Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Испанийн хаан асан тэтгэврээ алдсан ч ядуурсангүй

Огноо:

,

Авлигын хэрэгт сэжиглэгдсэн Испанийн хаан асан Нэгдүгээр Хуан Карлос тэтгэвэргүй болсондоо гомдол гаргаагүй хэдий ч баян хэвээрээ байна. Тэр хаанаас ийм мөнгөтэй болов гэдгийг Дойче Велле мөшгиж үзэв.

Зургадугаар Филипп хаан өөрийн 82 настай эцгээсээ харьцаагаа тасалж байгаа тухай Испани даяар шуугиж байна. Тэрээр авлигын хэрэгт сэжиглэгдсэн хаан асан Хуан Карлосын жил бүрийн тэтгэмж болох 194 мянган еврог цуцалж өв залгамжлалаасаа татгалзжээ. “Хаан асан Хуан Карлос нь 2 тэрбум еврогоос давсан хөрөнгөтэй ба тэтгэвэргүйгээр амьдарч чадах нь тодорхой юм” гэж Форбес сэтгүүлд бичжээ. Харин түүнийг яаж ийм их хэмжээний мөнгөтэй болсон бэ? гэсэн асуулт олон испаничуудын сонирхлыг татаж байна.

2008 онд Саудын Арабаас Швейцарийн Мирабауд банкин дахь Панамын Сан Люсум сангийн дансанд 100 сая доллар шилжүүлсэн бөгөөд тэрхүү сангийн бенефициар буюу эцсийн өмчлөгч нь Хуан Карлос байв. Одоогоор Швейцарийн прокурорын газар энэ мөнгөний гарал үүсэл болон авлигын схемийг тогтоохоор ажиллаж байна. Хаан ширээгээ 2014 онд хүүдээ шилжүүлсэн Испанийн хаан Хуан Карлосын эсрэг албан ёсны ямар нэгэн шалгалт хийгээгүй байна.

Хуан Карлос нь 39 жилийн турш Испани Улсын засгийн эрхэнд байсан. Ер бусын оюун ухаан, сэтгэл татам байдал, хошин шогийн мэдрэмж, хүмүүстэй дотно харьцах чадварыг эзэмшсэн тэрээр орон орны дээд зиндааны хүмүүстэй найрсаг харилцаатай байсан бөгөөд  үүний дотор хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүн улсуудын дээд зиндааныхан ч мөн багтаж байсан гэж Мадридын их сургуулийн түүхийн профессор Хайме Кабрера өгүүлсэн байна.

Хуан Карлосыг "Испанийн шилдэг дипломатч" гэж нэрлэжээ. Түүхчдийн үзэж байгаагаар тэрээр Испанийн гадаад бодлого, хамтын ажиллагаа, харилцааны хөгжилд их хувь нэмэр оруулсан байна.

Арабын эрх баригчид болон Хуан Карлос нар онцгой итгэлцлэлийн харилцаатай байсан. Фахд, Абдалла зэрэг хаадууд түүнийг "хайртай ах" хэмээн нэрлэж, хямралын жилүүдэд Испанийг газрын тосоор ханган тэдний зэвсэг, хоол хүнсийг худалдан авдаг байжээ. Хуан Карлос нь Европт саудчуудын эрх ашгийг лоббидож байсан тухай түүхч Кабрера онцолсон.

Испанийн хаан асан Хуан Карлос нь “бүгд найрамдах” үзэлтэй хүмүүсийн ч хүндэтгэлийг хүлээж байсан тухай Мадридын Социологийн судалгааны төвийн ажилтан Серхио Паласио өгүүлсэн байна. Испани Улсыг 1970 аад онд Франкогийн дарангуйллаас ардчилсан засаглалд шилжих явцыг хаан оройлон зохион байгуулжээ.  Тэрээр цэрэг армийн дарангуйлагчид, бүс нутгийн салан тусгаарлагчид, зүүн радикалуудын тэмцлийг намжааж ардчиллыг удаан хугацаанд тогтвортой байлгаж чадсан.

Гэхдээ Хуан Карлос нь улс орноо удирдаж байх хугацаандаа амжуулж байсан бизнесүүд нь  бүгд хууль ёсных байгаагүй нь тодорхой болсон юм. Тэрээр олон улсын гүйлгээнд зуучлан хувь хүртэж, барилгын төслүүд болон газрын тосны наймаанд оролцож байжээ. Эдгээр үйлдлүүд нь түүний нэр төрд сөргөөр нөлөөлөх учраас олсон мөнгөө оффшорт эсвэл найз нөхдийнхээ нэр дээр хадгалуулдаг байжээ.  “Хаан хүн төрийн үйл хэрэгт өөрийгөө зориулах ёстой, бизнес бол хааны хийх зүйл биш” гэсэн үзэл баримтлалаа хаан зөрчсөн гэж социологич Паласио үзэж байна.

Хуан Карлос орлого олох ажлаа нууцаар үргэлжлүүлсээр байсан. Профессор Кабрера үүнийг түүхэн шалтгаанаар тайлбарласан юм. Арваннаймдугаар зуунаас эхэн үеэс Испанийг захирч байсан Бурбон овгийн хаадууд нэг үе хаан ширээнд заларч, нэг хэсэг хаан ширээнээс түлхэгдэн, буусан үедээ хатуу ширүүн амьдрал бүхий цөллөгт илгээгдэх зэргээр ихээхэн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байв. Үүнээс гай зовлон, үймээн самуун тохиолдсон үед зориулах үүднээс хураан цуглуулах шунал хүсэл, эрмэлзлэл үүссэн гэж түүхчид үзжээ.

Хуан Карлос ч өөрөө цөлөгдөж байжээ. Залуу насандаа эцэг эхтэйгээ Португалид амьдарч байсан. Түүний аав дөрвөн хүүхдээ тэжээхийн тулд танилуудаасаа мөнгө гуйдаг байжээ.  “Энэ нь Хуан Карлосыг оффшор ашигласан бизнесийн нууцыг зөвтгөхгүй" гэж пофессор Кабрера онцлон тэмдэглэв.

Саудын Арабаас ирсэн мөнгө нь хээл хахууль уу, эсвэл бэлэг үү? Нэг талаас хааны ёс зүйтэй холбоотой асуудал боловч нөгөө талаас эрүүгийн хуулиар шийдвэрлэгдэх авлигын хэрэг юм. Испанийн хэвлэлүүд Швейцарийн банкинд шилжүүлсэн 100 сая долларыг хээл хахууль гэж үзэж байна. Мединагаас Меккагийн хооронд хурдны төмөр зам барих гэрээ байгуулахад зуучилсны хөлсөнд энэ мөнгийн авсан гэж хаан мэдүүлсэн байна.

Өмгөөлөгч Анхель Ибаньес “Энэ мөнгө Саудын Арабын Сангийн яамнаас буюу өөрөөр хэлбэл захиалагчаас шилжин ирсэн тул хээл хахууль биш” гэж мэдэгдэж байгаа юм. Харин хуульчид захиалагч тал зуучилсан этгээдэд хахууль өгөөгүй, харин ажил олж авахын тулд гүйцэтгэгч тал өгдөг гэж баталж байна. Профессор Хайме Кабрера ч үүнтэй санал нэг байгаа, энэ нь “Дорнын өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл болгож Абдалла хаанаас өгсөн бэлэг” гэжээ.

Филипп хаан эцэгтэй нь холбоотой энэ дуулиан шуугиан түүнд өөрт нь нөлөөлж болзошгүй гэж болгоомжлон Швейцарийн мөрдөн байцаалтын шийдвэрийг хүлээлгүйгээр эцгээсээ татгалзахыг хүлээн зөвшөөрчээ. Хаант засаглалыг эсэргүүцэгчид нилээдгүй байдаг Испани Улсын парламент Хуан Карлосын холбогдсон авлигын хэрэгт нотлох баримт байхгүйн улмаас хэлэлцээгүй байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох