Шударга мэдээ
“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна
Хүүхдийн тоглох орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэхээр зорьж байна. Төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн тоглоомын талбайд нарийвчилсан эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхдийн зорчих, тоглох орчинд үүсэж болзошгүй аюул, эрсдэлийг илрүүлэн, бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлжүүлэхийг зорьж байгаа юм.
Ялангуяа эвдэрч гэмтсэн тоглоом хэрэгсэл, стандартын шаардлага хангаагүй тоноглол, хурц ирмэг бүхий байгууламж, гулгамтгай болон хатуу хучилт, хангалтгүй гэрэлтүүлэг зэрэг нь хүүхдийн осол, гэмтлийн гол шалтгаан болдог тул тэдгээрийг засварлах, шинэчлэх, аюулгүй болгоход онцгой анхаарахыг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.
Мөн тоглоомын талбайн орчныг иж бүрнээр нь сайжруулж, зөөлөн гадаргуутай болгох, хамгаалалтын хашлага, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан тоглоом суурилуулах зэрэг ажлыг дүүргүүд тодорхой төсөвт өртгөөр жил бүр хийдэг ч тулгамдсан асуудал нэг ижил байгааг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул хэллээ. Түүнчлэн хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, өөрсдийн хүсэл, санаанд тулгуурласан тоглоомын талбайн загварыг бий болгох, төрөлжсөн сэдэвт орчныг хөгжүүлэхэд анхаарахыг хэлэлцүүлгийн оролцогчид онцоллоо.
Багануур дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, үйлчилгээ нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Мөнхчимэг “Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, сонирхолд нийцсэн “Цагаан толгойн цэцэрлэгт хүрээлэн”, шатар, цирк, автомашины сэдэвт тоглоомын талбай байгуулах, тохижилтыг илүү сонирхолтой, сургалтын элементтэй байлгавал хүүхдийн нас, сэтгэхүйд илүү тохиромжтой. Түүнчлэн хүүхдүүд өөрсдийн хүсэл, мөрөөдлөөрөө тоглоомын талбайн загварыг гаргах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна” гэв. Чингэлтэй дүүргийн хувьд сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайд эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхдүүдийн зорчих болон тоглох орчинд үүсэж болзошгүй аюул, эрсдэлийг тодорхойлон, тэдгээрийг бууруулах засвар, тохижилтын ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Ингэснээр хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа юм.
Харин Багануур дүүргийн хэмжээнд нийт 36 тоглоомын талбай үйл ажиллагаа явуулж байгаагаас орон сууцны хороололд 22, гэр хороололд 14 талбай байна. Тус дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс тоглоомын талбайн засвар, арчлалт, цэвэрлэгээнд тогтмол анхаарч, 2023 онд 20 сая төгрөг, 2024 онд 164.5 сая төгрөг, 2025–2026 онд тус бүр 40 сая төгрөгийн төсөв батлан ажиллаж байна. Мөн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх хүрээнд 23 байршилд 201 гэрэлтүүлэг, 11 байршилд камержуулалт хийсэн байна. Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайн тоог тогтмол нэмэгдүүлж, 2022 онд 3, 2023 онд 5, 2024 онд 6, 2025 онд 2, 2026 онд 3 байршилд шинээр байгуулж, тохижуулжээ.
Цаашид хүүхдийн тоглох орчныг аюулгүй орчин болгоход анхаарч камержуулах, цэцэрлэгт хүрээлэн болгож томруулах, газрыг нь шийдвэрлэх, гэрэлтүүлэг, камержуулалтад анхаарахыг хүслээ. Тоглоомын орчныг зөвхөн тоо хэмжээгээр бус, агуулга, аюулгүй байдал, хүүхдийн оролцоонд тулгуурлан бий болгохыг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
