Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын хоёрдугаар төв эмнэлэг, эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлогын дэмжлэг үзүүлснээр тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.

Үүний дүнд эмч нарын баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш 43-65 насны таван хүнд амьд донороос дурангийн мэс заслын аргаар элэг шилжүүлэн суулгаад байна. Мөн 11 хүнд зүрхний титэм судсан дотуурх хэт авиан  оношилгоо, эмчилгээ,  найман хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ.

Эдгээрээс гадна элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс, уушгины хавдрыг дурангийн аргаар тайрч, залгах 1,000 гаруй мэс засал хийгээд байна.

Төв ашиглалтад орсноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжих, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нутагших, хүмүүсээ сургаж бэлтгэх, бусад эмнэлгийн ачааллыг хуваалцахад томоохон дэмжлэг болсныг эмнэлэг, төвийн эмч нар ярилаа.

Манай иргэд гадаадын улс орнуудад, тухайлбал Япон, Солонгост 400-500 сая, Энэтхэг, Турк Улсад 150-350 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгуулдаг.    

Шинэ төвийг богино хугацаанд ашиглалтад оруулж, гадаадад эмчлүүлэх гэж их хэмжээний мөнгө заралгүй, эх орондоо дэлхийн чанартай тусламж, үйлчилгээ авах боломж улам бүрдсээр байгаад эмч нар болон элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн иргэд, тэдний донорууд Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудтай уулзахдаа, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаад нь талархаж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Цаашид бусад эрхтнийг шилжүүлэн суулгах мэс засал  нэвтрүүлэх санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ирэх оноос   элэгнээс гадна бөөр, уушги, нойр булчирхай, гэдэс шилжүүлэн суулгаж эхэлнэ. Улмаар робот мэс засал нэвтрүүлж, амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.

Манай улсад элэгний хавдрын өвчлөл жил бүр нэмэгдэж, хавдраар жилд 1,745 хүн, элэгний хатуурлаар 643 хүн нас барж байгаа нь дэлхийд өндөр үзүүлэлт юм. Элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас 7-8 дахин өндөр байна.  Улсын хэмжээнд элэгний донор хүлээж байгаа 325 хүн байдгийн 25 нь Улсын хоёрдугаар эмнэлэгт байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох