Үзэл бодол
Ө.Гантөр: Төрийн банк зээлийн хүүг үе шаттайгаар бууруулан ажиллаж байна

- Та Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байна. Та ажлаа юунаас эхлүүлсэн талаар яриагаа эхэлье.
- Миний бие 2018 оноос хойш Төрийн банкныхаа Удирдлагын багт ажилласан бөгөөд Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Ийм учраас өмнөх Гүйцэтгэх захирал болон Удирдлагын багийнхаа хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ харилцагч, хадгаламж эзэмшигчиддээ банкны үйлчилгээг эрсдэлгүй, шуурхай хүргэх, мөн Монгол улсын Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд банкны зүгээс авч хэрэгжүүлж болох бүхий л ажилд анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, зээлийн хүүг бууруулах боломжийг судалж, шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.
- Та зээлийн хүүг бууруулах чиглэлд ажиллаж байна гэлээ. Энэ талаар дэлгэрүүлж яривал?
- Зээлийн хүүг бууруулах асуудал бол дан ганц банкуудын хийж хэрэгжүүлэх ажил биш. Зээлийн хүүг бууруулахын тулд эдийн засаг, санхүү, хууль, эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх замаар буюу зах зээлийн зарчмаар бууруулах нь зохистой. Өөрөөр хэлбэл, хүү буурах макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх, банкны салбараас гадна бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, санхүүгийн шинэ хэрэгсэл, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, банкны салбарын засаглал, зээлийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах зэргээр цогц арга хэмжээг системтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ талаар төр засгаас ч мөн анхаарч, зээлийн хүү бууруулах талаар баримтлах бодлого, стратегийг боловсруулж батлах асуудлыг УИХ-ын түвшинд хүртэл анхаараад эхэлсэн. Арилжааны банкуудын тухайд гэвэл, банк өөрөө итгэлцэл дээр тогтдог байгууллага. Харилцагчийн чөлөөт эх үүсвэрийг хүү төлж татан төвлөрүүлэн түүгээрээ зээл олгох, хөрөнгө оруулалт хийх замаар санхүүгийн зуучлалын бизнес эрхэлдэг. Банкуудын зээлийн хүү хэрхэн тодорхойлогдох вэ гэхээр бусдаас татсан эх үүсвэрийн хүүгийн зардал зээлийн хүүний 60 орчим хувийг, банкны өөрийн үйл ажиллагааны зардал 15 орчим хувийг, зээлийн эрсдэлийн зардал 10 орчим хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр эдгээр зардлуудыг бууруулах боломжийг судалж хэрэгжүүлэх тал дээр юуны түрүүнд анхаарч эхлээд байна. Дотоодоос эх үүсвэр татах зардал буюу хадгаламжийн хүү өндөр байгаа учраас бид гадаад зах зээлээс эх үүсвэр татах боломжийг илүү анхаарч, өнгөрсөн жилээс гадаадын санхүүгийн байгууллагуудаас хямд зардалтай эх үүсвэр татах ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэ жил ч мөн харилцаагаа өргөжүүлж, шинэ хэлцлүүдийг хэрэгжүүлээд явж байна. Мөн үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлд байнга анхаарч, банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд техник технологийн дэвшлийг ашиглах, үйлчилгээг аль болох цахимжуулах чиглэлд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Үүний үр дүнд, бид энэ оны 5 дугаар сард 11 төрлийн зээлийн бүтээгдэхүүнийхээ хүүг бууруулсан бол энэ сард Тэтгэврийн зээлийн хүүг 1.3 хувь болгон буурууллаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж, сарын 1.3 хувийн хүүтэй шинэ бүтээгдэхүүнийг гаргалаа.
- Тэгвэл дээрх ажлуудын талаар шат дараатай ярилцъя гэж бодлоо. Юуны өмнө Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээл энгийн бизнесийн зээлээс юугаараа ялгаатай вэ?
- Монголын өнөөгийн нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, оруулж буй хувь нэмэр өндөр байдаг. Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэддээ анхаарал халамж тавих, тэднийхээ ирээдүйд анхаарах, үүний тулд санхүүгийн хувьд бие даасан, хараат бус байх, бизнес эрхэлж ашиг орлоготой байх асуудал чухал байдаг. Нөгөөтэйгүүр, дэлхий нийтийг хамраад буй “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр олон өрхийн орлого тасалдах, жижиг дунд бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдах зэргээр санхүүгийн хүндрэлд өртөж байна. Иймд бид энэхүү хүндрэлийг даван туулахад нь харилцагч нартаа дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих зорилгоор энгийн бизнесийн зээлтэй харьцуулахад харьцангуй бага хүүтэй буюу сарын 1.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ санал болгож байна.
- Тун сайхан санаачлага байна. Тэгвэл эдгээр зээлийг санхүүжүүлэх хямд эх үүсвэрийг хэрхэн олсон талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?
- Бид өнгөрсөн жилээс эхлэн гадаадын санхүүгийн байгууллагуудаас хямд зардалтай эх үүсвэр татах ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ жил Нидерландын Вант улсын “Frontclear” олон улсын санхүүгийн байгууллагаас 2 дахь удаагийн Репо хэлцлээр 23 сая ам.доллар буюу ойролцоогоор 65 тэрбум төгрөгийн эх үүсвэр татаж чадсан. Энэхүү хэлцэл маань Засгийн газар болон Монголбанкнаас зээлийн хүү бууруулах талаар явуулж буй бодлогод нийцсэн, цагаа олсон оновчтой хэлцэл болсон. Банкны хувьд бага хүүтэй шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргахад чухал ач холбогдол үзүүлсэн. Бид цаашид ч зээлийн хүүгээ бууруулах бусад боломж нөхцөлүүдийг судалж, шинэ санал санаачлага гарган ажиллах болно.
- Сүүлийн өдрүүдэд сошиал болон хэвлэлээр зарим банкууд дампуурах эрсдэлтэй болсон гэж шуугилаа. Төрийн банкны үзүүлэлт ямар байгаа вэ?
- Төрийн банк 2019 оны жилийн эцсээр 20.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2020 оны II улирлын байдлаар банкны нийт актив хөрөнгө 3.2 их наяд төгрөгт хүрч, 21.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Монголбанкнаас арилжааны банкуудад тавьдаг “Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд”-ийг байнга хангаж ажиллаж байгаагийн зэрэгцээ санхүүгийн тайлангаа улирал бүр банкны цахим хуудаснаа нийтэлж, олон нийт болон харилцагч нартаа санхүүгийн болон эрсдэл даах чадварынхаа талаар ил тод тайлагнан ажиллаж байгаа. Банкны эрсдэл даах чадвар, төлбөрийн чадварыг илэрхийлдэг зарим үзүүлэлтүүдээс дурьдвал, Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 20 хувиас доошгүй байхаас Төрийн банк 35.9 хувь, Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа 12 хувиас доошгүй байхаас Төрийн банк 15.1 хувь байгаа нь банкны эрсдэлгүй, найдвартай байдлыг илтгэж байгаа юм.
- Тэгвэл манай уншигчид санаа зовох хэрэггүй юм байна. “КОВИД-19” цар тахлын нөлөө банкинд хэр сөргөөр тусч байна? Та бүхэн энэхүү нөхцөл байдлыг даван туулахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
- “КОВИД-19” цар тахал дэлхий нийтэд хэрхэн нөлөөлж байгааг бид бүхэн харж байгаа. Цар тахлын нөлөөгөөр иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудын үйл ажиллагаа хумигдаж, зээл төлөх чадвар муудаж, орлого тасарсантай холбогдуулан Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд, оны эхний хагаст нийт 24,728 зээлдэгчийн 440.6 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг сунгах, үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүний төлбөрийг хойшлуулах, хугацаа хэтэрсний торгууль, шимтгэлээс чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч ажилласан бөгөөд одоо ч мөн адил зохицуулагч байгууллагуудаас явуулж буй бодлого зохицуулалтад нийцүүлэн энэ арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Харилцагчдыг банкны салбар нэгжид олноор бөөгнөрүүлэхгүй байх, банкны үйлчилгээг зайнаас хүргэх зорилгоор банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахимжуулах, цахим үйлчилгээний бүртгэлийн хураамж, зарим төрлийн шимтгэлүүдийг тэглэх, бууруулах зэргээр дэмжин ажиллалаа. Мөн банк өөрийн ашигт ажиллагааг хангах, онцгой нөхцөл байдлын үед дотоод үйл ажиллагааг тасралтгүй явуулах, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, онцгой нөхцөл байдлын үед банкны үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор ажилтнуудыг зайнаас ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж, хөл хорионы дэглэмийн үед ажиллах төлөвлөгөөг боловсруулж, 2 удаа туршлаа. Мөн ажлын байрны эрүүл ахуйн нөхцлийг хангах чиглэлээр ажилтнуудад амны хаалт олгох, банкинд нэвтрэх үед халууныг хэмжих, гар ариутгах бодисоор хангах зэргээр байнгын анхаарал тавин ажиллаж байна.
