Шударга мэдээ
ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны есдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд Зүрх судасны үндэсний төвийг байгуулахаар тусгасан. Энэ хүрээнд Засгийн газар Зүрх судасны үндэсний төв байгуулах төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт улсаас олгох 22.5 сая евро буюу 26.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн хэлэлцээр хийхээр болсон байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санал болгож буй зээлийн хөрөнгө нь баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү (SOFR) дээр 1.6 хувийн нэмэгдэлтэй, 4 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 18 жилийн хугацаатай гэлээ.
Төслийн хүрээнд 120 ортой тусгай зориулалтын зүрх судасны эмнэлгийн барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах бөгөөд төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл нас баралтын хэмжээг бууруулах ач холбогдолтой хэмээн сайд танилцууллаа.
Зээлийн хэлэлцээрийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, М.Бадамсүрэн, Б.Тулга, Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Г.Очирбат, Б.Заяабал, П.Батчимэг, Р.Сэддорж нар асуулт асууж салбарын сайд болон ажлын хэсгийг гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Тухайлбал, Монголын талаас хөрөнгө оруулалт хийх эсэхийг тодруулсан асуултад Ж.Чинбүрэн сайд хариулахдаа “Монголын талаас хөрөнгө оруулалт хийхгүй. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 15646 м2 талбайтай, 8 давхар 119 ортой эмнэлэг байгуулна. 80 энгийн ор, эмчилгээний 16 ор, эрчимт эмчилгээний 8 ор, мэс заслын 8 өрөөтэй байх ба зөвхөн шигдээс, харвалтыг эмчлэхээс гадна зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хийх боломжтой гэж төлөвлөж байна. Нийт санхүүжилтийн 52 орчим хувь нь барилгын хөрөнгө оруулалт байх бол үлдсэн нь тоног төхөөрөмжид зарцуулгадах тооцоотой байгаа” гэв. Эмч нарыг чадавхжуулах чиглэлд төслийн хөрөнгө оруулалтаас төсөвлөгдөх эсэхийг тодруулахад Улсын III төв эмнэлгийн зүрх судасны салбар бол 24 жилийн турш Люксембургийн Их Гүнт улстай хамтран ажиллаж хүний нөөцийн бэлтгэл ажлыг хангалттай гүйцэтгэсэн гэдэг хариултыг сайд өгсөн. Үүний зэрэгцээ 21 аймаг, дүүргүүдтэй цахимаар хамтран ажиллах систем бий болгосноор ачааллтыг 56 хувиар бууруулаад байгаагаа хэлсэн. Төслийн санхүүжилтийн тодорхой хувийг хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр зарцуулах юм байна. Барилгын төсөвт өртөг нэмэгдэх эсэх, эхлэх, дуусах хугацааг тодруулахад “2026 онд эхлээд 2032 онд ашилалтад оруулахаар төлөвлөсөн. ТЭЗҮ болон зураг төслийг өндөр нарийвчлалтай хийсэн учраас төсөвт өртөгт их өөрчлөлт орохгүй гэж тооцож байна. 66 метр өргөн, 23.5 метр өндөртэй барилга Улсын III төв эмнэлгийн хашаан дотор баригдана, менежментийн хувь нэг удирдлагатай байна” гэж хариулсан.
Түүнчлэн гишүүд зээлийн хэлэлцээртэй холбоотой санхүүгийн зардлуудыг нарийвчлалтай, тодорхой тооцоололтойгоор танилцуулахыг Сангийн яамнаас шаардахыг зэрэгцээ зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй холбоотой тооцооллыг мэдээллийг тодруулж байсан. Эмнэлгийг Улсын III төв эмнэлгийн хашаан дотор барих нь нягтрал өндөртэй орчинд дахин нягтрал үүсгэх талаар тооцсон эсэхийг, тус төвд ажиллах мэргэжилтэн, хүний нөөцийн асуудлыг давхар тооцох саналуудыг гаргаж, гадаадын зээл, тусламжийн ашиглалтыг эрчимжүүлж, үр өгөөжтэй байлгах чиглэлд холбогдох талууд анхаарал хандуулж ажиллахыг гишүүд сануулж байв.
Ийнхүү гишүүд Зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт аван, холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
