Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэлжилж байна

Огноо:

,

Монгол Улсад Төрийн албаны зөвлөл үүссэний 30 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ хүрээнд НЗДТГ болон нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөл хамтран “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 226 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Уг зөвлөгөөнөөр нийслэлийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний 1200 гаруй албан хаагч оролцож, сайн туршлагаа хуваалцаж, сургалт, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Уг зөвлөгөөнөөр төрийн албан хаагчдад тулгараад буй асуудлуудыг хэлэлцэж, цаашдын гарц шийдлийг харилцан ярилцах, хууль тогтоомжийн болон бусад шинэчлэл, хэрэглээний талаар хэлэлцэж байна. Мөн дараагийн 30 жилдээ хэрхэн хөгжих, ямар зорилго, зорилт дэвшүүлж явах талаар бодлогоо тодорхойлсон зөвлөгөөн болж байна” гэдгийг онцлов. 

Төрийн албаны зөвлөлийн дарга П.Цэдэвсүрэн “Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд орон нутагт зургаан зөвлөгөөнийг зохион байгуулж, өнөөдөр хамгийн сүүлийн бүс буюу нийслэлийн бүсийн зөвлөгөөн эхэллээ. 130 мянга гаруй төрийн албан хаагчийн санал хүсэлтэд үндэслэн анх удаа уг зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Төрийн албан хаагчдын 64.3 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Иймээс эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, шатлан дэвших боломжийг нээж өгөх, дутагдаад буй сургалт хөгжлийн асуудлуудад анхаарал хандуулна. Өнөөдрийн байдлаар долоон удаагийн бүсийн зөвлөгөөнөөр нийт 1000 гаруй эмэгтэйчүүдэд хүрч ажиллалаа. Энэ нь цаашлаад түгэн дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

ЗГХЭГ-ын Хүний нөөцийн газрын дарга, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга П.Сарангэрэл "Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөний хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэглээ” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг өнгөрсөн жилийн хугацаанд цахимаар болон танхимаар зохион байгуулж ажиллалаа. Мөн хэлэлцүүлгийн оролцогчдоос хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг авч байна” гэлээ. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Төрийн албаны зүгээс 330 сумаар явж хэлэлцүүлэг сургалт хийж, үүний дараагаар аймгуудыг бүсчлэн зөвлөгөөн хийсэн бол өнөөдөр нийслэлийн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Төрийн алба-Бидний ирээдүй” уулзалтыг ЕБС-ийн ахлах ангийн 300 гаруй сурагч дунд хийж байна. Уг уулзалтаар ирээдүйд төрийн албанд ажиллах хүсэлтэй сурагчдад төрийн албаны үнэн зөв, бодит мэдээллийг хүргэлээ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч болох хүнд ямар шалгуур тавигдаж, ямар шатлалуудаар хэрхэн ажилладаг талаар ерөнхий мэдлэгийг олголоо” гэдгийг хэллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

ЗГ: Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 23-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцод заасанчлан үндэстэн дамнасан, нарийн зохион байгуулалттай, нууц, далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх арга, зохион байгуулалт боловсронгуй болж, манай улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах шинжтэй болж байна. Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх арга хэмжээний талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

1.Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, энэ оны наймдугаар сард багтаан танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт тус тус даалгав. Энэ ажлын хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгана.

2.Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох, хязгаарлах зорилгоор Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улс, Оросын Холбооны Улс, Тайланд, Вьетнам Улс болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

3.Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх сард багтаан Засгийн газарт танилцуулах;

4.Мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулах асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон, хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлах;

5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний тархалтын тандалт, судалгаа хийж, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

Мөн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр соёл, спортын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, манай улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлын тархцыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгах арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газарт үүрэг болгов.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Душанбе” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, тус улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү нар угтаж авлаа.

Энэ удаагийн айлчлал Төв Азийн улс орнууд, тэр дундаа Тажикстан Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж талууд үзэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргана.

Айлчлалын хүрээнд хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн тус улсын Мажлиси Намояндагон /Парламентын доод танхим/-ын даргыг хүлээн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүн нарын ивээл дор анхны бизнес форум болон соёл, урлагийн тоглолт болох юм. Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улсаас анх удаа Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Душанбе хотноо хүрэлцэн ирсэн даруйдаа Тажикийн түүх, соёлын бэлгэ тэмдэг болсон Исмоил Сомони-гийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Тажикийн төрт ёсны түүхэнд тод мөрөө үлдээсэн Саманидын анхны эмир Исмоил Сомони-г ард түмэн нь мөнхөд дээдэлдэг бөгөөд 13 метр өндөр хөшөөг нь бүтээж, IX-X зуунд Бухарт баригдсан Саманидын бунхны хуулбар бүхий музей байгуулжээ.

Хөшөөний хоёр талд байрлах хүрэл арслангууд нь улсын тогтвортой байдал, энх тайван, үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг. Тажикистан Улсад айлчилж байгаа төр, засгийн тэргүүн, хүндэт зочид тус улсын Төрийн ёслолын журмын дагуу хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 24-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох