Шударга мэдээ
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
Төслийн бүтээн байгуулалтын ажлын тодорхой хэсгийг гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүрээнд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын тавьдаг байгаль орчин, нийгмийн шаардлагуудыг бүрэн хангасан баримт бичгүүдийг боловсруулж дууслаа.
Тодруулбал, төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж буй “Духуа Инженеринг” ХК нь олон улсын туршлага бүхий “INOGEN ALLIANCE LLC”-тэй хамтран Олон улсын санхүүгийн корпорацын "IFC Performance Standards", "Equator Principles IV", мөн экспорт зээлийн агентлагууд, олон талт хөгжлийн банкууд, хөгжлийн санхүүгийн байгууллагуудын стандартуудад нийцсэн "Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээ" болон "Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө"-г боловсруулсан юм.
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээний хүрээнд төслийн төлөвлөлт, барилга угсралт, ашиглалт, хаалтын бүх үе шатанд байгаль орчин, нийгэмд үзүүлэх шууд болон шууд бус, дам нөлөөллүүдийг иж бүрнээр нь үнэлж, байгаль орчин болон нийгэм, эдийн засгийн суурь судалгааг олон улсын арга зүй, стандартад нийцүүлэн гүйцэтгэсэн. Үүний зэрэгцээ Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүд болон олон улсын стандартуудын хоорондын нийцэл, зөрүүгийн шинжилгээг хийж, илэрсэн шаардлага, зөрчлүүдийг ESIA болон холбогдох менежментийн төлөвлөгөөнүүдэд бүрэн тусгалаа.
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн боловсруулсан "Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө" болон амьжиргаа сэргээх, соёлын өвийн менежмент зэрэг дэд болон тусгай төлөвлөгөөнүүд нь төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хянах, удирдах тодорхой арга хэмжээг тусгаснаараа ач холбогдолтой юм. Ингэснээр метроны төсөл нь байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын шаардлагыг бүрэн хангаж, төслийг ил тод, хариуцлагатай, тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн болон институцын суурь нөхцөлийг бүрдүүлээд байна.
Төслийн хэрэгжилтийн явцад оролцогч талуудын оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор дэлгэрэнгүй зураглал гаргаж, талуудтай харилцах төлөвлөгөө, гомдол хүлээн авах, шийдвэрлэх механизм, хяналт-шинжилгээ, тайлагналын тогтолцоог тус тус боловсруулсан. Судалгааны явцад иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүд болон холбогдох төрийн байгууллагуудад танилцуулга хийж, санал хүсэлт, судалгаа авч ажилласан бөгөөд олон нийтийн зөвлөлдөх уулзалтуудыг 2025 оны зургаа болон арван нэгдүгээр саруудад зохион байгуулжээ.
Мөн метроны шугамын дагуу хэрэгжих бүтээн байгуулалтын хүрээнд үүсэх газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой физик болон эдийн засгийн нөлөөллийг тодорхойлон, нөлөөлөлд өртөх иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, шударга нөхөн олговор олгох, амьжиргааг сэргээх арга хэмжээнүүдийг тусгасан "Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө" боловсруулж, захиалагч талд хүлээлгэн өгсөн.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2020/06/18
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2020.06.1...
-
Цаг үе2025/09/19
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 100 га...
-
Шударга мэдээ2023/03/01
Өнөөдөр Олон улсын иргэний хамгаалалтын өдөр
-
Улстөр нийгэм2023/11/16
ЗГ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруул...
