Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нэг килограмм ноолууранд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох УИХ-ын тогтоолыг баталлаа

Огноо:

,

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2020.04.29/-ийн хуралдаанаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолын төсөлд малчдыг дэмжихээр ноолуурын асуудлыг тусгав.

Засгийн газраас ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан хэдий ч дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас зах зээл хумигдаж, дотооддоо хэрхэн ноолуур бэлтгэх асуудал тулгарсан. Иймд УИХ-аас ноолуурын үнийн асуудалтай холбоотой санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг энэ сарын 24-нд байгуулж,  Л.Элдэв-Очир гишүүн ахлан ажилласан. Уг ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын дээрх тогтоолын төсөлтэй хамтатган хэлэлцлээ. Ингэснээр тогтоолын төсөлд ноолуур бэлтгэх болон  худалдан авах үнэтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тусгасан заалтыг оруулсан юм.

Ажлын  хэсгийн санал, дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, Ж.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, А.Сүхбат, О.Батнасан нар  танилцуулга хийсэн.  Уг  тогтоолд малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнээр тушаасан нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрт олгох заалтыг орууллаа.Түүнчлэн  ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүн  экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах, ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр ноолуурыг бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудыг тэглэх асуудлыг шийдвэрлэх, ноолуурын зах зээлд өрсөлдөөнийг бий болгож, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын худалдан авагчдыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах зохицуулалтыг хийхээр тусгажээ.

Ингэснээр малчид ноолуураа борлуулах, худалдан авагчид, үндэсний үйлдвэрлэгчид, гадаадын худалдан авагчид ноолуур бэлтгэх боломжийг бий болгох, зах зээлд  ноолуурын  бодит үнэ тогтоох боломжтой гэж үзсэн байна.  Энэ тухайд  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд   “Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байгаа. Энэ нь аль аль талдаа амьдралд ойр, бодитой хувилбар юм” хэмээн онцолсон бол  УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Нэмэгдлээр олгох 200 тэрбум төгрөгийг Сангийн яамтай ярилцаж тохирсны дагуу Засгийн газраас гаргана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тал талын төлөөллийг оролцуулсан. Жишээ нь, “Говь” компанийн захирал Ц.Баатарсайхан, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан нарын хүмүүсийг оролцуулсан. Уг тогтоолын саналд үйлдвэрлэгчдийн санал нэлээд орсон” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

Огноо:

,

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авсан. Эдгээр автобусаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Тодруулбал, Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино.

“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн шинэ загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.

Нийтийн тээврийн шинэ чиглэлийн зогсоолын байршил:

Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, “Чингис хаан” олон улсын нисэх буудал

Х:20-“Буянт-Ухаа” спорт цогцолбор, Архивын ерөнхий газар-“Чингис хаан” олон улсын нисэх буудал

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна

Огноо:

,

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.

Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа

Огноо:

,

Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал, импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, хямд өртөгтэй эрүүл хүнсээр хангах, инновац шингэсэн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Агросити” дагуул хотыг барихаар төлөвлөж байна.

Энэхүү “Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа тавдугаар сарын 7-ны өдөр бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.

“Агросити” дагуул хот нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361-ын гарам, Рашаант, Жаргалант зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан суурьшлын бүсүүдтэй. Дагуул хотын нутаг дэвсгэрийн 9000 га талбайд Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор “Эдийн засгийн тусгай бүс”-ийг байгуулсан. Одоогийн байдлаар хотын уг суурьшлын бүсэд 2689 өрхийн 7652 иргэн оршин сууж байна. Тус бүсэд цахилгаан хангамжийн шугам сүлжээ хэвийн, бие даасан дулааны эх үүсвэртэй.

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох