Цаг үе
Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан бөгөөд энэхүү бодлогын хүрээнд Хангай, Баруун, Хойд, Төв, Зүүн, Говь, Улаанбаатарын гэсэн 7 бүсээр хөгжүүлэх бодлого хэрэгжиж байна. Үүнээс Говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд багтаж, АЖ ҮЙЛДВЭР, НОГООН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨРӨЛЖСӨН БҮС болгон хөгжүүлэхээр тодорхойлсон.
Энэ хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн”, “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-тай гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд:
- Говийн бүс болон орон нутгийн хөгжлийн төвүүдийг хөгжүүлэх ТЭЗҮ, хөгжлийн хөтөлбөр боловсруулах;
- Малчдын шинэ төрлийн хоршооны загварыг боловсруулж, туршилтаар хэрэгжүүлэх;
- Иргэд, оролцогч талуудад инновац, технологид суурилсан мэдээлэл, оролцооны системийг нэвтрүүлэх;
- Технологи, Big Data, хиймэл оюун ухаанд суурилсан удирдлага, шийдвэр гаргалтыг бэхжүүлэх;
- Аймгуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, мэдээллийн системийг бий болгох;
- Хууль, бодлогын уялдааг хангаж, бүсчилсэн хөгжлийн эрх зүйн орчныг сайжруулах юм.
Санамж бичиг нь бүсийн томоохон аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд иргэд, хоршоологчдын оролцоог нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, малчдын орлогыг өсгөх, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Түүнчлэн Өмнийн говийн малчдын амьжиргааг сайжруулж, тэдний орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэгдэж байна. Мөн бүс нутгийн хөгжлийн 20 жилийн төлөв байдлын судалгаанд тулгуурлан орон нутгийн нөөц, бололцоог бүрэн ашиглах, байгаль орчин, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийг уялдуулсан хөгжлийн бодлого боловсруулах юм. Энэ нь бүс нутгийн уялдаа холбоог сайжруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чухал суурь болно. Үүнээс гадна, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шинэ хууль тогтоомжийг боловсруулах, олон нийтэд бодитой мэдээлэл хүргэх, оролцогч талуудын мэдээллийн урсгалыг сайжруулан ил тод байдлыг хангах замаар хөгжлийн үйл явцыг илүү үр дүнтэй болгоно.
Төслийн үр дүн, орон нутгийн хөгжлийн түвшинг хэвлэл мэдээллээр үнэн зөв хүргэх нь иргэдийн ойлголтыг нэмэгдүүлж, оролцоог дэмжинэ. Эцэст нь, хөгжлийн явцыг нэгтгэсэн цахим платформыг нэвтрүүлснээр иргэд, оролцогч талууд мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чадвартай болж, хууль эрх зүйн шинэчлэлд идэвхтэй оролцох боломжтой болох ба хиймэл оюун ухаан, Big Data зэрэг дэвшилтэт технологиудыг ашиглах замаар орон нутгийн хөгжлийн бодлого илүү үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэх юм байна.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны есдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн баруун хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 16-18 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 13-наас 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Цаг үе
ABU GENERAL ASSEMBLY 2025: ABU-гийн нэрэмжит “Шилдэг инженер-2025" шагналын эзэд тодорлоо
Техник технологийн хөгжил хиймэл оюун ухаанд чиглэж байгаа ч хүний оролцоогүйгээр төгс бүтээл хийх боломжгүй гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрч байна. Иймд Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооноос шилдэг инженер болон шилдэг инженерийн байгууллагуудыг шалгаруулж, шагнаж урамшуулдаг уламжлалтай.
Энэ жилийн “ABU-62" дугаар Ерөнхий Ассамблейн үеэр уламжлал ёсоор "Шилдэг инженер” шагналыг гардууллаа.
Цаг үе
Маргааш болох "Автомашингүй өдөр"-өөр 43 чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно
Бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. “Автомашингүй өдөр”-өөр 7:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, замуудыг хаана. Тодруулбал,
- Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
- Сөүлийн гудамж,
- Чоймболын гудамж,
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
- Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
- Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу,
- Бээжингийн гудамж,
- Залуучуудын гудамж,
- Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
- Чагдаржавын гудамж,
- С.Зоригийн гудамж,
- Элчингийн гудамж,
- Олимпийн гудамж,
- Гэндэнгийн гудамж,
- Д.Чойдогийн гудамж,
- С.Жамъяан гүний гудамж,
- Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудыг хаана.
Энэ өдөр нийтийн тээврийн дараах 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж буй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС




































