энэ талаар Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ), Япон зэрэг улсуудын тэргүүлэх үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийж, дундын зуучлагчгүй эмийг хямд нийлүүлэх ажлыг өнгөрөгч оны есдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Үүний хүрээнд 2024 оны 12 дугаар сараас БНСУ-ын таван үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг  импортлож эхэлсний дотор 18 нэрийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50-70 хувийн хөнгөлөлттэйгөөр буюу зах зээл дээр байгаа ижил төрлийн бусад эмээс 30-90 хувиар хямд олгож байна. Мөн хорт хавдрын эмчилгээний таван нэрийн эмийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авч Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэж байна. Энэ сард багтаан Швейцарийн Рош үйлдвэрээс таван нэрийн бай эмчилгээний эмийг хүлээн авах хэлцлийг хийгээд байгаа ажээ.

Хуулийн хүрээнд Эмийн болон Эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийг тус бүр 15 хүний бүрээлдэхүүнтэй байгуулсан байна. Эмийн үнийг иргэдэд ил тод байлгах, үнийн өсөлтийг хянах, төрийн байгууллага хоорондын цахим мэдээллийн нэгдсэн сантай болох  тогтолцоог хуульд тусгасны дагуу Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Санхүү мэдээллийн технологийн төвтэй хамтран эмийн бүртгэлийн Лайсмед программд импортын эм, эмнэлгийн хэрэгслийг  стандарт код, цувралын дугаар тус бүрээр гаалиар орж ирсэн тоо хэмжээ, үнэ, эм хангамжийн байгууллагын борлуулсан тоо хэмжээ, бөөний үнэ, жижиглэнгийн үнэ зэрэг 40 өгөгдлөөр бүртгэх, мэдээлэл солилцох боломж бүрдсэн байна. Мөн цахим төлбөрийн баримтын системд эмийн мэдээллийг Засгийн газрын "Их өгөгдлийн (big data) сан"-д дашборд хэлбэрээр тогтмол нийлүүлэх ажил хийгдэж эхэлжээ. Цаашид тус программын хөгжүүлэлтийг үе шаттайгаар хийж, эмийн сангаас худалдан авсан эмийн болон И-баримтын цувралын дугаарыг ижил болгож, хяналтын тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Мөн Эм, эмнэлгийн хэрэгжлийн хяналт, зохицуулалтын газар, түүний зохион байгуулалт, эрх, үүргийн хэрэгжилтийг сайжруулах, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгджээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Польш Улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны зэрэгцээ БНСУ-ын Койка байгууллагатай хамтран албан хаагчдын чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа эмийн хяналтын үүрэг чиглэлийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын харьяаллаас гаргаж, Хүнс, эмийн агентлагийг яамныхаас өндөр статустайгаар байгуулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлэв. Учир нь харъяа агентлаг нь яамнаасаа давж хяналт хэрэгжүүлж чадахгүй, мөн осол гэмтэл, хүнсний болон эмийн хордлого сүүлийн үед ихээхэн нэмэгдэж байхад холбогдох байгууллага ажлаа хийхгүй байна гэлээ. Эмийн хяналт, зохицуулалтын байгууллага сайн төлөвшиж амжаагүй байхад хүнсний аюулгүй байдлын асуудлыг нэмж хариуцуулах боломжгүй, тийм чадавх хараахан бүрдээгүй гэж үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ЭМЯ болон эмийн агентлагт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг ажиллуулж байгааг яагаад засаж залруулахгүй, Улсын Их Хурлын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа талаар юуны өмнө асууж хариулт авав. Үүнд сайд Т.Мөнхсайхан хариулахдаа, эмийн салбарын чадварлаг боловсон хүчнүүд хувийн хэвшилд ажиллаж байгаа учир яам, агентлагт шилж сонгож ажиллуулдаг гээд, салбарын төрийн захиргааны төв байгууллагын боловсон хүчний асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлэдэг гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн бөөний төвүүд гаалиар оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээ жижиглэнгийн үнээр бртгүүлэх, тэр үнээр эмийн сангаас иргэд QR код уншуулж худалдан авдаг байх систем чухал болохыг дурдаад, Лайсмед платформыг нэвтрүүлж байгаа явдлыг талархан тэмдэглэж, итгэлцлийн зохистой дадлын хамтын ажиллагааг олон улсын харилцааны зохих журмын дагуу хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Мөн эмийн үнийн өсөлтийн талаарх сонсголыг үед илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар хэрхэн ажиллаж байгаа талаар асууж, хариулт авлаа. Тэрбээр эмийн болон хүнсний шинжилгээний лабаораториуд нэгдэж ажиллавал үйл ажиллагаа нь уялдаатай болохын зэрэгцээ зардал хэмнэнэ гэж үзэж байгаагаа хэлсэн юм.  

Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын үр дүнд засаг захиргааны анхан шатны нэгж буюу сум, багт эмийн үнийг тогтворжуулах талаар ямар үр дүн гарч байгаа болон Хүний эмийн хэрэглээн дэх техникийн шаардлагыг зохицуулах олон улсын зөвлөлийн бүртгэлийг ашиглахаа больж, зөвхөн ДЭМБ-ын зөвлөмжийг баримтлах болсноор бий болсон хүндэрлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургалт сурталчилгааны ажлын үр дүнгийн талаар, боловсролын байгууллага, эцэг эхчүүдтэй хэрхэн хамтран ажилласан болон хуулиар зохицуулсан зар сурталчилгаанд хориглох зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлсэн, илэрсэн зөрчил дутагдалд ямар хариуцлага тооцсон талаар асууж, Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс тодорхой хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эрүүл мэндийн зардлын 15-25 хувийг эм эзэлж байгааг дурдаад, энэ нь хяналтгүй, чанаргүй, нийт дүн үнэлгээ нь өсөлтгүй, хэрэглээ нь зохисгүй, борлуулалт нь ашиг хонжоо хөөсөн байдалтай байвал энэ бизнес томоохон эрсдэлтэй тулгарахыг анхааруулж, энэ салбарын зардал, санхүүжилт, санхүүгийн үзүүлэлтүүдийн чиг хандлага ямар байгаа талаар асууж хариулт авсан юм. ДЭМБ-ын жишиг үнэтэй харьцуулбал манай улсад зарим эмийн үнэ 3-4 дахин өндөр байгааг тэрбээр анхааруулаад, Эмийн зөвлөлийн гишүүдийг ямар шалгуураар томилсон, тус зөвлөл хэрхэн ажиллаж, ямар үр дүн гаргасан талаар болон эмийн салбарын хууль, эрх зүйн орчин ямар түвшинд бүрдсэнийг асууж, ярилцсан юм. Түүнчлэн тэрбээр эмийн үнийн дээд хязгаарыг тогтоох чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, эрүүл мэндийн даатгалын мөнгөөр захиргааны зардал санхүүжүүлж байгаа эсэх, холбогдох журам, дүрмийн хэрэгжилтээс ямар бодитой үр дүн гарч байгаа зэрэг олон асуудлыг сөхөж хөндсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн эмийн хяналтыг яамны эрхлэх асуудлын хүрээнээс гаргах саналтай ижил байр суурьтай байгаагаа хэлээд, хяналт сул, лабораторийн тоног төхөөрөмж хангалтгүй, үнэ буурахгүй байгааг анхааруулав. Тэрбээр эмийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс, хөнгөлөлттэй эмийн хүртээмж, дотоодын эмийн үйлдвэрлэлээ дэмжих талаар явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяатай санал нэг байгаагаа илэрхийлж, эмийн чанар, стандартыг сайжруулах, хүртээмж, нөөцийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг ярилаа. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат мөн эмнэлгүүдийн эмийн хангамж, нөөцийн асуудлыг хөндөж, нөөцийн программ хэзээ ашиглалтанд орох, чанарыг хэрхэн хангах болон иргэдийн эмийн зохистой хэрэглээг дэмжих чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар асууж, ярилцлаа.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбгдуулан үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа яам эмийн зохицуулалт, бодлого, бүртгэлээ чадан ядан авч яваа учир хяналтандаа төдийлөн анхаарч чадахгүй, эм шинжлэх лабораторийг хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитой нэгтгэх талаар Засгийн газарт даалгасан ажил хийгдээгүй байгааг анхааруулж, эмийн хяналтын чиг үүргийг Эрүүл мэндийн сайдын харьяаллаас гаргаж, Ерөнхий сайдын, нэг бол Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахад анхаарах шаардлагатай байгааг дахин дурдав. Мөн тэрбээр осол гэмдэл, эмийн болон хүнсний хорлогын үр дагавар үлэмж хэмжээгээр нэмэгдэж байхад холбогдох байгууллагууд юу ч хийхгүй байгаа нь эс үйлдэхүй гэдгийг онцолж, энэ бол аль нэг яамны биш Засгийн газрын түвшинд авч хэлэлцэх асуудал гэдгийг санууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Улсын Их Хурлаас гарч буй тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг Т.Мөнхсайхан сайдад анхааруулаад, парламентын шийдвэрийг буруу гэж үзэж байна гэсэн байр суурь илэрхийлээд сууж байх нь зохимжгүй гэлээ. Тэрбээр үрэлгэн тогтолцоотой лабораториудыг нэгтгэж, үр дүнтэй ажиллуулах, өндөр хөгжилтэй орны холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар эмийн үнийг бууруулах, хувийн хэвшлийг боомилохгүйгээр чанартай эмийг боломжийн үнээр оруулж ирэх нөхцлийг бүрдүүлэх, монополыг халах зэрэгт анхаарч ажиллахыг сануулаад, Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолын биелэлт хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, дахин тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг, даалгавар өгөх саналтай байгаагаа тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар эм эмнэлгийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн системтэй болох, худалдаа, зах зээлийг зохицуулах ажлыг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, Эмийн зөвлөлд ашиг сонирхлын зөрчлийг бага байлгах талаар үр дүн гаргаж ажиллах, олон улсын эмийн чанарын стандартуудыг хослуулан хэрэглэх шаардлагатайг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун осол гэмтэл, хордлогоос урьдчилан сэргийлэх, эмтэй төстэй бэлдмэлийн хэрэглээг зохицуулах, нийгмийн эрүүл мэндийн нэгдсэн бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулах нв зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эмийн хангамж, хэрэглээ, үнэ, борлуулалт, хяналтын асуудлыг эрүүл мэндийн тогтолцооноос салгаж ойлгож болохгүй тул Улсын Их Хурлын тогтоолын мөрөөр авч буй Засгийн газрын үйл ажиллагаа салбарын бодлого, тогтолцоонд ямар эерэг үр дүн авчирч байна вэ гэдэгт үнэлгээ дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хүн амын эрүүл мэнд хэрхэн сайжирсан, эрүүл мэндэд зарж байгаа, хөрөнгө нь үр ашигтай байсан эсэх, тоо хэмжээ нь нэмэгдсэн эсэх зэрэг суурь үзүүлэлтийг гаргаж, зах зээлийн бодит мэдээллээр хэрэглэгчдийг хангах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен улсын хэмжээнд эмийн нөөцийг бэхжүүлэх, хүртээмжийг сум, баг руу тэлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хяналтыг сайжруулж, зөрчил дутагдалд тооцох хариуцлагыг чангатгах, лабораториудыг бэхжүүлэх зэрэгт анхаарахгүй бол болохгүй нь ээ гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан ч мөн дээрх асуудлуудыг хөндөж, эмийн чанарт онцгой анхаарах цаг болсныг анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат салбар зөвлөлүүдийн томилгоотой холбоотой асуудлыг чанаржуулж, ил тод, шударга болгоход анхаарах, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах чиглэлээр холбогдох дүрэм, журмыг шинэчлэх, лабораторийн шинжилгээ, хяналтын механизмыг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх болон нийгмийн сүлжээгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн сурталчлах явдлыг хязгаарлах зэрэгт анхаарал хандуулахыг зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Л.Энхнасан Улсын Их Хурлын гишүүдын асуулт, анхаарал хандуулж буй асуудлуудад илүү тодорхой, нэмэлт мэдээлэл өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүсээд, цаашид эмийн бодлого, төлөвлөгөө, тэдгээрийн үр дүнг Нийгмийн бодлогын байнгын хороонд тогтмол танилцуулц ажиллах шаардлагатайг дурдав. Ялангуяа нийгмийн эрүүл мэндийн нэгдсэн төлөвлөгөө, бодлого орхигдож байгааг тэрбээр онцгойлон сануулаад, энэ асуудал болон эмийн салбарын хөгжлийн хэтийн чиг хандлагын талаар Байнгын хорооны дараагийн хуралдаанд танилцуулахыг даалгаж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулж ажиллуулах болно гэлээ. Мөн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд гарч буй эерэг үр дүнгүүдийг бэхжүүлэх, ойлголт мэдээллийг нэгтгэх шаардлага байгааг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна

Огноо:

,

АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.

Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.

Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.

Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн  тоглолтоо толилуулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.

Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.

Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Огноо:

,

2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.

Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.

Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.

Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм15 цаг 56 минут

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ16 цаг 4 минут

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе16 цаг 7 минут

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе16 цаг 16 минут

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ16 цаг 36 минут

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм16 цаг 43 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе18 цаг 34 минут

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм18 цаг 38 минут

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох