Цаг үе
Говьсүмбэр аймгийн 40 өрхийн 50 гаруй мал отроор зусаж байна
Бэлчээрийн гарц жигд сайн байгаа ч өвөлд хадгалагдах ургамал нь ховор байна. Үүний зэрэгцээ бэлчээр ашиглах мал, амьтны тоо толгойг харгалзан бэлчээрийн даац, багтаамжаа тооцоолдог. Манай аймагт сүүлийн 3 жилд өвөлжсөн цагаан зээрийн тоо толгойн дундаж 150.0 мян.толгой, тусгай хамгаалалттай газрын аргаль дунджаар 315 толгой гэх мэт бэлчээр ашиглагч зэрлэг амьтдын тоо толгойг, үүний дээр нийт 160.2 мян төл бойжуулсан, махны зах зээлд 150.0 мян.тол малыг нийлүүлэхээр тооцоолж, аймгийн дүнгээр хонин толгойд шилжүүлснээр 645.0 мян. тол мал өвөлжиж, хаваржихаар байна.
Ойрын жилүүдэд отрын мал ихтэй, даац хүрэлцээ муутай байснаас бэлчээр нэлээд талхлагдсан. Талхлагдсан бэлчээр сэргэх хугацаа бага биш, бас ургамлын төрөл бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Үүний улмаас өвөлд хадгалагдахгүй, намартаа хагдрах ургамал зонхилж байна. Өөрөөр хэлбэл үхэр харгана, нарийн харгана гэх мэт харганын төрөл, бусад бутлаг болон үет ургамал маш багассан. Иймд эдгээр нөхцөл байдлыг зөв тооцоолон өвлийн даац, багтаамжаа тодорхойлох юм байна.
Зун, намрын бэлчээрийн даац, ургац 450,000 орчим толгой малд дөнгөж хүрэлцэхүйц байна.
Гэтэл 2019-2020 оны өвөл, хаварт Говьсүмбэр, Төв, Дундговь, Өвөрхангай аймгийн нийт 110.0 мян.мал Малх отрын бүсэд, бусад сумдын нутагт 60.8 мян.мал оторлосон. Хаваржилт хүндэрч, зуншлага тааруу байгаа шалтгаанаар Дундговь аймгийн 6 сумын 40-50 өрхийн 57.2 мян.тол - 61.1 мян.тол мал зусаж, одоо отрын 40 өрхийн 51141 мал зусаад, намаржих гээд байна.
Ийм байдал нь бэлчээрийн талхлагдал, хаварт хөнөөлт мэрэгчдийн асуудал үргэлжилнэ гэсэн үг. Энэ эрсдлээс сэргийлэхийн тулд бэлчээрийн багтаамж, даацдаа тохируулан мал аж ахуйгаа хөтлөх, отрын малыг замбараагүй оруулахгүй байх шаардлагатай.

Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Цаг үе2022/05/24
Хашаандаа мод тарих зай талбайтай юу?
-
Цаг үе2019/11/01
Монголын хамгийн том авто худалдааны цогцолбор "ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА ЛОГИСТИ...
-
Цаг үе2021/04/13
Засгийн газраас олгож буй 300 мянган төгрөгийн дэмжлэгтэй холбоотой түгээмэл асу...
-
Цаг үе2023/05/01
“Алтанбулаг” боомтын өргөтгөлийн ажил 2023 онд бүрэн дуусна
