Шударга мэдээ
Хүнсний үйлдвэрүүдийн тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналт шалгалт хийлээ
Хүнсний технологийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй 28 аж ахуйн нэгж хамрагдлаа. Эдгээр аж ахуй нэгжүүд битүү тэвш, бүхээг бүхий зориулалтын 674 тээврийн хэрэгслээр хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байна.
Шалгалтад тээврийн хэрэгслийг хадгалах битүү зогсоол, техникийн оношлогоо үйлчилгээ, засварын ажлын байр, автоугаалгын цэг, засварын ажлын тоног төхөөрөмжүүд, 174 тээврийн хэрэгсэл, тээвэрлэгч жолооч нар хамрагдсан. Мөн инженер техникийн ажилтнуудын ажил үүргийн биелэлт, засварын тоног төхөөрөмжийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, байгууллагын дотоод хяналтын ажлыг шалгалаа. Шалгалтаар дараах зөрчил дутагдлууд илэрлээ.
Үүнд:
- Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тээврийн үйлчилгээний жолооч нарыг “мэргэшсэн жолооч”-ийн сургалтанд бүрэн хамруулаагүй, байгууллагын дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг боловсруулаагүй,
- Инженер, механик нь тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцлийг хэрхэн хангасныг шалгаж, замын хуудсыг баталгаажуулан олгодоггүй,
- Автозасварын байргүй, засвар, үйлчилгээний байранд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулаагүй,
- Мэргэжлийн инженер техникийн ажилтангүй, тээврийн хэрэгсэлд хийх техникийн засвар, үйлчилгээний хуваарийг боловсруулаагүй,
- Автомашин ашиглалттай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэж байх үүрэг бүхий техникийн комисс /зөвлөл/-ыг байгуулж, ажиллах журмыг тогтоон ажиллаагүй,
- Автотээврийн хэрэгсэлд техникийн ашиглалтын хувийн хэрэг хөтлөөгүй, өргөж тээвэрлэх, хэмжих, хянах багаж хэрэгсэл, өндөр даралтанд ажиллах тоноглолыг эрх бүхий байгууллагаар шалгуулж баталгаажуулаагүй,
- Засварын ажлын багаж хэрэгсэл бүрт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон галын аюулгүйн анхааруулах тэмдэг, санамж тавиагүй, тээврийн хэрэгслүүд нь эдэлгээний баталгаат гүйлтийн нөөц багатай, тээврийн хэрэгсэл, түүний тэвш, бүхээгт мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэдэггүй зэрэг 170 гаруй зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулах тухай 148 заалттай 25 улсын байцаагчийн албан шаардлагыг гаргаж, хугацаатай үүрэг даалгавар өгөв. Тээвэрлэгчийн үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан 13 аж ахуйн нэгжид торгууль ногдуулж, бүрэн барагдуулав гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
