Цаг үе
Дүүжин замын тээврийн төслийн 2 буудлын барилгын ажил дуусаж, дотоод засал хийж байна
Дүүжин замын тээврийг Улаанбаатар шиг уулархаг бөгөөд суурьшил нь замбараагүй тэлсэн хотуудад өргөнөөр нэвтрүүлэх болжээ.
Тухайлбал барилга байшин нь шавсан, машин тэрэг зорчих замгүй болсон, эсвэл гол мөрөн дээгүүр зорчих нийтийн тээврийн нэг төрөл болон хөгжиж байна.
Тус төсөл нь хотын түгжрэлээс 100 хувь хараат бус, авто замтай огтолцохгүйн дээр монголын эрс тэс уур амьсгалд нийцсэн, аюулгүй тээврийн хэрэгсэл гэдгийг Пома группийн инженерүүд тодотгодог.
Дүүжин замын тээвэр нь ижил зайд явж буй автобустай харьцуулахад хүлэмжийн хийн ялгаруулалт нь 80-90 хувь бага байдаг судалгааг гаргажээ. Тухайлбал, Улаанбаатар хотын хувьд жилд дунджаар 2,500-3,000 тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг бөгөөд үүнийг эрс бууруулахад энэхүү төсөл өндөр ач холбогдолтойг тооцоолсон байна. Мөн 100 хувь цахилгаанаар ажилладаг тул агаар, хөрсний бохирдол үүсэхгүйгээс гадна дуу чимээ маш бага байхаараа давуу талтай.
Түүнчлэн Европын тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан судалгаагаар, 100 сая км тутамд ногдох авто тээврийн ослын хэмжээг дүүжин тээвэртэй харьцуулахад 200 дахин бага эрсдэлтэй болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, дүүжин замын тээвэр нь дэлхийн хамгийн аюулгүй нийтийн тээврийн хэрэгслээр нэрлэгдэх болсноос гадна хамгийн зардал багатай, байгальд ээлтэй, хурдан хэрэгжих боломжтой мега төслийн нэг юм.
Дашрамд дурьдахад энэхүү төслийг анх 2020 онд Монгол, Францын Засгийн газар хооронд гэрээ байгуулан, нэн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлтэйгээр хэрэгжүүлэхээр болсон. Тус зээлийг 10 жилийн дараагаас 0,0076 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд төлөх бөгөөд энэ нь нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд багтана. Улмаар 2025 оны 11 дүгээр сарын 27-нд гэрээнд өөрчлөлт оруулсан. Энэ нь Хан-Уул дүүргийн хүн амын төвлөрөл, түгжрэл, авто замын ачааллаас шалтгаалан анх төлөвлөсөн байршлыг өөрчилж, мөн зорчигч тээвэрлэх хүчин чадлыг сайжруулан 98 кабинтай, 19 тулгууртай байхаар зураг төслийг шинэчилсэн. Хамгийн чухал нь хүйтэн, эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд тохирсон тээврийн хэрэгсэл байх стандартыг баримталж байна.
Энэхүү төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар шуурхай хэрэгжүүлэх чиглэл өгсний дагуу Яармаг дахь Арцатаас – Хархорингийн Өнөр хороолол чиглэлд баригдаж буй бүтээн байгуулалт өвлийн улиралд ч тасралтгүй эрчтэй үргэлжилж, нэг жил хүрэхгүй хугацаанд төслийн гүйцэтгэл 64 хувьд хүрээд байна. Төслийн хоёр буудлын барилгын ажил дуусан, заслын гүйцэтгэлд оржээ.
Тус төсөл нь нийтийн тээвэр зорчих боломжгүй, авто зам тавих гарцгүй газруудыг хооронд нь холбох бөгөөд тус чиглэлд ердөө 15 минут зарцуулах юм. Харин хоёрдугаар шугам болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд барих төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил явагдаж байна.



Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Цаг үе2022/10/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Шударга мэдээ2020/08/31
Цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ
-
Улстөр нийгэм2022/06/27
Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системд бүртгэх сургагч багш бэлтгэх сургалт ...
-
Үзэл бодол2022/01/06
С.Энхболд: Гуравдугаар тун хийлгээд гурван сар болсон бол дөрөвдүгээр тунд хамра...
