Үзэл бодол
Б.Лхагвасүрэн: Монголбанк цар тахлын хүнд үед өөрийн орны онцлог, чадавхад тулгуурлан дунд хугацааны тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлж байна
Эх сурвалж: Монголбанк
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
- Эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ? Нөхцөл байдлыг Төв банк хэрхэн харж, дүгнэж байна вэ?
- Товчхондоо дэлхийн эдийн засаг 4-5 хувиар агшиж байхад манай эдийн засаг эерэг өсөлттэй байх боломжгүй. Ойрын ирээдүйн тодорхой бус байдал бүр өндөр байна. Сүүлийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар мөнгөний бодлогын төлөвийг хэлэлцэж байхдаа эдийн засгийн өсөлт II улиралд -7 хувь орчим, жилийн дүнгээрээ -1 хувь байх төсөөлөл хийж ярилцсан. Бусад олон улсын байгууллагууд ч бас иймэрхүү төсөөлөлтэй байх шиг байна. Эдийн засгийг өнөөдөр дэмжих нь чухал ч ирээдүйд ямар ч нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа тул өрх, бизнес, төр гээд бүх л түвшинд санхүүгийн нөөцөө гамнах нь бүр илүү чухал байна. Өөрөөр хэлбэл, цаашид эдийн засгийг сэргээх гэхээсээ илүүтэй тогтворжуулах шаардлага үүсч болзошгүй. Иймд Монголбанкны зүгээс иргэд, бизнест учирч буй өнөөгийн хүндрэлтэй нөхцөлийг зөөллөх, гэхдээ бодлогын орон зайгаа гамнах, дунд хугацааны тогтвортой байдалд чиглэсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Мэдээж олон улсын санхүүгийн байгууллагуудын зөвлөмж, бусад төв банкуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг харгалзан үзэж судлан өөрийн орны онцлогт тохирсон мөнгөний бодлогын цогц арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээ нь эдийн засгийг богино, дунд хугацаанд дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа. Гэвч гадаад орчин буюу улс орнууд КОВИД-19 вирусийг хэдий хугацаанд хяналтдаа оруулах, том гүрнүүдийн гадаад худалдааны маргаан хэрхэн үргэлжлэх, гадаад эрэлт, эрдэс бүтээгдэхүүний үнэд хэр хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх зэрэг нь манай эдийн засагт эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.
- Мөнгөний бодлогын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэлээ. Мөнгөний бодлогын ямар шийдвэрүүдийг гаргасан бэ? Шийдвэр гаргах болсон гол үндэслэл юу байв?
- Он гарснаас хойш Мөнгөний Бодлогын Хороо ээлжит болон ээлжит бусаар 3 удаа хуралдаж эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй, үүсч болзошгүй хүндрэлийг зөөлрүүлэх зорилгоор урьдчилан шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах зорилгоор 3 болон 4 дүгээр сард бодлогын хүүг нийт 2 нэгж хувиар буурууллаа. Мөн банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих, илүү бага хүүгээр Төв банкнаас репо санхүүжилт авах бололцоог бий болгох шаардлага үүссэн учраас Төв банкны хүүний коридорыг 1 нэгж хувиар нарийсгаад байна. Ингэснээр Төв банкнаас банкууд 13 хувиар санхүүжилт авдаг байсан бол бодлогын хүүний бууралт болон хүүний коридорын өөрчлөлтийн нөлөөгөөр одоо 10 хувийн хүүгээр санхүүжилт авч байна.
Мөн Төв банкны хүүнээс гадна төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувиас 8.5 хувь болгосон нь 320 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлөгдөж, банкны эх үүсвэрийн алдагдсан боломжийн өртөг буурах, улмаар зээл, хадгаламжийн хүүний зөрүүг бууруулах арга хэмжээ болсон юм. Хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн хөтөлбөрийг дахин эхлүүлсэн, Засгийн газрын алт хөтөлбөрийг дэмжин эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авсны үр дүнд алт олборлолт болон Төв банкинд тушаалт мэдэгдэхүйц нэмэгдлээ.
- Эдийн засагт бизнесийн идэвхжил муудаж, иргэд санхүүгийн хүнд нөхцөлд байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Хэд хэдэн зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Нэгд, иргэдийн орлого нь эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой. Хоёрт, иргэн зээл авахдаа, банк зээл олгохдоо ирээдүйн орлогын тогтвортой байдлаа аль болох зөв үнэлсний үндсэн дээр зээлийн хэмжээгээ зохистой түвшинд тодорхойлж байх шаардлагатайг өнөөгийн нөхцөл байдал ойлгуулж байна. Зээлийн эргэн төлөлт доголдоно гэдэг нь тухайн зээлдүүлэгч өөрийн харилцагч банкны тогтвортой байдал, цаашилбал нийт санхүүгийн системийн тогтвортой байдалтай холбогддог. Иймд эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчдийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар, ипотекийн зээлийн хугацааг 6 сараар сунгах шийдвэр гаргаад хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд зээлдэгчдийн зээлийн сарын төлбөрийн хэмжээ буурч гар дээр үлдэх орлого нэмэгдсэн. Ингэснээр зээл доголдохоос сэргийлэхийн зэрэгцээ өрхийн хэрэглээ огцом буурахаас сэргийлж байгаа юм. 6 дугаар сарын 19-ний байдлаар нийт хэрэглээний зээлийн багцын 12.9 хувь буюу 65491 зээлдэгчийн 572.8 тэрбум төгрөгийн хэрэглээний зээл, ипотекийн зээлийн 43 хувь буюу 38270 зээлдэгчийн 2.0 их наяд төгрөгийн зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон.
