Улстөр нийгэм
Ө.Энхтүвшин: Шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг түргэтгэх шаардлага байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 26-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа болоод шинээр барьж буй цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Төв цэвэрлэх байгууламж өнгөрсөн оноос лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулсан бөгөөд ингэснээр бохирын үнэрийн тархалт 2-4 дахин буурчээ.
Лаг усгүйжүүлэх байгууламжийг 2018 оноос барьж эхлэн 2019 оны есдүгээр сард байнгын ашиглалт оруулсан. Лаг усгүйжүүлэх байгууламж баригдахаас өмнө нойтон лагийг 3-5 жилд хатаадаг байсан бол одоо 1 өдрийн дотор хатаах боломжтой. Мөн өдөрт гарах лагийн хэмжээ 1200 м3 байсан нь багасаж 190 м3 болсон ба 120 ppm байсан үнэрийн тархалт 22-26 ppm болтлоо буурсан байна.
Өмнө нь 44 карт буюу лаг хатаах талбайд нойтон лагийг ил асгаж байгалийн аргаар 3-5 жилд хатаадаг байснаас их хэмжээний бохирдол үүсэж эвгүй үнэр гардаг байжээ. Мөн иргэд бохир усандаа маш олон төрлийн цэвэрлэгдэхгүй, шүүгдэхгүй зүйлсийг хийснээр Төв цэвэрлэх байгууламжид ирсэн бохироос их хэмжээний үс, ноос ялгарч буй нь тулгамдаж байгаа нэг асуудал гэдгийг Барилга хот байгуулалтын яамны газрын дарга О.Лхагвацэдэн танилцуулсан. Улмаар түүнийг заавал механик аргаар буюу гараар ялгах шаардлага гарч, чирэгдэл учирч байгаа гэлээ. Зөвхөн иргэд гэлтгүй үйлдвэрүүд өөрсдөө урьдчилан цэвэрлэх байгуламжгүй тул хаягдал нь шууд төв цэвэрлэх байгууламжид ирж, улмаар Төв цэвэрлэх байгууламж дахь хүнд металлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их болжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин "2018 оноос хойш их ажил хийжээ. Ялангуяа 24 га талбайд 50 жил болсон хур лагийг цэвэрлэсэн одоо хуурай талбай болсон нь их сайн байна. Шинэ үйлдвэр баригдахаас өмнө усгүйжүүлэгч байгууламжийг ажиллуулж байна. Уг байгууламж орох арга байхгүй. Би бол хоёр амьсгалаад л огиод буцаад гараад ирсэн. Гэтэл тийм нөхцөлд 17 хүн сая орчим төгрөгийн цалинтайгаар ажиллаж байна. Тэдний хамгаалалтыг анхаарах шаардлагатай. Тус байгууламж лагийг 70 хувь хүртэл усгүйжүүлж байгаа ба цаашлаад хатааж нунтаг болгоно. Миний ойлгосноор уг ажлыг хийхэд нийт 10 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас 2 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотоос гаргажээ. Тиймээс шаардлагатай 8 тэрбум төгрөгийг даруйхан Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх шаардлагатай юм байна.
Хятадын 62.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй шинэ үйлдвэрийг барих ажил дөнгөж эхэлж байна. Одоогоор КОВИД-19 халдварын улмаас болж инженер техникийн ажилчид орж ирж чадахгүй ажил зогсчихсон. Цахимаар хуралдаж ажлаа явуулж буй ч нэлээн хоцрогдолтой байгаа юм байна. Тиймээс энэ ажлыг түргэтгэх шаардлага байна. Тэгэхгүй бол энэ ажил зогсонги байдалтай л байх нь" гэв.
Одоогийн ажиллаж буй цэвэрлэх байгууламж нь 150 мянган м3 усыг хоногт цэвэрлэх чадалтай бол шинээр баригдаж цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган м3 усыг цэвэрлэх чадалтай юм. Шинэ байгууламж нь лагаас гарган авсан биохийгээр цахилгаан эрчим хүч гаргаж Төв цэвэрлэх байгууламжийн цахилгаан хэрэглээний 30 хувийг ханган, урсгал зардлыг бууруулах давуу талтай аж. 2019 онд эхэлсэн шинэ цэвэрлэх байгууламжийн төслөөр нийт 17 га газарт 38 төрлийн обьект баригдах ба барилгын ажил 2023 онд дуусч Улсын комисст хүлээлгэн өгөх хуваарьтай байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Шударга мэдээ2022/08/23
НОБГ: Гал түймрээс аюулаас 136 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав
-
Үзэл бодол2023/02/27
Монгол Улс, Украин Улсын төрийн тэргүүн нар утсаар ярив
-
Шударга мэдээ2023/02/02
ЗГ: Инновацын төсөл хэрэгжүүлэгчдэд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж нээгдлээ
-
Цаг үе2024/03/28
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна