Цаг үе
Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас нийгэм, эдийн засагт эерэг өөрчлөлт түүчээлж буй үндэсний тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийг жил бүр тодруулдаг уламжлалын дагуу 2024 онд амжилт, ололтоороо тэргүүлсэн “ТОП-100 ААН”-ийг олон нийтэд зарлалаа.
Топ аж ахуйн нэгжийн жагсаалтад 10 жилийн турш багтаж ирсэн Төрийн банкны тухайд, энэ удаад төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийн зургаадугаарт эрэмбэлэгдэж, амжилтын буухиагаа үргэлжлүүллээ.
Төрийн банк нь улс орон даяар байрлах 500 салбар нэгж, 4000 орчим ажилтныхаа хамтын хүч оролцоогоор 2.7 сая харилцагчид банк санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэн ажилладаг системд нөлөө бүхий банкны хувьд, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн улс орон даяар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч, өнгөрсөн онд бодлого, үйл ажиллагаагаа шинэ түвшинд тодорхойлсон билээ. Үүний үр дүнд банкны зээлийн багц өмнөх оноосоо 44 хувиар тэлээд байна. Тэр дундаа тогтвортой хөгжлийг дэмжих зээлийн багцын үлдэгдэл 2024 онд 90 гаруй хувиар нэмэгдсэний дотор зөвхөн ногоон зээлийн багцын үлдэгдэл 108 хувиар өссөн онцлох үзүүлэлттэй байна.
Төрийн банк нь одоогоос 16 жилийн өмнө 130 гаруй тэрбум төгрөгийн активтайгаар үүсгэн байгуулагдсан бол өдгөө нийт активын хэмжээ 6.2 их наяд төгрөгт хүрээд байна. Мөн 2024 онд түүхэн дээд буюу 108 тэрбум төгрөгийн цэвэр ашигтайгаар төрийн өмчит компаниудаа манлайлан ажиллажээ. Банкны цэвэр ашгийн тухайд, сүүлийн гурван жилд 300.0 тэрбум төгрөгт хүрч, үүнээс 146.0 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилсан байна.
Төрийн банк нь жил бүр улсын төсөвт төвлөрүүлсэн татвар хураамж, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, орлого, ашиг, хөрөнгийн хэмжээгээрээ манлайлж, байгуулагдсан цагаасаа хойш ийнхүү “ТОП-100 ААН”-ийн жагсаалтад багтаж, амжилтаа бататгасаар байна.
Үүгээр зогсохгүй Бизнес инкубатор төвөөрөө дамжуулан эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон 32,500 гаруй бизнес эрхлэгчид сургалт явуулж 10,000 шахам бизнес эрхлэгчийг бойжуулах хөтөлбөртөө хамруулаад байна. Түүнчлэн улс орныхоо ирээдүй болсон 216,400 гаруй оюутан сурагчид санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулж, санхүүгийн мэдлэг боловсролтой, тогтвортой хөгжлийг эрхэмлэгч иргэн бүхий Монгол Улсыг цогцлооход анхааран ажиллаж байна.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Улстөр нийгэм2024/02/05
"Бодь даатгал" ХК жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна
-
Улстөр нийгэм2024/08/21
Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам хоолой угсарч байна
-
Шударга мэдээ2020/03/24
БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
-
Цаг үе2020/05/25
Хогоо ил задгай шатаах болон хогоо зориулалтын цэгт хаяхгүй байх нь хууль зөрч...
