Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Түүх, соёлын дурсгалт эд зүйлсийг улсын хамгаалалтад шилжүүллээ

Огноо:

,

Прокурорын байгууллага 2025 онд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 33 хүнд холбогдох 14 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бол 2026 оны I улирлын байдлаар 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.  

Эрүүгийн хуульд зааснаар Соёлын өвийн эсрэг 7 төрлийн гэмт хэрэг байгаагаас Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах  гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна. 

Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс I улирлын байдлаар анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн соёлын өвийн эсрэг хэргүүдийн шийдвэрлэлтийг тоймлон хүргэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:

- Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж, бурхны толгой, очир зэрэг соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг олж авч, завшсан Н, М, С нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх), 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага  хийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Н, М, С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь 5,4 сая төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон соёлын биет өвийн эд зүйлсийг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

- Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, соёлын биет өв болох Сандуйжүд, Тарвачэнбу зэрэг судрыг хууль бусаар олж авч, бусдад худалдсан Ш-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Ш-г гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон дээрх судруудыг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.  

- Түрэгийн үед хамаарах дөрөө, амгаа, зуузай, төмөр цагариг зэрэг эд зүйлсийг хууль бусаар олж авч хувьдаа завшсан, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан иргэн Н-д Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Н-г гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 8,1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон соёлын биет өвийн эд зүйлсийг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.  

Дундговь аймгийн прокурорын газраас:

- БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нар нь бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт байдаг “Хүрэн хайрханы хадны бичээс” буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нарыг гэм буруутайд тооцож тус бүрд нь 5,6 сая төгрөгийн торгох ял оногдуулж, байгаль орчинд учруулсан хохиролд 9 сая төгрөгийг төлүүлсэн байна.

 Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь соёлын өвийн гарал үүслийн байдлыг тодорхойлох, харьяалах аймаг, нийслэлийн Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх, худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн, алдагдаж, үрэгдсэн тохиолдолд мэдэгдэх, хилээр гаргахад зөвшөөрөл авах, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд бэлэглэх, өвлүүлэх зэргээр шилжүүлэхгүй байх үүрэгтэй.

Гэвч иргэд өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа соёлын биет өвийг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулах зэргээр гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гарч байгаа тул соёлын биет өвтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан судлахыг та бүхэнд анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох