Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо

Огноо:

,

“Говь” ХК нь 2025.09.08-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болох шийдвэр гаргасантай холбогдуулж Санхүүгийн зохицуулах хорооноос газар дээрх хяналт шалгалтыг хийж, дараах зөрчлийг илрүүллээ.

 2019 оны 5 дугаар сард “Говь” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн холбогдох шийдвэрүүдээр “Гоёо” ХХК-ийн хувьцааг “Таван Богд холдингс” ХХК-аас 15.0 сая ам.доллараар худалдан авах, мөн оны 7, 8 дугаар сард “Гоёо” ХХК-ийн 101.5 тэрбум төгрөгийн зээлийг “Говь” ХК-д шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу "Говь" ХК нь 2019-2024 оны хооронд хувьцааны төлбөрт 17.7 сая ам.доллар, зээлийн төлбөрт 106.6 тэрбум төгрөг буюу нийт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг холбогдох банк, санхүүгийн байгууллагууд болон нэр бүхий компанид төлж барагдуулсан байна.

Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа “Гоёо” ХХК-ийн санхүү, үйл ажиллагаа, өр төлбөр, хөрөнгийн талаарх судалгаа тооцоололгүй, эд хөрөнгийн эрхийн буюу хувьцааны зах зээлийн үнийг тогтоолгүй, хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтгүйгээр хувьцааг худалдан авах сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн ба "Гоёо" ХХК-ийг нэгтгэх шийдвэрийг гаргаагүй боловч охин компанийн зээлийг хариуцах, шилжүүлэн авах эрх зүйн болон бодит үндэслэлгүйгээр өрийг шилжүүлэн авч төлсөн нь хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн эдгээр үйлдлээс шалтгаалан компанийн өр төлбөр, санхүүжилтийн зардал нэмэгдэн сүүлийн 6 жилийн хугацаанд ашиггүй ажиллаж, ногдол ашиг олгох боломжгүй нөхцөл үүсч жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзлээ.

Монголын хөрөнгийн бирж дээр “Говь” ХК-ийн 2025.10.24-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээ 178.2 тэрбум төгрөг байгаа бол тус компанийн 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаар 388.7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.

Өр төлбөрийн хүрээнд 2019 оноос хойш ноос, ноолуурын түүхий эд бэлтгэх, тэдгээртэй холбоотой бусад эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр нийт 228.3 тэрбум төгрөгийн зээл авснаас 31.8 хувь буюу 72.7 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан бол бусад зээлийн төлбөрийн зарцуулалт тодорхойгүй байна.

Иймд хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, компанид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дахин хийлгүүлэх зэрэг үүрэг даалгаврыг “Говь” ХК-д хүргүүллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах шаардлагын дагуу эдгээр асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд буюу “Говь” ХК-ийн 10.3 хувийн хувьцааг эзэмшиж буй 25,000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хамгаалагдах хүртэл тус компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг зогсоолоо.

 Жич: “Говь” ХК нь нээлттэй хувьцаат компанийн хувьд үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх үүрэгтэй.

“Говь” ХК-ийн хувьцааны арилжаа хөрөнгийн бирж дээр хэвийн үргэлжилж байгаа болно.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох