Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ

Огноо:

,

Прокурорын байгууллага 2025 оны есдүгээр сарын 1-5-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,023 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,305 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 880 хэрэг шинээр нээж, 211 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 76, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 75, Өмчлөх эрхийн эсрэг 37, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Авлигын гэмт хэрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Нийтийн албан тушаалтнаар ажилласан байсан Я.Б нь төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн акт гаргаж албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий компанийн барьж ашиглалтад оруулсан орон сууцыг хямд үнээр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулан үргэлжилсэн үйлдлээр нийт 223.9 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, түүнд хахууль өгсөн Э.Г-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан М.П нь Б.Х-тэй үгсэн хуйвалдаж нэр бүхий иргэдийн иргэний үнэмлэхийн лавлагааг ашиглан тэдний нэр дээрх газрыг худалдан авч буй мэтээр хуурамч худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар өөрсдөдөө давуу байдал бий болгож, улсад 32.4 сая төгрөгийн хохирол учруулсан, Г.Г-тэй үгсэн хуйвалдаж иргэдийн гадаад пасспортыг өөрийн биеэр ирж захиалга өгөөгүй байхад шинээр гаргаж өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Д.Т, З.Б нар нь “яаралтай дархлаажуулалт” нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын “Хестер биосайнсес лимитед” компанитай гэрээ байгуулж 2018-2020 оныг хүртэл хугацаанд нийт 3 тэрбум 927 сая төгрөг шилжүүлж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, улмаар 291 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан болон мөнгөний эх үүсвэрийг хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, З.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож өөртөө  2 тэрбум 78 сая төгрөгийн давуу байдал бий болгож, гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,   

- Нэр бүхий компани нь үргэлжилсэн үйлдлээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” жагсаалтад багтсан фосфорын хүчил гэх химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олж авч хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд,

- НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, тээврийн хэрэгсэлд хадгалсан Ч.Х, Б.М нарт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Иргэн Б.М нар нь НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн М.Ж нь “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа

Огноо:

,

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин шахмал түлш тээвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар гүйцэтгэлийн шаардлага хангаагүй ААН-үүдэд сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж хар жагсаалтад орууллаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Түлшний түгээлтэд асуудал гарч байна. Сарын хугацаанд тээвэрлэгч компаниудын ажил тогтворжино гэж хүлээсэн. Гэвч энэ долоо хоногийн эхээр түлшний цэгүүд түлшгүй боллоо. Нийслэлд 26 ААН түлш тээвэрлэлт хийж буй. Тээвэрлэлтийн мэдээллүүдийг байнга хянаж байна. Энэ 26 ААН-ээс 10 нь шаардлага хангахгүй байна. Иймээс наймд нь сүүлийн удаа сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж байна. Тодруулбал, “Ю Би Холболт” ХХК есдүгээр сарын 15-аас хойш 770 тонн түлш тээвэрлэх ёстой байсан ч 140 тонныг л тээвэрлэсэн байна. Энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт. Мөн “Баянбүрд инвест” ХХК 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хоёр компанийн гэрээг цуцалж, хар жагсаалтад оруулж байна. Зургаан компани гүйцэтгэлээ давуулан биелүүлжээ. Жишээ нь, “Ихэр Алмаз” ХХК 635 тонныг квотоосоо илүү гүйцэтгээд явж байна. Ийм компаниуд ажил хийхгүй компанийнхаа ажлыг хийж байна. Нийслэлийн 176 мянган айл өрхийн өмнө бид бүгд хариуцлага хүлээж байгаа гэдгээ санах ёстой. Сүүлийн удаа сануулга өгсөн компаниуд гурав хоногийн дотор тээвэрлэлтийг жигдэлж, гүйцэтгэлийг хангаж ажиллах ёстой. Энд байгаа компаниуд анхны жилдээ нүүрс тээвэрлээгүй. ААН-үүд тендер зарлахад "Болно, чадна, боловсон хүчинтэй, машин техник төхөөрөмжтэй" гэж орж ирсэн. Түлш тээврийн ажлыг том компаниудад өгөлгүйгээр жижиг компаниудын үйл ажиллагааг дэмжихийн тулд, нэг ч гэсэн компанийг, нэг ч гэсэн жолоочийг ажилтай байлгах үүднээс хүчин чадалд нь тааруулаад жижиглэж хуваасан. Нийслэлд ажиллах хүч, техник хэрэгсэл байгаа тул гэрээг нь цуцалж байгаа хоёр компанийн ажлыг гүйцэтгэх болно. Гүйцэтгэл хангаж буй компанийн тээвэрлэсэн түлшний тонн тутамд 7000 төгрөгийн нэмэгдэл өгнө. Тиймээс гүйцэтгэлээ хангаж ажилла” гэлээ.

Мөн уулзалтаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин түлш тээврийн автомашинуудыг нэгдүгээр эгнээгээр зорчих эрхийг нээж өгнө гэдгийг онцоллоо. Тэрээр автомашинуудын мэдээллийг бүрдүүлэн Нэгдсэн удирдлагын төвд өгөхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ

Огноо:

,

Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсэг, Эрчим хүчний гудамжны уулзварыг 2025 оны аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас 2025 оны аравдугаар сарын 25-ны 23:00 цагийн хооронд хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Гермес” төвийн нүхэн гарцыг барихдаа их бие буюу туннелийг түлхэж оруулах технологиор гүйцэтгэж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замтай огтлолцохгүйгээр шийдэх хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барьж байгуулахаар төлөвлөн, барилга угсралтын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.

"Гермес" төвийн урд байрлах гуравдугаар нүхэн гарц нь Нарны замыг Дундгол /Тээвэрчдийн гудамж/-ын автозамтай холбох бөгөөд нүхэн гарцын их биеийн цэвэр хэмжээ нь 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байх юм.

Гуравдугаар нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийхдээ их бие буюу туннелийг домкрат ашиглан түлхэж оруулах технологиор барьж байна. Өөрөөр хэлбэл, урьдчилж цутгасан туннелийн тооцоологдсон ачаалал нь 3,200 тонн жинтэй бөгөөд 500 тоннын даацтай 8 ш домкрат, 76 литрийн тосны насос бүхий хоёр иж бүрдэл ашиглан түлхэж байгаа юм. Ингэхдээ ажлын суурийг C25 маркийн төмөр бетоноор цутгаж, 4 м-ийн өргөнтэй гулсах тавцан ашиглан гүйцэтгэж буй аж. Туннелийг нийт 46,8 орчим метр түлхэхээс өнөөдрийн байдлаар 28 метр түлхсэн бөгөөд уг технологийг Монголд анх удаа Нүхэн гарцын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа юм. Уг төслийг 2026 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд үр дүнд нь тухайн орчмын авто замын түгжрэл 10 гаруй хувиар буурах тооцоолол гарчээ.

Нүхэн гарцын төслийг Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, Нарны зам, Их хүрээний гудамж гэсэн байршилд хэрэгжүүлж буй билээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох