Шударга мэдээ
Налайхын 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх авто замын ажил ирэх сарын 1-нд дуусна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.07.18/ Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын Захирагчийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл угтан авч, Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулсан юм.

Хотын Захирагч 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэл 1.7 км авто замын шинэчлэлийн ажлын явцыг үзэж, зам дагуу хийгдэж буй дугуйн зам, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг чанар стандартын дагуу хурдан шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өглөө. Авто замын шинэчлэлийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Наймдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад орно гэдгийг хотын Захирагчид Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлэв.
А.Туяабаатар: Найман байршилд явган хүний зам хийгдэж байна

Налайх дүүрэгт энэ жил олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа бөгөөд энэ талаар тус дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатараас тодруулсан юм.
Тэрбээр “Налайх дүүрэгт энэ жил Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр 1, 3 дугаар хороонд 100 болон 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна. Мөн 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга энэ жил үлдэгдэл санхүүжилт шийдэгдэж, арваннэгдүгээр дүгээр сар гэхэд ашиглалтад орно. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км замын ажил, Налайх-Чойрын 20.9 км авто замын ажлууд эрчимтэй явж байна. 17, 18 дугаар гудамжны хучилтын ажил удахгүй эхэлнэ. Бөмбөрцөгтэй уулзвараас Нарангийн төмөр замын гарам хүртэлх 4.4 км замын ажлууд графикийн дагуу хийгдэж байна.

Гэрэлтүүлгийн хувьд 2020 он хүртэлх Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгоно гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ жил мөн нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангаараа гэрэлтүүлгийн ажил хийж байна. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 52, 53 дугаар байрны гадна фасадны ажил, 35, 39 дүгээр байрны бохирын шугамыг солих ажлыг хийгдэж байгаа. Дөнгөж саяхан нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Голомт”, “Эрдмийн оргил” цогцолбор сургуулиудад хүүхдийн хөлбөмбөгийн талбай байгуулахаар тендер зарлагдаад ажил эхлэх гэж байна. Мөн найман байршилд явган хүний зам хийгдэж байна” хэмээлээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
