Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэллээ.

Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүсэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэлээ.

Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.

Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.

Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.

Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.

Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.

Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ

Огноо:

,

Манай улсад лаг шатаах үйлдвэр байхгүй. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийг боловсруулж, хатааж, шатаах технологиор устгаж, эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөлд тусгасан. Үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулсан.

Барилга угсралтын тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байгаа юм. Уг үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40 мянган ам.метр талбайд барина. Үйлдвэр олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй технологийг ашиглан хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай. Харин жилд 843.200 метр.куб лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүх юм.

Үйлдвэрийн ач холбогдол:

  • Төв цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулж устгана.
  • Нийслэлийн хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулна.
  • Үнэрийн голомтыг арилгана.
  • Эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Ажлын байр нэмэгдэнэ.
  • Хаягдлыг дахин ашиглах боломж бүрдэнэ.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна

Огноо:

,

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна. 

Өнөөдрийн байдлаар нийслэлд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг. Тодруулбал, хяналтын 20 оператор дөрвөн ээлжээр ажиллаж, ППМ100 болон түүнээс дээш заасан айл өрхүүдтэй бүртгэлтэй утасны дугаараар нь холбогдож, шаардлагатай тохиолдолд шуурхай баг явуулж, шалтгаан нөхцөлийг нь тодруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Мөн шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээний хэлтсийнхэн айл өрхүүдэд ажилладаг.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд нийслэлд ажиллаж байгаа бүх угаарын хий мэдрэгчийн дохиолол ирэх бөгөөд дараах түвшинд ангилан харуулдаг. 

  • Онц аюултай
  • Аюултай
  • Их бохирдолтой
  • Дунд зэргийн
  • Бага бохирдолтой 
  • Хэвийн

Галлагааны улирал эхэлснээс хойш тус төвийнхөн дэлгэцээр 15.525 дуудлага хүлээн авч, 31.050 хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлжээ. Ингэхдээ  860 удаа гэрээт хяналтын ажилтныг угаарын дуудлагын дагуу холбогдож чадаагүй айл өрхүүд рүү явуулж, шаардлагатай арга хэмжээг авсан байна. Нийслэлийн долоон дүүрэгт 500 гэрээт хяналтын ажилтан албан хаагчид бий.

Тэд хяналтын төвөөс ирсэн угаарын түвшин өссөн тухай дуудлага мэдээллийн дагуу тухайн айлд хамгийн түрүүнд очиж анхны нөхцөл байдалтай танилцан, агаар сэлгэлт хийж, иргэдийг гарган, зөвлөгөө сэрэмжлүүлэг хүргэж 24 цагийн бэлэн байдалд ажилладаг. Гэрээт ажилтнууд угаарын хордлогын байдал хүндэрсэн, тусламж авах шаардлагатай иргэдийн тухай дуудлагыг эмнэлгийн байгууллагад өгч, шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй.

Угаар хийн хордлого илэрсэн айл өрхүүдийн нөхцөл байдал:

  • Түлшний шаталт бүрэн дуусаагүй үед яндангаа авч өрхөө бүтээсэн
  • Угаар мэдрэгч төхөөрөмжийг унтраасан, эвдсэн
  • Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдал алдагдсан
  • Яндан хөөлөөгүй гэх мэт шалтгаан нөхцөлийн улмаас угаарын хийн хордлого үүсэж байна
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох