Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ш.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат орчимд ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус нийлүүлэгддэг хэсэг буюу Туул голын баруун салаа орчим усны чанарын индексээр хамгийн их бохирдолтой гэж гарчээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Туул гол Хэнтийн нуруунаас эх авч 882 км урсдаг. 2022-2024 онуудад голын 10 цэгт хэмжилт хийж судалж үзэхэд Сонгинын доод хэсгээс доош маш өндөр бохирдолтой гэж гарч байсан. 1964 онд Улаанбаатар хотод хоногт 160-180 метр куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай Төв цэвэрлэх байгууламж байгуулагдсан. Харамсалтай нь энэ байгууламж өнөөг хүртэл шинэчлэгдээгүйгээс Туул гол ихээхэн бохирдолтой болсон. Мянганы сорилтын сангийн тусламжтай Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар ажиллаж байна. Тус байгууламж энэ жилийн тавдугаар сард ашиглалтад орно. Төв цэвэрлэх ашиглалтад орсны дараа Туул голоо аврах зорилготой цэвэрлэгээг үе шаттай хийнэ. Туул голоо аврах энэ ажлын хүрээнд найман чиглэлд ажил төлөвлөгдөөд буй. Түүнчлэн 1974 онд үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх зориулалттай ашиглалтад оруулж байсан “Харгиа” байгууламжийн хүчин чадал хүрэхгүй байгаа учраас Туул гол хүнд элементээр мөн бохирлогдож байна. Улаанбаатар хот энэ асуудлыг шийдэхээр Эмээлт эко аж үйлдвэрийн паркт Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад анх удаа арьс ширний үйлдвэрийн бохирдлыг цэвэрлэх ариутгах татуургын байгууламжийн төслийг хэрэгжүүлэхээр ажлын зураг төслийг гүйцэтгэж, амжилттай хэрэгжиж буй. Туул голоо бохирдлоос салгаж, сэргээхээр энэ мэт олон төрлийн төсөл, арга хэмжээг Улаанбаатар хот хэрэгжүүлж байна. НИТХ-д Туул голоо аврах хөдөлгөөн өрнүүлэх тухай тогтоолын төслийг өргөн барихаар бэлдсэн” гэлээ.

НБОГ-ын дарга Н.Мөнхбаяр “Туул гол Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр 115 км буюу 7 дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Төв цэвэрлэх байгууламжаас Алтанбулаг хүртэл 21 км орчим 20-40 см зузаан лаг хуримтлагдсан. Үүнээс доошлоод Лүн сум хүртэл 5 см зузаан лаг хуримтлагдсан байдаг. Гаднын байгууллагын хийсэн судалгаагаар энэ бохирдлыг механик аргаар цэвэрлэх боломжтой гэж үзсэн. Усны газарт байгаа лаг соруулах зориулалттай Герман улсын тоног төхөөрөмжөөр цэвэрлэх боломжтой гэж үзээд ажиллаж байна” гэв.

Усны инженер Ш.Баранчулуун “Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн ус болон тус байгууламжийн аваарын шугамын бохир ус голд нийлүүлэгдэж байна. Бид 2022 онд энд судалгаа хийхэд 40-50 см зузаан зунгаарсан бохир лаг бий гэж гарсан. Энэ хэсэгт жинхэнэ гамшиг болж байна. Түүнчлэн үүнээс дээшээ өмнө нь ухчхаад нөхөн сэргээлт хийгээгүй орхисон хайрган карьерууд байдаг. Тэнд нөхцөл байдал бүр хүндэрсэн төдийгүй урсцад маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс голдирол тохируулгын ажил хийхээс гадна бохирыг цэвэрлэх шаардлага тулгарч байна. Бохир байгалийн аясаар цэвэршиж чадахгүй урссаар Лүнгийн гүүр хүрч байна. Сүүлийн үеийн судалгаагаар зарим үед бохирдол урссаар Орхон Туулын бэлчир хүрч байна гэж гарч байна. Туулын хурдны зам барих гэж бургас хядах нь гэж байгаа ч үнэн хэрэгтээ бидний ирээд зогсож буй энэ газрын бургасыг түлээд дуусжээ” гэв.

Монголын тандан судлаачдын холбооны тэргүүн Б.Эрдэнэ “Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон 50 см-ээс 5 метр гүн цүнхээлүүдийг нөхөн сэргээгээгүй байдаг. Долоон жилийн өмнө хийсэн тооллогоор 100 гаруй ийм цүнхээл байсан. Туул голоо аврах ажилд шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж, зөв газар, зөв дуу хоолой гаргах ёстой. Туул голоос усалж, ундаалдаг малын эрүүл мэндийг ярих хэцүү болсон. Хордсон усыг ууж байгаа малын махаа бид хүнсэндээ хэрэглэж, сүү саалийг нь ууж байгаа. Хүнсний аюулгүй байдлын асуудал үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэхүйц байна” гэлээ.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон булан” хэмээх энэ газар өмнө нь маш үзэсгэлэнтэй, цэвэрхэн, улс төрийн товчооныхон ирж амардаг амралтын газар байсан. Гэвч харамсалтай нь сүүлийн үед цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон учраас тухайн орчим их бохирдсон гэдгийг байгаль хамгаалагч Ц.Саруулбаяр хэлж байлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох