Улстөр нийгэм
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа. Энэхүү хариуцлагын гэрээ нь 4 зүйл, 22 заалттай бөгөөд Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж, гэрээний биелэлтийг жил бүр 12 дугаар сарын 31-ний дотор багтаан дүгнэж байх юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хуульд “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Үндсэн хуулийн энэхүү зарчмыг Монгол Улсын иргэн хэн бүхэн чанд мөрдөх ёстой бөгөөд миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хүн төвтэй хөгжил, ёс зүйт төр, “Нэг бодлого-нийтийн зүтгэл” уриаг төр, түмний төлөөх их үйл хэрэгт үндсэн чиг шугамаа болгож, эв нэгдэл, итгэлцэл дээр суурилан ажиллахын тулд Засгийн газрын гишүүдтэйгээ хариуцлагын гэрээ байгуулж байна. Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгуулж ажиллах зарчим олон улсад төдийгүй, манай улсад ч жишиг болсон бөгөөд энэ нь хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх, шударга ёсыг тогтоох, иргэддээ тэгш боломж олгох, хууль дээдлэх, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн сахих үлгэрлэл болно” гэв.

Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн буюу төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Ерөнхий сайдын бодлого, шийдвэрийн эсрэг үйлдэл гаргасан болон танхимын зарчим баримталж ажиллагаагүй тохиолдолд сахилгын шийтгэл хүлээлгэх, эсхүл Засгийн газрын гишүүнээс огцруулах хариуцлагын арга хэмжээг авах болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Улстөр нийгэм
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг ЗТЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хэлэлцэнэ
Хотын зүүн болон баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр Нэгдүгээр тойрог зам, Туулын хурдны замтай холбох Хоёрдугаар тойрог зам төслийн эдийн засгийн шинжилгээ, төсөв хийгдэж байна. Түүнчлэн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр оруулахаар ажиллаж байна.

Төслийн нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж, Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын замын дагуу яваад Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөж байна.
Хоёрдугаар тойрог авто замын төслийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн бүс нутагт амьдарч буй 600 гаруй иргэдийн зорчилт хөдөлгөөний судалгааг хийсэн. Тус судалгаагаар төсөл хэрэгжсэнээр хотын төвийн урсгалын ачааллыг бууруулж, хурдыг нэмэгдүүлэх тооцоо гараад байна. Тухайлбал, хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар, зорчилтын хугацаа 30 хувиар багасах төдийгүй Цагдаагийн академийн өргөн чөлөө, Шархад, Ботаникийн замуудын ачаалал хоногт 5000 машинаар буурна.
Хоёрдугаар тойрог зам нь хотын төвд чиглэсэн хөдөлгөөнийг гадагш шилжүүлснээр тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хотын захын дүүрэгт оршин сууж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Улстөр нийгэм
Х.Ганхуяг: Бид хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй
УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг “Төсвийн хэлэлцүүлгүүд үргэлжилж байгаа. Гишүүдийн зүгээс нийт 115 зарчмын зөрүүтэй санал гаргаснаас 76 нь дэмжигдэж, 39 санал дэмжигдээгүй байна. Үүнээс урсгал зардалтай холбоотой 32 санал, Нийгмийн даатгалын сантай холбоотой 4 санал, НҮБ-ийн хуралтай холбоотой 5 санал гаргасан.
Эдгээр саналыг тоймлоод үзвэл багш, эмч нарын цалинг нэмэх. Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 2 хувиар нэмэх, тэтгэврийг 10 хувиар нэмэх зэрэг саналууд яригдсан. Монгол Улсын төсвийн зарлага 32.9 их наяд төгрөг байгаа. Үүнээс 8.8 их наяд нь хөрөнгө оруулалтын төсөв. Энэ дотор 1.1 их наяд төгрөг
Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан нийлээд 8.8 их наяд төгрөг. Энэ бол яагаад ч оролдож болохгүй мөнгө. Үүнээс гадна бид яаж ч ядарсан оролдож болохгүй мөнгө бол төрийн албан хаагчдын цалин болох 7.2 их наяд, хүүхдийн мөнгө 1.6 их наяд төгрөг бий. Өнөөдөр хэвлэлээр зарим нэг буруу ойлголт явсан байсан. Бид хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй. Үүнийг баттай хэлье. Ингээд цаана нь 7.2 их наяд төгрөг үлдэж байгаа. Энэ дотроос оролдож болохгүй мөнгө нь гадаадын зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийн зардал. Энэ нь 1.4 их наяд төгрөг юм.
Мөн энэ удаад оролдохгүй байхаар шийдсэн зардал бол гамшиг, осол, онцгой байдалтай холбоотой зардал болох 260 тэрбум төгрөг. Энэ бүхнийг тооцоод үзэхээр төрийн бүх үйлчилгээг 5.5 их наяд төгрөгт явуулах шаардлага үүсэж байна. Энэ 5.5 их наяд төгрөгийн 10 хувийн зарлагыг шилжүүлнэ. Багш нарын цалинг 20+10 буюу он гараад 20 хувь, долдугаар сард 10 хувиар нэмэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 10-15 хувь, тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэх боломжтой болох юм.
Энэ зардлыг шийдэхийн тулд бидэнд 1.3 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Энэ хувилбарыг өнөөдөр бүлэгт танилцууллаа. Маргаашаас төсвийн ажлын хэсэг ажиллаж эхэлнэ. Багш, эмч нарыг салбар яамтайгаа яаралтай хэлэлцээрт орох шаардлага болон хүсэлт гаргаж байна. УИХ өөрөөсөө эхэлж танана. УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээн авах зардлыг танаж байгаа." гэв.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан.
Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар 08 дугаар шийдвэр гаргасан байх тул 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолд хориг тавих тухай Е/11 дугаар хоригийг татан авч байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга мэдээллээ.
-
Улстөр нийгэм2022/08/09
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ
-
Шударга мэдээ2021/09/28
Ж.Отгонболд: Гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирн...
-
Улстөр нийгэм2020/06/27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа...
-
Цаг үе2023/09/12
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
