Цаг үе
Түүхий нүүрс түлсэн, товчоогоор оруулахаар завдсан зөрчлүүдийг илрүүлжээ
Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 10 сарын 01-нээс 2020 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт НМХГ-ын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна.
Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүн, авсан арга хэмжээ, хүрч буй үр дүн:
- Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 154 хороодод хяналт шалгалт хийх 166 улсын /ахлах/ байцаагч агаар бохирдуулагч 5572 объектод хяналт шалгалт хийсэн.
- Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын тогтоол зөрчсөн, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1948 мэдэгдэл, зөвлөмж, 869 албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 179 сая 150 мянган төгрөгийн торгууль ногдууллаа. Түүхий нүүрс түлсэн, товчоогоор оруулахаар завдсан 143 удаагийн 471 т нүүрсийг Амгалангийн дулааны станцад төвлөрүүлж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцлоо. 1080 объектыг хий, цахилгаан халаагуурт шилжүүлж, ахуйн энгийн зуухыг сайжруулсан зуухаар солих, үнс баригч суурилуулах, төвлөрсөн дулаан хангамжид холбуулах зэрэг ажлууд хийгдлээ. Тухайлбал, Эко констракшн, Топ декорэйшн, Өнө орших маргад, Магнет сервис, Кондитер Улаанбаатар ХХК, Саадэ ХХК, Номин тав трейд ХХК халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоосон.
- Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 гаруй хувийг үүсгэж байгаа хөдөлгөөнт эх үүсвэрийн нэг болох их багтаамжийн 453 автобусны хаягдал утаанд Авто тээврийн Үндэсний төв, Тээврийн Цагдаагийн албатай хамтран хэмжилт хийж стандартын шаардлага хангахгүй 210 автобусыг засвар үйлчилгээ хийлгэн үйлчилгээнд гаргаж Зөрчлийн тухай хуулийн дагуу 8.0 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдууллаа.
- 100 кВт-с дээш хүчин чадалтай халаалтын зуух ашиглагч 119 аж ахуйн нэгж байгууллагад 2020 оны 01, 02-р сард хяналт шалгалт хийж 20 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу 27 сая 900.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан барагдууллаа.
- Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 77 зөрчлийг илрүүлж 139,3 тн түүхий нүүрсийг битүүмжилж дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй Хоёулаа хүү ХХК-ийн халаалтын зуухны байгууламжид буулгууллаа. Түүхий нүүрс түлсэн зөрчил илэрсэн 34 хороодын Засаг дарга нарт арга хэмжээ тооцуулахаар 6 дүүргийн Засаг даргад албан бичиг хүргүүллээ.
- Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 366 улсын /ахлах/ байцаагч 24 цагаар байнгын хяналт шалгалт хийж байна. Таван толгой түлш ХХК нь 2019 оны 10 сараас хойш 334566тн шахмал түлш үйлдвэрлэн, 346189тн шахмал түлш худалдаанд гаргасан. Шахмал түлш, барьцалдуулагч бодисоос сар бүр дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан шинжилгээний дүнд үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гарган хүргүүлж байна. Шахмал түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын агуулах, 390 борлуулалтын цэгт МХЕГ, НХМГ-ын 313 улсын /ахлах/ байцаагч байнгын хяналт шалгалт хийж, түлшний нөөц, тээвэрлэлт болон илэрсэн зөрчлийн талаар тухай бүр Таван толгой түлш ХХК-ийн удирдлагад мэдээллийг шуурхай хүргэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн автотээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоо, хяналтын цэгүүдэд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар ажиллаж байна. НМХГ-ын давхардсан тоогоор 702 улсын байцаагч 180704 тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн. Багануурын Налайхын Төв аймгаас 66 удаагийн үйлдлээр түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдаж, 331.7тн түүхий нүүрсийг хураан Амгалан Дулааны станцид буулгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сая 250.0 мянган төгрөгийн торгууль ногдууллаа.
Иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллээр хангах, угаарын хийн хордлогын дуудлагын үед шуурхай ажиллах зорилгоор НМХГ-т болон төвийн 6 дүүрэгт Мэргэжлийн хяналт, Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэлээ.
Хавар, намрын улиралд гадаад болон дотоод орчны агаарын температурын зөрөө багассанаар яндангийн таталт муудаж угаарын хийн хордлогод өртөх магадлал ихэсдэг тул зуух, яндангаа цэвэрлэх, хөөлөх, битүүмжлэл, таталтыг шалгах, агаар сэлгэлтийг тогтмол хийх, угаарын хий мэдрэгчээ салгахгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.
Түүхий нүүрс түлсэн, агаар бохирдуулж байгаа эх үүсвэрийн талаарх мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утсанд мэдээлээрэй гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