- 21-р зууныг технологийн эрин үе гэдэг. Үүнтэй холбоотойгоор финтек салбарын хөгжил нилээн хурдацтай өсч байна. Танай банк энэхүү хөгжилтэй хэрхэн хөл нийлүүлэн ажиллаж байгаа талаар хуваалцаач?
- Манай банк санхүүгийн цогц, хүртээмжтэй үйлчилгээгээр ард иргэдийн сайн сайхан амьдрал, улс орны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, байгаль экологийг хамгаалах, хариуцлагатай хэрэглээг дэмжих бизнесийн дэвшилтэт шийдэл бүхий үйл ажиллагаа явуулна гэж эрхэм зорилгоо тодорхойлсон. Энэхүү зорилгынхоо хүрээнд бид цахим банкны үйлчилгээг хөгжүүлж харилцагчдаа банкинд ирэхгүйгээр банкны үйлчилгээг авдаг байх бүхий л нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Манай банкны хувьд нэг онцлог зүйл бий. Тэр нь Төрийн банк Монгол улсын бүх аймаг, сум, суурин газарт өөрийн салбар нэгжтэй бөгөөд бид нийт тэтгэвэр авагчдын 40 орчим хувьд, халамж авагчдын 90 орчим хувьд үйлчилгээ үзүүлдэг. Тэтгэвэр, халамжийн мөнгө олгогдох үеэр банкны салбар нэгж дээр дараалал үүсэх нь бий. Тэгвэл бидний зүгээс тэтгэвэр, халамж авагч харилцагч нарыг картжуулах, картын хэрэглээг нь идэвхжүүлэх чиглэлд Нийгмийн даатгалын байгууллагатай хамтран ажиллаж, картыг хураамжгүй олгох, гэрээр хүргэх үйлчилгээг үзүүлж байна. Цаашид ч мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харъяа байгууллагуудтай энэ чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна. Мөн манай банкаар хэрэглээний төлбөрийн 90 гаруй хувь нь хийгддэг бөгөөд цахим сувгуудаар маань хэрэглээний төлбөрөө хялбар, ойлгомжтой, шуурхай хийх боломж бүрэн бүрдсэн байгаа. Ахмад настай үйлчлүүлэгч нарын маань хувьд цахим үйлчилгээг ашиглаж сурах, хэвших тал дээр бага зэрэг асуудал байдаг, гэхдээ тэд маань картаар үйлчлүүлж, цахимаар төлбөрөө төлдөг болж л байна. Саяхан бид “ККТТ” компанитай хамтран “QPAY Wallet” үйлчилгээнд Төрийн банкны төлбөрийн картыг холболоо. Ингэснээр манай харилцагчид өөрсдийн төлбөрийн картыг цахим хэлбэрт шилжүүлэн ашиглах боломжтой болсон. Мөн тун удахгүй Гялс зээл буюу цахим зээлийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Иймд “КОВИД-19” цар тахлын үед харилцагч нартаа цахим банкаа ашиглан банкны үйлчилгээгээ авч эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна.
Үзэл бодол
Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна
Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. МАН Бага хурлаараа гурван шалтгаанаар Ардчилсан намтай хамтрахгүй гэж ярьсан тухай би сонссон.
Түиймээс МАН-ынэнд тэндэх хулгай, луйврыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлээд байх юм байна.
Тиймээс энэ гурван үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.
Үзэл бодол
Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн иргэн цөөн байгаа болов уу. Таны санаачлан, батлуулсан дээрх хуулийн өөрчлөлт иргэдийн энэ төрлийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хамгийн эхэнд Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д нэг бүртгэгдчихвэл зургаан жил данслагддаг байдлыг халж байгааг тодотгож хэлмээр байна. Хүний амьдрал баялаг, зээл, зарим төрлийн төлбөрийг барагдуулахын зуур цаг хугацаа алдах гэх мэт бэрхшээлээс үүдэн доголдох тохиолдол гардаг даа. Тэгээд аль болох шуурхай шийдээд, зохицуулаад төлсөн ч “хар жагсаалт”-ад бичигдчихаж байгаа юм. Тэр мэдээлэл зургаан жил хадгалагдаж, Та хариуцлагагүй зээлдэгч болчихдог, энэ мэдээлэл зургаан жил Таны санхүүгийн харилцаанд нөлөөлнө. Үүнийг би хувьдаа “санхүүгийн ял” гэж тодорхойлоод байгаа.
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжээд эхлэхээр дээрх шиг нөхцөл буюу нэг удаагийн доголдлоос нь үүдсэн зургаан жилийн санхүүгийн ял оноодог байдлыг халж, эсрэгээрээ онооны системд шилжих юм. Иргэн зээлийн харилцаандаа хариуцлагатай хандаад, тухай бүр нь төлбөрөө зохих ёсоор нь төлдөг бол оноо нь нэмэгдээд яваад байна. Оноо нь өндөр байхын хэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, банк барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн хүү бага байх гэх зэргээр иргэнд илүү таатай нөхцөл, үйлчилгээ өгнө. Оноо нь тухайн иргэний биет бус санхүүгийн хөрөнгө болно. Жишээлбэл, зээл авахад хамгийн түрүүн барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгвэл энэ эрх зүйн өөрчлөлтөөр оноо нь барьцаа хөрөнгө болж болохоор нөхцөл бүрдэж байна. Аливаа банк, санхүүгийн байгууллага хариуцлагатай харилцагч буюу өндөр оноотой иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөлөө хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх боломжтой болно. Нэгэнт хариуцлагатай төлбөрөө төлөөд явдаг харилцагч учраас аль болох асуудлыг шуурхай шийдээд явах сонирхол байна шүү дээ.
Тэгэхээр иргэн оноогоо өндөр болгох эсэхээ бас тооцож болж байна. Хариуцлагатай иргэнээ нэг ёсондоо урамшуулж байгаа гэж харж болох юм.
Баримт сөхөөд харвал малчны зээл, ипотекийн зээл, тэтгэврийн зээл нь хамгийн эрсдэлгүй, чанартай зээлүүд байдаг. Зээлдэгчид нь маш хариуцлагатай гэсэн үг. Хариуцлага алдахад нь “ял оноож” байгаа юм чинь, хариуцлагатай байсных нь төлөө хөнгөвчилсөн нөхцөлтэй, бага хүүтэй зээлийг шуурхай олгох зэргээр урамшуулж болно биз дээ. Үүний нөлөөгөөр зээлийн хүү ч буурах боломжтой, онооны системд шилжсэнээр суурь нөхцөл бүрдэж байгаа гэж харж байна. Тухайлбал, төслийг боловсруулах үед 28 улсын жишээг судалсан, зээлийн хүү нь 2-4 нэгж хувиар буурсан байдаг юм билээ. Америк 1989 онд, Солонгос, Энэтхэг 2000 оны эхээр, Вьетнам саяхан онооны системд шилжсэн. Ийнхүү шилжснээс хойш 2-3 жилийн дараа зээлийн хүү буурсан байна билээ.
Энгийнээр ойлгоход банк, санхүүгийн байгууллага харилцагчаа хялбархан тодорхойлдог учраас хариуцлагатай, найдвартай харилцагчдаа хугацаа урт, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зохих ёсны зээл олгох гэх зэрэг сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай үзүүлдэг болно.
Латин Америкийн улс орнууд онооны системд шилжихээс өмнө ажлын 10 хоног буюу хагас сар зээл шийдвэрлэдэг байснаа онооны систем рүү шилжсэнээр ердөө ажлын 8 цагт зээл шийддэг болсон байгаа юм. Цаашилбал, сайн харилцагчид бүтээгдэхүүн, үйчилгээгээ хүргэхийн тулд банк, санхүүгийн байгууллага дунд өрсөлдөөн бий болдог. Одоо бол банк, санхүүгийн байгууллага тус бүр харилцагчийн мэдээллээ хадгалж, тус бүрдээ сан бүрдүүлдэг, үүнийгээ хуваалцдаггүй. Та банкаа, санхүүгийн харилцагчаа солихоор бол нөгөө талдаа шинэ хэрэглэгч болно, хүлээж авч байгаа тал Таны санхүүгийн түүхийг мэдэхгүй учраас “эрсдэлтэй” гэж үздэг. Шинэ систем үйлчлээд эхлэхээр иргэний оноо бүх нөхцөлийг илэрхийлэх учраас ямар ч банк, санхүүгийн байгууллагад очсон зөвхөн өөрт тохирхох бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг болно. Банк, санхүүгийн байгууллагууд өрсөлдөөд эхлэхээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сайжрах нь ойлгомжтой. Хөгжсөн улс орнуудын боловсронгуй болсон, туршигдсан сайн туршлагыг Монголд нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно.
-Хууль хэзээнээс хэрэгжих эхлэх вэ?
-Улсын Их Хурал 5 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Ердийн журмаар гэхээр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээд ажлын 10 хоногийн дараа хэрэгжиж эхлэхээр тооцож үзвэл энэ оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжих юм байна.
-Тэгвэл зээлийн "муу түүх" иргэний санхүүгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү?
-Хүний зээлийн мэдээллийг таван жил хадгалдаг олон улсын жишгийг хуульд тусгасан. Иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг “Зээлийн мэдээллийн сан” зөвхөн зээлийн "муу түүх"-буюу сөрөг мэдээллийг хадгалдаг байсныг өөрчилж байгаа хэрэг. Тус санд зээлдэгчийн сайн, муу бүх мэдээллийг таван жил хадгална. Юу сайжрах вэ гэхээр өмнө нь хугацаа алдаад ч болохнээ зээлээ төлсөн байхад л “хар жагсаалт”-ад ороод, тэр нь санхүүгийн харилцаанд нь зургаан жил сөрөг нөлөө үзүүлдэг байсныг халж байгаа юм. Одоо бол иргэн, зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол оноо буурна, харин нөхөөд төлчихвөл оноо нь өснө. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нь амьд, хөдөлгөөнтэй, бодит болно.
Дээрх хуультай хамт тухайн иргэн буюу зээлдэгчээс шалтгаалахгүйгээр орлогод нь доголдол үүсвэл уян хатан хандах агуулга бүхий Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үер усны аюул учирч болно, цар тахлыг бид даваад гарлаа, тухайн иргэн аргагүй болоод эмнэлэгт хэвтээд, бизнес нь явахгүй зогсож ч болно. Амьдрал баян юм чинь янз бүрийн нөхцөл үүсэж, учирч, тохиох болохоор аль болох уян хатан байж, санхүүгийн харилцаа үүсгэгч талууд зохицож байх нь зүйтэй гэж хууль санаачлагчийн хувиар үзсэн. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлдэг Хөгжлийн банк ч юм уу, Засгийн газрын тусгай сангаас авсан зээлийн харилцаанд энэ уян хатан нөхцөл үйлчлэхгүй байх ёстойг бас тогтоолд тусгасан. Татвар төлөгчдийн мөнгийг зээлж байгаа бол илүү хариуцлагатай, тооцоотой хандах ёстой гэсэн агуулгаар дээрх нөхцөлийг тодотгосон.
-Зээлийн харилцаанд иргэн янз бүрээр оролцдог. Шууд зээлэхээс гадна батлан даагчаар орсон байхад үндсэн зээлдэгч хариуцлага алдсан нь батлан даагчийн оноонд нөлөөлөх үү?
-Зээлийн батлан даалттай холбоотой харилцааг өөр хуулиар зохицуулна. Товчхондоо, Зээдийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүн санхүүгийн орчинд үнэ цэнээ өөрөө тогтоодог болж байгаа хэрэг. Хариуцлагатай байвал оноо өндөр байна. Оноо нь тухайн хүний талаар олон зүйлийг илэрхийлэх учраас биет бус санхүүгийн хөрөнгө болчихно. Өндөр оноотой бол банк, санхүүгийн салбарт Таны үнэ цэн өсөж, илүү таатай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүнийг тохирсон өртгөөр авах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс оноогоо өндөр байлгах эсэхээ иргэн, зээлдэгч өөрөө удирдана. Ийм учраас зээл, төлбөрөө цаг хугацаандаа төлөөд байхад эрмэлзэл тухайн хүнд төрдөг байх нь л дээ.
-Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэх зорилт тавьсан. Тэгвэл Таны санаачлан, батлуулсан хуулийн дагуу Монголбанк журам батлах үүрэг хүлээж байна?
-Одоогийн байдлаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна. Эдгээр компани олон улсын жишиг платформ буюу онооны зам оруулаад ирчихсэн. Суурь нь байна, эрх зүйн орчин бүрдлээ. Одоо дүрмээ тохирох ёстой. Иймд Монголбанк холбогдох журам гаргах үүрэг хүлээж байгаа. Гэхдээ бүх талыг оролцуулж, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талуудын эрх ашгийг хангасан, манай нөхцөлд хамгийн оновчтой зохицуулалт гаргах ёстой гэдэг байр суурьтай байна. Монголбанк ч энэ шаардлагыг хангах бүрэн чадамжтай гэж харж байна. Бид шинэ зүйл зохиогоогүй, бусад улс орон удаан хугацаанд туршиж, сайжруулж ирсэн сайн жишгийг л Монголдоо нэвтрүүлэх ажил шүү дээ. Иргэн санхүүгийн сахилга баттай болно, системийн хэмжээнд чанаргүй зээл буурна гээд үр дүнг нь бүгд хүртэх ач холбогдолтой.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Үзэл бодол
Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас татварын багц хуулийн шинэчлэлийн талаар тодрууллаа.
-Татварын багц хуулийн шинэчлэлийн онцлогийг танилцуулахгүй юу?
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран татварын багц хуулийн шинэчлэлийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтдээ 180 гаруй удаагийн хэлэлцүүлэгт 200 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож татварын багц хуулийн шинэчлэлийг хэрхэн хийх талаарх саналаа ирүүлсэн. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хамт Сангийн яаманд хүргүүлсэн.
Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, нийгмийн аль хэсэгт нь татварын хөнгөлөлтийг илүүтэй үзүүлэх талаар тодорхой тусгах, нэмэгдсэн өртгийн албан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар зохих өөрчлөлт оруулж, татварын уян хатан тогтолцоог бүрдүүлэхийг чухалчиллаа. Өнөөдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварт нийгмийн салбарын 70 хувь нь хамрагдаж байна. Энэхүү албан татвараас чөлөөлөгддөг хөдөө аж ахуйн салбарыг нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулдаг болгох эрх зүйн тогтолцоог бий болгох, иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус хөнгөлж буцаан олгох зэрэг заалтуудыг тусгалаа.
-Аж ахуйн нэгжүүдэд татварын ямар хөнгөлөлт үзүүлэхээр төсөлд тусч байна вэ?
-Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглүүлэв. Аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөөгүй бол дансыг нь бүхэлд нь хаачихдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн аж ахуйн нэгжид тодорхой хугацаа өгч татвараа нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн зарим нэг төрлийн татвар эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдийг өрөнд оруулдаг. Жишээ нь гаалиар дөнгөж бараа бүтээгдэхүүн нь орж ирэнгүүт олон төрлийн татвар ногдуулдаг хатуу тогтолцоо байсан. Тэгвэл тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулсны дараа буюу үр ашиг нь буй болсон цагт татвар ногдуулах нь зөв юм. Эдгээр татварын хөнгөлөлтийг буй болгосноор төсөвт ойролцоогоор 4-4.5 их наяд төгрөгийн дарамт учирна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт орж ирдэг байсан 4-4.5 их наяд төгрөгийг эргээд хувийн хэвшил рүү шилжүүлж байна гэсэн үг. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр бизнес эрхлэгчдийг дэмжиж, ингэснээр иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Үндсэндээ бол татварын багц хуулийн шинэчлэлийн зорилго нь бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, баталгаажуулахад чиглэж байна гэсэн үг.
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар
-
Улстөр нийгэм2020/10/21
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
-
Үзэл бодол2022/06/10
Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн төлөөллийг хүлээн ав...
-
Улстөр нийгэм2022/10/17
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2021/03/29
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд б...