Цаг үе
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна
Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүй, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тус төслийн гурван байршилд ажиллалаа.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, "Хермес" төвийн төмөр замын зоорь, Нарны зам - Их хүрээний гудамжны уулзвар гэсэн дөрвөн байршилд бүтээн байгуулалт хийх бөгөөд эхний гурван байршилд барилга угсралтын ажил үргэлжилж байгаа. Харин дөрөвдүгээр байршил буюу Нарны зам - Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарцын зураг төслийг боловсруулж байна. Мөн төслийн явцад газар чөлөөлөлттэй холбоотой ажил удаашралтай асуудлууд байсан ч өнөөдрийн байдлаар шийдэгдэж, ажлыг урагштай явуулах боломж бүрдсэн. Энэ хүрээнд тухайн байршлуудад бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэхтэй танилцаж, газар дээр нь ажиллаж байна” гэв.

Нэгдсэн төслийн удирдлагын газрын Нүхэн гарц төслийн захирал М.Золбоо “2022 оноос эхлэн дөрвөн байршилд нүхэн гарц барих төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүнээс нэгдүгээр байршлын гол болон туслах замын хөдөлгөөнийг 2024 онд нээсэн. Явган хүний гарцыг анх нүхэн гарц хэлбэрээр 11 метрийн урттайгаар төлөвлөсөн. Гэвч тухайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас өгсөн саналын дагуу гүүрэн гарц болгон өөрчилж, төмөр зам болон авто зам дээгүүр дамжин өнгөрөх 90 метрийн урттай гүүрэн гарц барих зураг төслийг шинэчлэн боловсруулсан. Энэ хүрээнд гүйцэтгэгч “Нью Синдикат” ХХК барилга угсралтын ажлаа эхлүүлээд байна. Гүүрэн гарц барих ажлыг ирэх тавдугаар сарын 15-ны өдөр дуусгаж, явган хүний зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй байна. Мөн тохижилтын ажлуудыг хийнэ. Харин төслийн хоёрдугаар байршил Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөх ажил үргэлжилж, нийт 21 нэгж талбараас 19-ийг нь бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн 2 нэгж талбар зөвшилцөх шатандаа хэрэгжиж байгаа бөгөөд ажлын зураг төслийг магадлалаар батлуулж 2024 оны 9 дүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлж, хүйтний улирлын нөхцөл байдалтай холбоотойгоор түр зогсолт хийгээд байна. Тус нүхэн гарцыг наймдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулна. Гуравдугаар байршил болох “Хермес" төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарцын зураг төслийг магадлалаар батлуулж, газар чөлөөлөлт бүрэн дууссан. Нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр замын суурь бүтээцийн доор түлхэх технологиор байршуулсан. Түлхэх технологийг ашигласнаар галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бүтээн байгуулалтыг шуурхай гүйцэтгэх давуу талтай. 2026 оны II улирлаас авто замын барилгын ажлыг эхлүүлж, мөн наймдугаар сард ашиглалтад оруулна” гэв.
Мөн нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр барилгын ажлыг технологийн горим алдагдуулахгүй гүйцэтгэх, өвлийн улиралд ч бэлтгэл ажлыг хангалттай хангах, төлөвлөгөөт хуваарийн дагуу ажлаа эхлүүлэхэд бэлэн байх, ажлыг хугацаанд нь ашиглалтад оруулж, зорчих хөдөлгөөнийг нээх чиглэлээр үүрэг өглөө.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
