Улстөр нийгэм
“Монгол-Хятадын Экспо”-г зохион байгуулах хамтарсан ажлын хэсгийн хурал боллоо

“Монгол-Хятадын Эскпо” 3 дахь удаагийн арга хэмжээ энэ оны 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын талаас Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын 22 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллалаа.
Энэ удаагийн Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах юм. Монголын талын ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ахлан ажиллаж байна. Экспо арга хэмжээний зохион байгуулалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гадна Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар байгууллагууд хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
“Монгол-Хятадын Экспо” 3 дахь удаагийн арга хэмжээнд Монгол Улсын аж ахуй нэгжүүд Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүнээ зарж борлуулах, цаашлаад Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах өргөн боломж бүрддэгээрээ чухал ач холбогдолтой. Энэ удаагийн үзэсгэлэнд зочин орноор Бүгд Найрамдах Солонгос улс, Израйль улс, Япон улсын төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирж нээлтийн арга хэмжээнд оролцоно.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.