Цаг үе
Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг түр хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултууд
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг түр хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултууд
Асуулт-1: Энэ арга хэмжээнд ямар зээлдэгч хамрагдах вэ?
Хариулт: Энэхүү арга хэмжээнд Төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдана.
Асуулт-2: Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулах боломжтой юу?
Хариулт: Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Зээлдэгч харилцагч банкиндаа хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулснаар дараагийн төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн 3 хүртэл сараар зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулна.
Асуулт-3: Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу?
Хариулт: Зээлийн төлбөрт нь 2020 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Жишээлбэл, зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс доголдол үүссэн бол зээлдэгч хүсэлт гарган, гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө хойшлуулна.
Асуулт-4: Зээлдэгч хэдэн удаа төлбөрөө хойшлуулж болох вэ?
Хариулт: Зээлдэгч зөвхөн нэг удаа 3 хүртэл сараар үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болно.
Асуулт-5: Зээлийн төлбөрийг хойшлуулахад ямар баримт материал, нотолгоо бүрдүүлэх шаардлагатай вэ?
Хариулт: Зээлдэгчийн зүгээс нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкиндаа 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулсан байх шаардлагатай.
Асуулт-6: Зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтуудыг мөрдүүлэх үү?
Хариулт: Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудыг мөрдүүлэхгүй.
Асуулт-7: Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү?
Хариулт: Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөрийг 3 сар хойшлуулсны дараа 4 дэх сараасаа хуучин төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.
Асуулт-8: Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү? Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу?
Хариулт: Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол төлбөрийг хойшлуулснаар гэрээний хугацаа 3 сараар сунгагдаж, 2030 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусна.
Асуулт-9: Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу?
Хариулт: МИК ОССК ХХК-иас нэмэгдүүлсэн хүүг ямар хэлбэрээр банкны харилцагчдад буцаан олгох талаар ойрын хугацаанд банкуудад чиглэл өгөхөөр ажиллаж байна.
Асуулт-10: Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу?
Хариулт: Монголбанкаас 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр "Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д холбогдох өөрчлөлтийг оруулж, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдүүлэхээр болсон тул зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.
Эх сурвалж: Монголбанк
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
