Цаг үе
Булцгарын найзуудын нэрэмжит уралдаант аяны шилдгүүд тодорлоо

Төрийн банкнаас харилцагч хүүхэд багачуудынхаа дунд Булцгарын найзуудын нэрэмжит гар зураг, эсээ, рийлний уралдаант аян зарлаж, шилдгүүдээ тодрууллаа.
Хуримтлалын үнэ цэн, ач холбогдлыг бүтээлдээ тусгаж, хуримтлалын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү уралдаант аянд “Эхлэл” хүүхдийн хадгаламж бүхий 6-18 насны хүүхдүүд оролцсон бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын өдөр Эрх чөлөөний талбайд болсон арга хэмжээний үеэр шилдгээр шалгарсан хүүхдүүдэд шагналыг нь гардууллаа.
Уралдаант аяны 6-10 насны ангилалд гар зургийн бүтээлээ ирүүлсэн сурагчдыг Дорнод аймгийн 11 дүгээр сургуулийн 3а ангийн сурагч, 9 настай Ц.Номин тэргүүлсэн бол Улаанбаатар хотын Сант сургуулийн 4а ангийн сурагч 10 настай Б.Есүй, Улаанбаатар хотын Оюунлаг сургуулийн 1а ангийн сурагч, 7 настай Б.Сувд нар удаах байруудад шалгарлаа.
Харин 11-14 насныхны дунд “Мөрөөдлөө хадгалья” сэдвээр зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн сурагч С.Уранбайгаль тэргүүлсэн бол Баянзүрх дүүргийн Шинэ Монгол сургуулийн сурагч Ү.Эгшиглэн хоёрдугаар байрт, Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн сурагч О.Цэлмэг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Тонигийн нэрэмжит рийл бүтээх уралдааны тухайд, дуу дүрсний шаардлага хангах бүтээл хараахан ирээгүй учраас зохион байгуулагчдын саналын дагуу байр эзлүүлээгүй болно.
Шалгаруулалтын хувьд, зургийн уралдааны бүтээлийг Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нар шүүж, шилдгүүдийг шалгаруулсан бол эсээ бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Монгол Улсын Консерватори сургуулийн монгол хэлний багш, сэтгүүлч, маркетингийн мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий комисс байгуулан шүүж, зөв бичих чадвар, хэл найруулга, сэдвийн хүрээнд шинэ санаа гаргасан байдал зэргийг харгалзан шилдгүүдийг тодрууллаа.
Хуримтлалын ач холбогдлыг хүүхэд багачууд, асран хамгаалагчдад сурталчлан таниулах зорилготой Булцгарын найзуудын нэрэмжит уралдаант аяны шилдгүүдийн тэргүүн байрт шалгарсан хүүхдүүдэд 1,500,000 төгрөгийн шагнал гардуулсан бол хоёр, гуравдугаар байрт шалгарсан хүүхдүүд 500,000-1,000,000 төгрөгийн шагнал олгож, шагналыг Төрийн банкан дахь “Эхлэл” хүүхдийн хадгаламжийн дансанд нь шилжүүлсэн болно.
Цаашид Төрийн банк харилцагч хүүхдүүдийнхээ авьяас, оролцоог дэмжих уралдаант аян, арга хэмжээг зохион байгуулсаар байх бөгөөд хүүхэд багачууд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.