Шударга мэдээ
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой “Туулын хурдны зам” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна.
Тодруулбал, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд ТЭЦ 3-ын үнсэн талбайд байрлах төв кемпийг ирэх оны 2 дугаар сард багтаан бүрэн ашиглалтад оруулах аж.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах Кемп 4-ийн хувьд бэлтгэл ажлыг хангаж байгаа бол Баянзүрх дүүрэгт байгуулах кемпийг ирэх оны сүүлээр хэрэгцээ шаардлагад тулгуурлан барихаар төлөвлөжээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэдээлснээр төслийн хүрээнд дам нуруу цутгах талбай бэлтгэх бөгөөд нийт 84 ширхэг дам нуруу цутгахаас одоогоор 10 дам нурууг цутгах талбай бэлэн болсон байна. Мөн цутгасан дам нурууг хадгалах зориулалттай талбайг бэлтгэж байгаа бөгөөд 110 орчим суурийг цутгаж бэлтгэхээр төлөвлөөд байна. Бэлтгэсэн дам нурууг төв кемпээс зүүн зүгт баригдах 9.8 км урт гүүрэн байгууламжид ашиглах юм. Төслийн зураг төсөл боловсруулалт дуусч, одоогоор хөрвүүлгийн болон баталгаажуулалтын шатанд явж байна. Нарийвчилсан ажлын зураг 90 хувьтай, түр зам байгуулах ажил 50 хувьтай байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн чухал бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам. Иймд бид газар шорооны ажлыг 4 дүгээр сарын сүүлчээр эхлүүлэх зорилгоор өвлийн улиралд зураг төсөл болон бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 1.63 хувь, ажлын зургийн гүйцэтгэл 90 хувь, бэлтгэл ажлын гүйцэтгэл 61.6 хувьтай байна. Төв кемп баригдаж эхэлсэн бөгөөд дам нурууны хэв хашмал цутгах эхний талбай бэлэн болоод байна” хэмээн онцоллоо.
Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс өнөөдрийн байдлаар 10 нэгж талбарыг чөлөөлж үлдсэн талбаруудын хөрөнгийн үнэлгээг 2026 оны I улиралд багтаан хийлгэх, холбогдох иргэдтэй уулзалт, зөвшилцлийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буй аж.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2025/12/09
Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устга...
-
Улстөр нийгэм2024/12/02
“Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай&...
-
Цаг үе2021/07/01
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
-
Цаг үе2021/11/24
Томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын түр цэг ажиллаж байна
