Цаг үе
“Та Докду арлын талаар сонсож байсан уу?”
Солонгос улсад Аялал зуучлалын докторантад сурдаг миний бие харийн улсыг зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд Өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрөөж, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна.
Тиймээс эрдэм шинжилгээний хурал, гадуур зохиогдож байгаа үйл ажиллагаануудад чадахаараа идэвхтэй оролцож илүү суралцаж, мэдлэгээ тэлэхийг зорьдог. Энэ удаа “Дэлхийн Докдугийн сурвалжлагч” хөтөлбөрөөр олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн Солонгосын үзэсгэлэнт арал болох Докду аралтай танилцан, түүх соёлыг судлах ховор боломж надад тохиосон юм. Тус хөтөлбөрийн гол зорилго нь Докду арлын үнэ цэнийг дэлхий нийтэд таниулах явдал билээ.

2025 оны арваннэгдүгээр сард би Уллындо(Ulleungdo) арлаар дамжин усан онгоцоор Докду арал руу аялсан юм. Багаасаа аялалд дуртай байсан болоод ч тэрүү сүүлийн жилүүдэд Олон улс уруу аялсан түүх бүтээж чадсан нь миний докторт суралцах үйл явц болон судалгаа хийхэд ч гэсэн том нөлөөллийг үзүүлж байгаа гэж хардаг. Энэ удаагийн аялал маань усан онгоцны аялал байсан тул урьдны бүх аяллаас илүү догдлом, хүлээлттэй, сэтгэл хөдөлгөм байлаа.
Докду арал нь Солонгос улсаас 217 км, Япон улсаас 220 км зайд, Зүүн тэнгисийн хамгийн зүүн хэсэгт байрладаг. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн хоёр том хадархаг арал, хэд хэдэн шүрэн хаднаас бүрдэх бөгөөд олон төрлийн далайн амьтан, ховор шувуудын өлгий нутаг, далайн экосистемийн судалгаанд онцгой ач холбогдолтой газар юм.
Сүүлийн үед Солонгос, Японы хооронд газар нутгийн маргаан хэвлэл мэдээллээр их гарах болсон бөгөөд энэхүү газар нутгийн маргааны төв болсон сэдэв бол Докду арлын газрын маргаан зүй ёсоор ордог. Докду арал бол өглөөний нарыг хамгийн түрүүнд үзэж болох байгалийн үзэсгэлэнгээрээ гайхагдахын зэрэгцээ газрын гүндээ асар их байгалийн баялагтай гэгддэг хосгүй үзэсгэлэнт байгалийн бүтэцийг харуулсан арал юм.

Япон улс Докдуг өөрийн газар нутаг гэж үздэг бол Солонгосын Засгийн газар Докду нь эртнээс Солонгосчуудын эзэмшил нутаг гэдгийг баталгаажуулах, дэлгэрүүлэхэд анхаарч байна. Түүхэн баримтуудаар ч Солонгосчууд энэхүү аралд эртнээс суурьшиж ирсэн нь нотлогддог бөгөөд өнөөдөр ч тус арал дээр Солонгос иргэд амьдарч, хамгаалж байдаг. Докду бол Солонгосын ард түмний хувьд дайны үеийн хүнд цаг үеийг санагдуулдаг, гашуун дурсамж тээсэн ариун газар юм.
Солонгосчууд Докдуг зорихдоо ихэвчлэн нулимстайгаар дурсгалын зураг даруулж, газар нутгийн үнэ цэн, бахархлаа илэрхийлдэг. Мөн үе үеийн уран бүтээлчид Докдугийн тухай олон дуу, шүлэг, өгүүлэл туурвисан байдаг. Солонгост ирсний дараа би ‘Докду бол манай газар’ хэмээн дуулж буй бага ангийн хүүхдүүдийг хараад энэ арал ямар утга учир, түүхэн үнэ цэн агуулж байгаа болоод хүүхдүүд хүртэл ингэж дуулдаг билээ гэж ихэд сонирхон интернетээс хайж байсан үе саяхан. Хайлт хийсний дараа ийм их үнэ цэнээр олдсон учир түүнийгээ алдахгүйн тулд хойч үедээ хүртэл өвлүүлэхийн төлөө хичээж байгаа сэтгэлийг нь ойлгосон.
Арал дээр хөл тавьсан мөчид миний сэтгэлд гүн сэтгэгдэл төрсөн. Догдлол, сониуч зан зэрэгцэн хөдөлж, аралд очсон тэр мөчид энэ бүхэн улам хүчтэй мэдрэгдсэн юм. Үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнт энэ арал хязгаар үгүй далайн дунд орших нэгэн гайхамшиг байлаа. Ийм үзэсгэлэнтэй газар тул өөр улс орнууд ч анхаарлаа хандуулж, шунан дурлах нь аргагүй мэт санагдсан. Байгалийн гоо үзэсгэлэнг бишрэхийн зэрэгцээ аяллын хөтөлбөрийн үеэр танилцсан түүхэн баримт, соёлын өв, арлын тухай өгүүлэмжүүд нь энэ газар бол зүгээр нэг арал бус Солонгосын ард түмний түүх, өв соёлын амьд гэрч гэдгийг улам тод харуулсан. Энэ бүхнийг биеэр мэдэрсний дараа би энэхүү гайхамшигт арлыг дэлхий дахинд таниулж, түүний үнэ цэнийг олон нийтэд хүргэх хүсэл тэмүүллээр дүүрсэн юм.
Мэргэжлийн үүднээс харахад, Докдугийн байгалийн болон газарзүйн онцлог нь эко аялал жуулчлалын нөөц болох боломжийг тодорхой харуулдаг. Байгальд хор хөнөөл учруулахгүйгээр хүмүүст танин мэдэх, суралцах боломж олгох тогтвортой аялал жуулчлалын жишиг загвар болж хөгжих бүрэн потенциалтай. Ийм байгалийн өвийг дайн, маргааны төв болгож биш, харин энх тайвны бэлгэдэл болгон хамгаалах нь хүн төрөлхтний үүрэг гэж бодож байна.
Энэхүү хөтөлбөрт оролцсоноор би Докду арлын үнэ цэнэ, нийгмийн эв нэгдлийн чухлыг гүнзгий ойлгосон. Цаашид өөрийн эх орондоо ч байгалийн болон түүхийн үнэ цэнтэй газруудаа хамгаалж, танин мэдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Мөн "Дэлхийд Докдуг таниулах сурвалжлагч" хүний хувьд миний мэдэрсэн бас нэг чухал зүйл бол Докду нь Өмнөд Солонгос, Японы хооронд газар нутгийн маргаантай байгаа нь бүрэн эрхт байдлын зөрчил үргэлжилсээр, цаашлаад дэлхийн амар тайван алдагдахвий гэсэн айдас байлаа. Солонгосчуудын хувьд Докду арал энх тайван байх нь дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг гэж үзэхүйц хэмжээнд том ач холбогдол өгч байгаа ба үүнээс улбаалан дэлхийг амар тайван бус байлгахыг хүсэхгүй байгаа учраас өөрсдийн гэсэн газар нутаг дээрээ маргаанаа дуусгахыг хүсч байгаа байр суурьтай байгаа юм.
Иймээс Докду арлыг зөвхөн газар нутгийн маргааны төв бус, харин дэлхий нийтэд энх тайвныг бэлгэдэх ариун газар хэмээн ойлгох хэрэгтэй гэж үзэж байна.
Докторант Ганбатын Эрдэнэсувд
Гангненг Их Сургууль
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Цаг үе2024/09/27
Ирэх даваа гарагт “10-р хороолол” орчмын айл өрхүүдийг халуун ус, ду...
-
Цаг үе2024/04/24
“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” Нью-Йорк хотноо зохион бай...
-
Улстөр нийгэм2020/06/03
СЕХ-ноос үнэмлэхээ авсан 606 нэр дэвшигчийн ХОМ-ийг цахим сүлжээнд байршуулав
-
Цаг үе2025/03/10
Ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 18.880 га талбай өртөөд байна
