Цаг үе
Н.Пүрэвдорж: Метроны инженер зам тээвэр, төмөр зам, уул уурхайн салбарын алинд ч хөрвөн ажиллах боломжтой
Метроны хүний нөөцийг бэлтгэх хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, БНСУ-ын Халла их сургууль хооронд 2024 оны есдүгээр сард гурван талт санамж бичиг байгуулсан.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Механик инженер, тээврийн сургуульд энэ хичээлийн жилээс метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
Тодруулбал, метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл, метроны барилгын инженерчлэл, метроны удирдлага, хяналтын инженерчлэл, метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл гэсэн 4 чиглэлээр оюутнуудыг сургаж бэлтгэж байна.
ШУТИС-д элссэн оюутнууд эхний хоёр жилд метроны чиглэлийн ерөнхий эрдмийн хичээл болон солонгос, англи хэлийг судална. Харин гуравдугаар курсээс БНСУ-ын Халла их сургуульд мэргэжлийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах бөгөөд ингэснээр төгсөгчид метроны салбарын үндсэн мэдлэг, олон улсын стандартад нийцсэн чадвар, мэргэжлийн ур чадварыг нэг дор эзэмшин, ажлын байранд ажиллах боломжтой.

ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн захирал, доктор, профессор Н.Пүрэвдорж “Энэхүү 2+2 хөтөлбөрийн хүрээнд дөрвөн чиглэлээр оюутнуудыг сургана. Зөвхөн метроны инженерчлэл мэргэжлийг сонголоо гэхэд LRT хөнгөн галт тээвэр, цахилгаан тээвэр, зам тээвэр, дүүжин тээвэр зэрэг өргөн хүрээнд ажиллах боломж бүрдэнэ. Нийтийн тээвэр гэлтгүй уул уурхайн салбарт ч хөрвөн ажиллах боломжтой. Мөн оюутнууд метроны 2+2 хөтөлбөрийг сонирхож байвал эхний семистрийн төгсгөлд хүсэлтээ өгч суралцах боломж нээлттэй байгаа. Бид сургуульдаа дадлагын лаборатори анги танхим байгуулахад анхаарч, энэ онд метроны симулятор суурилуулахаар бэлтгэл хангаж байна” гэв.
Түүнчлэн манай улсад метро нь шинэ салбар болох тул ШУТИС-ийн метро инженерчлэлийн хөтөлбөрүүдэд багшлах хүний нөөцийг БНСУ-ын Халла их сургуульд 6 сарын хугацаатай онол, дадлага хослуулсан мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт дадлагажуулсан.
Багш нарын багийг ахлан Халла их сургуульд дадлагажсан Ахлах багш, доктор, дэд профессор Ж.Азжаргал “ШУТИС энэ салбарт ажиллах хүний нөөцөө дотооддоо бүрэн бэлтгэж, дэлхийн стандартад нийцсэн өндөр ур чадвартай инженер, техникийн ажилчдыг бэлтгэхийг зорьж байна. Бид Халла их сургуулийн Төмөр замын академид дадлага хийсэн. Сургалт өндөр үр дүнтэй байлаа. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд “Сөүлийн Тээврийн корпораци” компани болон Инчон, Воньжү хотын Төмөр замын корпорацид дадлага хийж туршлагажсан. Эдгээр корпораци нь галт тэрэгний жолоодлогын симуляторын лаборатори, цахилгаан тоног төхөөрөмжийн лаборатори, дохиолол холбооны лаборатори зэрэг нарийн мэргэжлийн бааз суурьтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бэлтгэж буй инженер, мэргэжилтнүүдээ тухайн лабораториудад нарийн чадавхжуулж сургаж байгаа нь бидний хувьд хамтран ажиллах том давуу тал хэмээн харж байна” гэв.

“Халла” групп нь БНСУ-д анхны метроны төслийг хэрэгжүүлж, дэд бүтэц, инженерийн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд тус группийн бааз суурийг түшиглэн монгол оюутнууд чадавхжих бүрэн бололцоотой болж байна. Метроны мэргэжлээр элсэгчид эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, ирээдүйд эрэлттэй мэргэжлийг сонгож буйдаа итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Зөвхөн метро гэлтгүй, төмөр зам, зам тээврийн салбарт ч хөрвөн ажиллах боломжтой гэдгийг харгалзан энэ мэргэжлийг сонгосон гэдгээ оюутнууд онцолж байлаа.
Цаг үе
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Прокурорын байгууллагаас 2025 он, 2026 оны I улирлын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” нийт 2,144 хэрэгт хяналт тавьжээ.
Орон нутагт хамгийн ихээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэн гарч байгаа аймгуудын хувьд Хэнтий аймагт 326, Дорнод аймагт 189, Архангай аймагт 193, Сүхбаатар аймагт 163 бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт 65, Баянзүрх дүүрэгт 47, Хан-Уул дүүрэгт 43, Налайх, Багахангай дүүрэгт 13 бүртгэгдсэн нь хамгийн их байна.
Прокуророос мал хулгайлах гэмт хэрэгт 551 хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас насны хувьд 18 хүртэл насны 6, 18-30 насны 183, 31-44 насны 261, 45-аас дээш насны 101 хүн, хүйсийн хувьд эрэгтэй 538, эмэгтэй 13 хүн байгаа бол, ажил эрхэлдэг 66, эрхэлсэн ажилгүй 485 хүн байна.
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 393 хүнд холбогдох 246 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээс 239 хэрэгт 333 шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулжээ. Тодруулбал, 262 шүүгдэгчид 1-12 жил хүртэл хугацаагаар хорих ял, 29 шүүгдэгчид 6 сараас 4 жил, 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 42 шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, хянан харгалзжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 349,2 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 55,6 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, нийт 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа тул малчид та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд малаа байнгын хариулгатай байлгах, тэмдэгжүүлэх, хотны зохион байгуулалтыг сайжруулах, хөршийн холбоог ашиглан малаа хамтран хамгаалах, сэжигтэй үйлдэл илэрвэл цагдаагийн байгууллагад мэдээлэх нь чухал болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.

Цаг үе
Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
Авлигатай тэмцэх газар-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны нэгдүгээр улиралд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн 398 гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явуулжээ.
Шалгалтаар 59 тохиолдолд зөрчил тогтоогдож, хууль зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулсан байна. Мөн зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 45 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлжээ. Түүнчлэн авлигын гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлсэн байна.
Тухайлбал, Зээлийн батлан даалтын сантай холбоотой шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нэгэн компанид батлан даалт гаргахдаа хууль зөрчсөн, мөн хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нөхцөл тогтоогдсон тул холбогдох албан тушаалтнуудад ажлаас чөлөөлөх, албан тушаал бууруулах, цалингийн хэмжээг багасгах зэрэг сахилгын шийтгэл ногдуулжээ.
Мөн “Цемент шохой” ХХК-д хийсэн шалгалтаар санхүүгийн зөрчил болон хуурамч боловсролын баримт бичиг ашигласан нөхцөл илэрч, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор албан тушаалын сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу явуулах талаар Эрдэнэс Монгол-д мэдэгдэл хүргүүлжээ.
Мөн нас барсан иргэний тэтгэврийг үргэлжлүүлэн олгосон зөрчил илэрсэн байна. Шалгалтаар улсын бүртгэл болон нийгмийн даатгалын байгууллагын мэдээллийн солилцоо хангалтгүй, холбогдох зохицуулалт дутмаг байснаас ийм нөхцөл үүссэн гэж үзжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газар-ын 2023-2025 оны шалгалтын дүнг нягтлахад нийт 721 иргэнд нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүй олгогдсон байна. Үүнээс 1.8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоож, 1.1 тэрбум төгрөгийг бүрэн болон хэсэгчлэн барагдуулжээ. Одоогоор 758.9 сая төгрөгийг нөхөн төлөх хариуцагчийг тодруулахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Цаг үе
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгээс өнгөрсөн онд скүүтер, мопедын замбараагүй хэрэглээнээс үүдсэн осол эндэгдлийг бууруулах хүрээнд шат дараатай ажлуудыг хийж байна. Скүүтер, мопедыг явган хүний замаар явуулахгүй байх, авто замын баруун талын хөвөөгөөр явуулах шийдвэр гарсан билээ. Тэгвэл өнөөдрийн хурлаар хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг холбогдох албаныхан хэлэлцлээ.
Улмаар Бага тойруу дотор 86 байршилд нийт 186 албан хаагч хяналт тавихаар боллоо. Ингэхдээ нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалтаар хяналт тавих бөгөөд олон нийтийн цагдаа нарыг өнөөдөр тусгайлан сургалтад хамруулах байна.
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Скүүтер, мопедыг явган хүний замаас буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлье. Эхний ээлжинд Бага тойруу дотор явган хүний замаар явуулахгүй байхад хяналт тавих шаардлагатай байна. Өнгөрсөн намраас л хавар 16 нас хүрээгүй тохиолдолд скүүтер, мопед унах боломжгүй байх тохиргоог хийхийг аж ахуй нэгжүүдэд уриалсан, анхааруулсан. Гэтэл одоо ч зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Азаар хүүхэд өөрөө бэртэж гэмтээгүй байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй. Хаа хаанаа анхаарч хамтарч ажилламаар байна” гэв.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр боллоо.
Тодруулбал:
-Бага тойруу дотор явган хүний зам дээр дугуйн тэмдэглэгээ байхгүй тохиолдолд скүүтер, мопедтой зорчихгүйгээр авто замаар зорчих. Жолооч нар баруун хөвөөгөө чөлөөлж өгөх. Хөвөөгүй тохиолдолд баруун талаар зорчих боломжийг олгож бусдад хүндэтгэлтэй хандах.
-Дугуйн тэмдэглэгээтэй замаар явж байгаа тохиолдолд явган зорчигч зам тавьж өгөх. Дугуйн тэмдэглэгээтэй замаар явган хүн зорчихгүй байх
-Эхний ээлжинд Бага тойруу доторх 86 байршилд 185 алба хаагч хяналт тавьж ажиллах
-Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замаар скүүтер, мопед зорчих тэмдэг, тэмдэглэгээг байршуулах
-Скүүтер, мопедын зогсоолыг нэмэгдүүлэх. Аж ахуй нэгжүүд тодорхой зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол гаргах.
-Шат дараатай ажлуудыг хийж скүүтер, мопедыг явган хүний замаас бүрэн гаргаж авто зам руу оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар үүрэг өглөө.
Иймд иргэд болон жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