- Бизнесийн хувьд борлуулалт буурч, зээлээ төлж чадахгүй нөхцөл үүсч байна уу?
- Бизнесийн байгууллагууд ялангуяа санхүүгийн хөшүүрэг нь хэт өндөр болсон зээлдэгчид борлуулалтын орлого агших үед санхүүгийн дарамтад ордог. Бидний хийсэн судалгаагаар 2020 оны 6 сарын 19-ний байдлаар бизнесийн зээлийн 37 хувь нь ковид-19-т өртсөн байдалтай гарсан. Энэ нөхцөл байдлыг урьдчилан зөөлрүүлэх үүднээс ковидын нөлөөнд автсан зээлүүдийн хувьд хэвийн ангилалд хэвээр үргэлжлүүлэх хугацааг 15-аас 90 хоног болгох, бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд бүтэц өөрчлөгдсөн зээлд ангилахгүй байх, хэрэглээний зээлийн 2020 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаарх чанарын ангиллыг хэвээр мөрдөх зэрэг шийдвэрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд танилцуулан хэрэгжүүлж эхэлснийг санаж байгаа байх. Ингэснээр ковидын нөлөөнд автсан зээлийн 39 хувьд нь бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөлтийн хөнгөлөлт үзүүлсэн гэсэн статистик үзүүлэлт байна.
- Төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байна. Энэ хүрээнд бодлогын ямар арга хэмжээнүүд авч байна вэ?
- Тийм ээ, таны хэлсэнчлэн төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 3 хувь сулраад байна. Харин эхний 6 сарын байдлаар юанийн эсрэг 1.8%-иар суларсан бол рублийн эсрэг 9.1% чангараад байна. Гадаад худалдааны сагсаар жигнэсэн дундаж ханш буюу бодит болон нэрлэсэн үйлчилж буй ханш оны эхнээс харгалзан 3% болон 1%-иар тус тус чангарсан байна. Тиймээс ам.долларын эсрэг 3 хувийн сулралт бол зайлшгүй байсан гэсэн үг. Нөгөө талаас экспортын орлого эхний 5 сарын байдлаар 39%-иар тасарсан үед тодорхой хэмжээний ханшийн тохируулга байх ёстой. Энэ нь дунд хугацааны тогтвортой байдалд эрсдэл хуримтлуулахгүй байхад тустай. Энэ жилийн хувьд алт худалдан авалт их сайн байгаа. Эхний 6 сарын байдлаар өнгөрсөн оны түвшнээс 2.5 дахин их буюу 10.8 тонн алт худалдан авсан нь валютын урсгалд том дэмжлэг болж байна. Түүнээс гадна Монголбанкнаас макро зохистой бодлогын хүрээнд долларжилтын эсрэг зөөлнөөс нь эхлүүлээд арга хэмжээнүүдийг тасралтгүй авч байна. Тухайлбал, төгрөгийн заавал байлгах нөөцийг гадаад валютынхаас бараг 2 дахин бага түвшинд хүргэсэн, гадаад валютын харилцахдаа хүү төлж байгаа, гадаад валютын хадгаламждаа өндөр хүү төлж байгаа банкуудын төгрөгийн ЗБН-ийн урамшууллыг хорогдуулах, зөвхөн төгрөгөөр төлбөр тооцоо хийх зэрэг арга хэмжээнүүдийг зэрэгцүүлэн аваад байна. Цаашид ч хөрвөлтийг сааруулах шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авна. Иргэд, олон нийт үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгтөө илүү итгэж төв банкны бодлогыг дэмжвэл үр дүнд хурдан хүрч Төв банкны хувьд бодлогын орон зай үүсэх болно.
- Банкуудад зээлийн эх үүсвэр хангалттай байж чадаж байна уу? Монголбанкны зүгээс банкуудад эх үүсвэр нийлүүлэх бололцоо бий юү?
- Ковидын үед банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шаардлагыг 25 хувиас 20 хувь болгож бууруулсан бөгөөд уг үзүүлэлт системийн хэмжээнд 39.7 хувьтай байна. Өмнө нь дурдсанчлан Төв банкны санхүүжилтийн хүү 10% болж, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн дийлэнхийг бүрдүүлдэг хадгаламжийн хүүнээс бага болсон. Түүнээс гадна санхүүгийн зах зээлийн хэвийн үйл ажиллагааг хадгалах, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зорилгоор оны эхний 6 сарын байдлаар ХХБ-ны 500 сая ам.долларын эргэн төлөлтийг эс тооцвол Монголбанкнаас банкуудад 3.9 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон бол үүний 2.4 их наядыг репо санхүүжилтээр, 1.5 их наядыг своп хэлцлээр олгоод байна. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хугацааг сунгах зэрэг арга хэмжээ нь зээлдэгч талдаа дэмжлэг болохын зэрэгцээ зээл чанаргүйдсэнээс бий болох эрсдэлийн сангийн зардлын дарамтыг бууруулж байгаа нь банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээнд дэмжлэг болдог. Энэ нь зээлийн тасалдлыг зөөлрүүлэхэд ч эерэгээр нөлөөлнө. Болзошгүй эрсдэлээс сэргийлэн банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын түр зуурын хүндрэлийг шийдвэрлэх зорилготой барьцаат зээлийн нөхцөлийг өөрчлөөд мөрдүүлж эхлээд байна. Өмнө нь төв банк мөнгөний бодлого болгоомжтой хатуу төлөвтэй байсан бол одоо бодлогын төлөв илүү зөөлөрсөн, бодлогын олон арга хэмжээнүүдийг хооронд нь нийцтэй байдлаар багц маягаар авч хэрэгжүүлж байна.
- Эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөлд улс орнуудад эрсдэл хуримтлагдаж, зээлжих зэрэглэл нь буурч байгаа. Монгол Улсын хувьд нөхцөл байдал хэр байна вэ?
- Зээлжих зэрэглэл харьцангуй тогтвортой байгаа нь Монгол улсад хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь шийдлээ, цагаа олсон байгааг мөн гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, гадаад зээлийн хүүний болон үндсэн төлбөрийг эргэн төлөх чадвартайг харуулж байна гэж Төв банкны зүгээс харж байгаа. Монголбанк, Сангийн яам хамтран олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлагтай 3 болон 5-р сард, Мүүдис агентлагтай 4-р дүгээр сард, Эс энд Пи агентлагтай 6-р сард цахим уулзалт зохион байгуулж шаардлагтай мэдээллүүдийг өгсөн, байр суурь тодорхой илэрхийлсэн, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зорилго, онцлогыг тайлбарласан. Фитч болон Эс энд Пи агентлагаас 2020 оны 5, 6 дугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр, төлөвийг “Тогтвортой” хэвээр үнэлсэн байгаа. Эдгээр хөндлөнгийн үнэлгээ дүгнэлт нь хорио цээрийн дэглэмийн энэ хүнд үед бодлого шийдвэрүүд нийцтэй, хүндрэлийг давах боломжтойг харуулсан үнэлгээ юм. Бас нэг онцлох зүйл нь Монгол Улс Олон Улсын Валютын сантай хамтын харилцаагаа хадгалж байгаа нь гадны хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч байгаа гэж бидний зүгээс харж байна. Та бүхний мэдэж байгаагаар төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газар, Монголбанк хэлэлцээрт орж ОУВС-гийн шуурхай санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан 99 сая ам.долларын санхүүжилтийг аваад байна. Энэхүү хөтөлбөр нь ОУВС-тай өнгөрсөн 3 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, дараагийн хөтөлбөр буюу “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т шилжээд байгааг илэрхийлж байгаа юм.
- ФАТФ-аас Монгол Улсыг өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн гэж онцолсон байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үүҮүнд Монголбанк хэрхэн оролцов?
- Энэ нь бидний хувьд богино хугацаанд хийж чадсан чамлахааргүй амжилт болсон гэж үзэж байна. Монгол Улс ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орсон ба нийт 6 үүрэг даалгавар бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болсон. Эхний явцын тайланг 2020 оны 1 дүгээр сард БНХАУ-д зохион байгуулсан хурлаар хэлэлцүүлж ФАТФ-ын 2 дугаар сарын хурлаар тохирсон ажлын 50 хувийг хангалттай гэсэн үнэлгээ авсан. Харин КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор ФАТФ-аас хяналтын жагсаалтад багтсан бүх улс оронд үнэлгээ хийх ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр түр зогсоож, 4 сараар хойшлуулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдын хүсэлтээр Монгол Улсын үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр хэвээр үлдээж, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тайлангаа цахимаар танилцуулж, амжилттай хамгаалаад байна. Үүний үр дүнд ФАТФ-ын 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэсэнд баяртай байна. Сонирхуулж хэлэхэд ФАТФ-ын хяналтын жагсаалтанд 2009 оноос хойш нийт 51 улс орон орж байсан бөгөөд дунджаар 3 жил 2 сарын хугацаанд ФАТФ-тай тохиролцсон ажлын төлөвлөгөөгөө хангалттай биелүүлж, газар дээрх хяналт шалгалт хийлгэхээр болсон байдаг. Харин Монгол Улсын хувьд 2019 оны 10 дугаар сараас хойш нийт 7 сарын хугацаанд үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хангалттай биелүүлсэн хэмээн үнэлүүлээд байна.
- Ярилцсанд баярлалаа.
Үзэл бодол
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.
Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.
Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.
Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.
Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.
Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.
Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.
Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.
Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.
Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.
Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.
Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.
Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.
Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.
Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.
Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
Үзэл бодол
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,
Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.
Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.
Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200 төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.
Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750 ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.
Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн.
Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Үзэл бодол
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.
Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

