Шударга мэдээ
С.Амарсайхан: Тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын А/590 тоот захирамжийн хүрээнд үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдийн талаар болон бусад үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэв.
Худалдааны эхэнд үүссэн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор “Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 тоот захирамжаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 945 баар нээгдсэн. Мөн 1021 ресторан, 225 кафе шөнийн 22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Зарим аж ахуйн нэгжүүд цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас бичиг ирсний дагуу холбогдох газруудад мэдэгдэл хүргүүлж, хариуцлага тооцон ажилласан” гэлээ.
Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд гарсан нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Захирамжийн дагуу нээгдэж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажлын байрандаа тогтмол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх зөвлөмжийг хүргүүлсэн. Энэ амралтын өдрүүдэд 375 аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж ажиллалаа. Бид Эрүүл мэндийн яам болон бусад мэргэжлийн байгууллагуудаас өгсөн стандартыг хангуулах шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьж ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.
“Ковид-19 цар тахалтай холбоотой хорио цээрийн энэ үед гэмт хэргийн зөрчил өмнөх оныхоос 50 хүртэлх хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэтэл баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн сүүлийн гурав хоногт хэрэг зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Нээгдсэн баар, цэнгээний газруудад хяналт шалгалт хийхэд халуун хэмжигч байхгүй, хүн хоорондын зай барих зөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байна. Мөн шаардлага тавьсан Цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн, биед халдсан хэрэг гарсан” гэж нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Д.Ядамдорж мэдээллээ.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнгөрсөн сард бид фитнесс клуб, амралтын газруудыг үе шаттай нээх, нээхдээ халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байх шаардлагын дагуу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг жигдрүүлж ажиллаж ирсэн. Фитнесс, амралтын газрууд зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа учраас ямар нэгэн хүндрэл гарахгүй байна гэж үзэж байна. Нөгөө талаар урин дулаан болсон үед хотод нягтаршил үүсгэхгүй байх үүднээс хот тойрсон амралтын газруудыг нээсэн. Сургалтын төв, номын санг нээх талаар иргэдээс санал их ирж байгаа. Бид удахгүй судалж шийдвэрлэнэ.
Танхимын сургалтын төвүүдийг Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон учраас хот тэдгээрийг нээн ажиллуулах тухай шийдвэр гаргах боломжгүй. Тийм учраас Улсын онцгой комисс болон холбогдох яамдуудад танхимын сургалтыг цөөн суралцагчтайгаар нээх саналаа хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаад шийдвэр гарах байх. Зоогийн газрууд 22:00 цаг хүртэл хэвийн ажиллаж байгаа. Үүн дээр нэмээд баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн ч зохих ёсны шаардлагыг хангаж ажиллахгүй байна. Зүй нь бол нэг өрхөд нэг ч гэсэн хүн ажилтай орлоготой байгаасаа гэж үзээд аж ахуйн нэгжүүдэд боломж олгосон. Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалах зорилгоор баар, караокены үйл ажиллагааг нээсэн боловч нэг талаас эдгээр байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийхгүй, дүрэм журмыг биелүүлэхгүй, Төр засгийн бодлого шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөж ажилласангүй. Аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцөлөө бүрдүүлээгүй, бэлэн биш байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд маш их ачаалалтай, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн салбарынхны ажлын үр дүн, эрүүл мэндээ хамгаалах үүргээ биелүүлж байгаа иргэдийнхээ эрх ашиг, хувь заяаг зарим хариуцлагагүй, үүргээ ухамсарлаагүй иргэдээс болж эрсдэлд учруулах ёсгүй. Залуучууд маань бодит эрсдлийг тооцож чадахгүй байна. Тийм учраас энэ үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Энэ байгууллагууд хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлаа хийж чаддаг болох, мөн өвчний нөхцөл байдлыг харгалзаж, тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй.
Аж ахуйн нэгжүүдээ дампууруулахгүйгээр ажлын байрыг хадгалах, айл өрхийг орлоготой байлгах зэрэг зөрчилдөөнтэй бөгөөд амаргүй олон шийдвэрүүдийг хүнд нөхцөл байдалд, гаргасан шийдвэрүүд нөхцөл байдалд тохирч яаж ч өөрчлөгдөж болохыг иргэд маань ойлгох хэрэгтэй" гэв.
Харьяа газар, агентлагуудын ажлын уялдаа холбоог хангаж ажиллаагүй НЗДТГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Мөн хуралдааны үеэр өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын уялдааг хангах чиглэлд ажил цалгардаж байгаа учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Хотын Захирагч С.Амарсайхан “Холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах, цаг үеийн нөхцөл байдалтай нийцсэн уян хатан шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа үр дүнг нь тооцоолж байхад анхаарал, хариуцлагатай ханд” гэдгийг холбогдох албаныханд онцгойлон анхаарууллаа.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
