Улстөр нийгэм
Төрийн албан хаагчид энэ сарын 21-нээс байрны сонголтоо хийнэ

Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1300-1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгох боломж бүрдсэн. Өмнө нь эмч, эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны батламжийг нь гардуулж өгсөн. Тэгвэл энэ сарын 17-ны өдөр Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуул, хил хамгаалах гэсэн таван байгууллагын албан хаагчдын 25 төлөөлөлд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг нь гардуулж өглөө.
Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин "Засгийн газрын хуралдаанаар түрээсийн хугацааг 15 жил болгосон. Энэ бол илүү хөнгөвчилсөн нөхцөлтэй болгож байгаа юм. Энэ дагуу НОСК-аас аж ахуйн нэгжүүдэд зарыг хүргэсэн. Компаниуд бэлэн барьсан орон сууцаа нийлүүлэх саналыг өгч байна. Бидний тавьж байгаа шаардлага бол тухайн орон сууц нь 100 хувийн гүйцэтгэлтэй, чанарын шаардлагыг бүрэн хангасан байна. Түүнчлэн үнийн саналыг нь харна. Хэт өндөр үнэтэй байвал шаардлагад нийцэхгүй. Өмнө нь хэлсэн, урьдчилгаа төлбөр дээр уян хатан хандана. Хүү зургаан хувиас илүүгүй байна гэж үзэж байна. Хамгийн гол нь хүнд нөхцөлд, нэн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хамруулна. Өмнө нь орон сууц авч байгаагүй хүнд олгоно. Эрүүл мэнд, хилийн цэрэг, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, гаалийн ажилчид хамрагдана. Үүнээс гадна цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа иргэдээс хамруулна. Нийт 1300 орчим өрхийг орон сууцаар хангана. Санхүүжилтийн асуудал нь шийдэгдсэн. Маш шуурхай хийж дуусгах ёстой" хэмээн онцоллоо.
Түрээслээд өмчлөх орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрт хамрагдах төрийн албан хаагчдыг хамруулах барилгын компаниудын жагсаалтыг Нийслэлийн орон сууцны корпораци гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар 100 хувь ашиглалтад орсон барилгын 15 компани уг хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ өгчээ. Энэ сарын 20-ныг хүртэл барилгын компаниуд хүсэлтээ өгөх боломжтой. Ингэсэнээр 21-ний өдрөөс албан хаагчид байрны сонголтоо хийх юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Цаг үе2023/06/15
Хонь ноослогч чиргүүлийн туршилт хийлээ
-
Улстөр нийгэм2021/09/29
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны талаар мэдээлэл танилцуулав
-
Цаг үе2022/11/15
Он гарснаас хойш импортоор нийт 7145.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ...
-
Улстөр нийгэм2021/03/14
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө /№1/