Цаг үе
Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах тав дахь удаагийн дурангийн мэс заслаа амжилттай хийлээ.
Тус төвийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон, БНСУ-ын “Самсунг медикал” төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн профессор Ким Жон Ман тэргүүтэй багийн гишүүд Ерөнхийлөгийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр болон холбогдох зөвлөхүүд, газрын дарга нарт мэс заслын үр дүнгээ танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дэмжлэгийн дүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.
Энэ нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хөгжих, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нутагших, хүмүүсээ сургаж бэлтгэх зэрэгт томоохон дэмжлэг болсныг эмч нар ярилаа.
Мөн төвийг богино хугацаанд ашиглалтад оруулах, өвчтөн, донорын аюулгүй байдлыг хангах, мэс заслын үр дүнг сайжруулах, эрхтэн шилжүүлэх мэс заслын хүлээгдлийг багасгах, гадаад руу зорих иргэдийн урсгалыг бууруулах, эх орондоо дэлхийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тууштай дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч болон Тамгын газрын хамт олонд талархал илэрхийллээ.
Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос бэлтгэлээ хангаж, өнгөрсөн гуравдугаар сард анхны мэс заслаа хийсэн бөгөөд элэг шилжүүлэн суулгуулсан таван хүн, доноруудын биеийн байдал сайн, эмнэлгээс гарч хяналтад байна.
Төв байгуулахын төлөө хамтран хичээн зүтгэсэн болон элэг шилжүүлэн суулгах тав дахь мэс заслаа амжилттай хийж эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг аварсан эмч нарын баг, хамт олонд Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Энэ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжих, иргэд хоорондын нөхөрлөл бэхжихэд оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг тэмдэглэлээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аливаа дэвшилтэт санал, санаачилга, тэр дундаа эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгийг хэллээ.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв ирэх оноос элэгнээс гадна бөөр, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах, робот мэс засал нэвтрүүлэх, 2028 он гэхэд 50 мэс засал хийж, улмаар амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Улстөр нийгэм2026/01/26
Цөлжилттэй тэмцэх инновацын шийдлүүдийг Монгол Улсад нутагшуулах боломжийг хэлэл...
-
Улстөр нийгэм2026/05/14
2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа
-
Цаг үе2020/07/06
АНУ-ын Дээд шүүх Макаогийн тэрбумтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов
-
Цаг үе2019/07/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй



