Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь, Хэнтийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
2025 оны тавдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 24-26 хэм дулаан, оройдоо эрс сэрүүснэ.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2025 оны тавдугаар сарын 29-ноос
2025 оны зургаадугаар сарын 2-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-р сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо орно. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд нутгийн зарим газраар, 6-р сарын 01-нд Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
Цаг үе
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Прокурорын байгууллагаас 2025 он, 2026 оны I улирлын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” нийт 2,144 хэрэгт хяналт тавьжээ.
Орон нутагт хамгийн ихээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэн гарч байгаа аймгуудын хувьд Хэнтий аймагт 326, Дорнод аймагт 189, Архангай аймагт 193, Сүхбаатар аймагт 163 бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт 65, Баянзүрх дүүрэгт 47, Хан-Уул дүүрэгт 43, Налайх, Багахангай дүүрэгт 13 бүртгэгдсэн нь хамгийн их байна.
Прокуророос мал хулгайлах гэмт хэрэгт 551 хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас насны хувьд 18 хүртэл насны 6, 18-30 насны 183, 31-44 насны 261, 45-аас дээш насны 101 хүн, хүйсийн хувьд эрэгтэй 538, эмэгтэй 13 хүн байгаа бол, ажил эрхэлдэг 66, эрхэлсэн ажилгүй 485 хүн байна.
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 393 хүнд холбогдох 246 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээс 239 хэрэгт 333 шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулжээ. Тодруулбал, 262 шүүгдэгчид 1-12 жил хүртэл хугацаагаар хорих ял, 29 шүүгдэгчид 6 сараас 4 жил, 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 42 шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, хянан харгалзжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 349,2 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 55,6 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, нийт 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа тул малчид та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд малаа байнгын хариулгатай байлгах, тэмдэгжүүлэх, хотны зохион байгуулалтыг сайжруулах, хөршийн холбоог ашиглан малаа хамтран хамгаалах, сэжигтэй үйлдэл илэрвэл цагдаагийн байгууллагад мэдээлэх нь чухал болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.

Цаг үе
Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
Авлигатай тэмцэх газар-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны нэгдүгээр улиралд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн 398 гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явуулжээ.
Шалгалтаар 59 тохиолдолд зөрчил тогтоогдож, хууль зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулсан байна. Мөн зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 45 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлжээ. Түүнчлэн авлигын гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлсэн байна.
Тухайлбал, Зээлийн батлан даалтын сантай холбоотой шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нэгэн компанид батлан даалт гаргахдаа хууль зөрчсөн, мөн хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нөхцөл тогтоогдсон тул холбогдох албан тушаалтнуудад ажлаас чөлөөлөх, албан тушаал бууруулах, цалингийн хэмжээг багасгах зэрэг сахилгын шийтгэл ногдуулжээ.
Мөн “Цемент шохой” ХХК-д хийсэн шалгалтаар санхүүгийн зөрчил болон хуурамч боловсролын баримт бичиг ашигласан нөхцөл илэрч, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор албан тушаалын сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу явуулах талаар Эрдэнэс Монгол-д мэдэгдэл хүргүүлжээ.
Мөн нас барсан иргэний тэтгэврийг үргэлжлүүлэн олгосон зөрчил илэрсэн байна. Шалгалтаар улсын бүртгэл болон нийгмийн даатгалын байгууллагын мэдээллийн солилцоо хангалтгүй, холбогдох зохицуулалт дутмаг байснаас ийм нөхцөл үүссэн гэж үзжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газар-ын 2023-2025 оны шалгалтын дүнг нягтлахад нийт 721 иргэнд нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүй олгогдсон байна. Үүнээс 1.8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоож, 1.1 тэрбум төгрөгийг бүрэн болон хэсэгчлэн барагдуулжээ. Одоогоор 758.9 сая төгрөгийг нөхөн төлөх хариуцагчийг тодруулахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Цаг үе
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгээс өнгөрсөн онд скүүтер, мопедын замбараагүй хэрэглээнээс үүдсэн осол эндэгдлийг бууруулах хүрээнд шат дараатай ажлуудыг хийж байна. Скүүтер, мопедыг явган хүний замаар явуулахгүй байх, авто замын баруун талын хөвөөгөөр явуулах шийдвэр гарсан билээ. Тэгвэл өнөөдрийн хурлаар хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг холбогдох албаныхан хэлэлцлээ.
Улмаар Бага тойруу дотор 86 байршилд нийт 186 албан хаагч хяналт тавихаар боллоо. Ингэхдээ нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалтаар хяналт тавих бөгөөд олон нийтийн цагдаа нарыг өнөөдөр тусгайлан сургалтад хамруулах байна.
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Скүүтер, мопедыг явган хүний замаас буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлье. Эхний ээлжинд Бага тойруу дотор явган хүний замаар явуулахгүй байхад хяналт тавих шаардлагатай байна. Өнгөрсөн намраас л хавар 16 нас хүрээгүй тохиолдолд скүүтер, мопед унах боломжгүй байх тохиргоог хийхийг аж ахуй нэгжүүдэд уриалсан, анхааруулсан. Гэтэл одоо ч зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Азаар хүүхэд өөрөө бэртэж гэмтээгүй байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй. Хаа хаанаа анхаарч хамтарч ажилламаар байна” гэв.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр боллоо.
Тодруулбал:
-Бага тойруу дотор явган хүний зам дээр дугуйн тэмдэглэгээ байхгүй тохиолдолд скүүтер, мопедтой зорчихгүйгээр авто замаар зорчих. Жолооч нар баруун хөвөөгөө чөлөөлж өгөх. Хөвөөгүй тохиолдолд баруун талаар зорчих боломжийг олгож бусдад хүндэтгэлтэй хандах.
-Дугуйн тэмдэглэгээтэй замаар явж байгаа тохиолдолд явган зорчигч зам тавьж өгөх. Дугуйн тэмдэглэгээтэй замаар явган хүн зорчихгүй байх
-Эхний ээлжинд Бага тойруу доторх 86 байршилд 185 алба хаагч хяналт тавьж ажиллах
-Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замаар скүүтер, мопед зорчих тэмдэг, тэмдэглэгээг байршуулах
-Скүүтер, мопедын зогсоолыг нэмэгдүүлэх. Аж ахуй нэгжүүд тодорхой зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол гаргах.
-Шат дараатай ажлуудыг хийж скүүтер, мопедыг явган хүний замаас бүрэн гаргаж авто зам руу оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар үүрэг өглөө.
Иймд иргэд болон жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
-
Цаг үе2023/06/14
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2019/07/08
“Монгол-Хятадын Экспо”-г зохион байгуулах хамтарсан ажлын хэсгийн ху...
-
Улстөр нийгэм2022/02/22
Нийслэлд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 46.1 хувь нь эмэгтэйчүүд байна
-
Цаг үе2022/10/17
Оюутнуудыг ЭМД-аар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулна
