Улстөр нийгэм
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-уудад онцгой дэглэм үргэлжилнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 15-ны лхагва гарагт болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК-иудыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100 хувь ТӨҮГ болгон өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтадаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа билээ.
Онцгой дэглэмийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсныг Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн нэгдүгээр зүйлийг үндэслэн өнөөдрөөс дахин зургаан сараар сунгаж Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ТӨҮГ-уудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй бөгөөд ашигтай ажиллаж байгаа хэдий ч тус компаниудын 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй Эрдэнэт үйлдвэрийн эрх ашигт нийцээгүй гэрээг хүчингүй болгох асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, уг хэрэг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй хугацаа шаардагдаж байгаа нь онцгой дэглэмийг сунгах шалтгаан болжээ.
Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгон өөрчилж, онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2019 онд үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт зорилтуудыг давуулан биелүүлж, 516.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар улс, орон нутгийн төсөвт 961.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн жил болсон байна. Мөн үйлдвэрийн газруудын үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагаа хангагдаж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам сайжирч, үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтууд биелэж цэвэр ашиг нь нэмэгдсэн байна.
Иймд шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажилласан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголросцветмет ТӨҮГ болон холбогдох бусад байгууллагын ажлыг сайшаан мөн өдрийн хуралдаанаар Засгийн газрын тэмдэглэлд тусгалаа.
Улстөр нийгэм
Орон сууцны үнэ өссөн байна
Орон сууцны үнийн индекс есдүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.
Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.
Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
- Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
- Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
- Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
Улстөр нийгэм
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.
Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
-
Шударга мэдээ2019/06/19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2020/05/27
Б.Анура: “Монгол газар” компани байгаль орчинд 53.9 тэрбум төгрөгийн...
-
Цаг үе2023/03/06
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо
-
Улстөр нийгэм2021/03/03
Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр тохиож байна