Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Мэндчилгээ

Огноо:

,

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эрхэм хүндэт хилчин генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, үе үеийн  ахмад хилчид, ажилтан, сонсогчид  Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч  хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярын мэндийг Их сургуулийн Эрдмийн зөвлөл, Захирлын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт халуун амь бүлээн цусаа зориулсан баатарлаг эр цэргүүд, өнөө цагт Монгол Улсынхаа энхийн манаанд төдийгүй шинэ үеийн бүтээн байгуулалтад оролцож, дэлхий дахин энх тайвныг тогтоох, сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд үнэнч зүтгэж байгаа төрийн тусгай албан хаагч  Та бүхнээрээ манай эрдмийн хамт олон үргэлж бахархаж байдаг билээ.

Төрийн далбаандаа бөхийж, түмэн олон, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй хилчиддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хилчдийн яруу алдар бадартугай!
 
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ,
ДОКТОР (Ph.D), ПРОФЕССОР,
ЦАГДААГИЙН ХУРАНДАА                            П.БАТБААТАР
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө

Огноо:

,

Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир болон Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа нар оролцлоо. 

Олон Улсын Парламентын Холбоо нь 2000 оноос эхлэн таван жил тутамд Парламентын дарга нарын дэлхийн бага хурлыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн 6-р бага хурал 2025 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдвийн дор Женев хотноо болж өнгөрлөө. 

Тус бага хуралд дэлхийн 90 гаруй улс парламентын даргын түвшинд оролцож, өдгөө дэлхий дахинд тулгамдаж буй гол сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд хууль тогтоох байгууллага хэрхэн хувь нэмрээ оруулж ажиллах талаар хэлэлцэв.

Тухайлбал,

- Талцал хуваагдал газар авч буй цаг үед парламент дахь эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо;

- Амар амгалан ирээдүй, энх тайвныг цогцлоохын тулд шинэлэг шийдлийг олох;

- 2030 он гэхэд ТХЗ-д хүрэхийн тулд шинэлэг боломжийг эрэлхийлэх;

- Цахим ирээдүйг бүтээхэд парламентад гүйцэтгэх үүрэг;

- Ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц арга хэмжээ авах зэрэг таван салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Бага хуралд оролцсон төлөөлөгчдийн зүгээс зэвсэгт мөргөлдөөний асуудал аюулгүй байдалд заналхийлж, олон улсын эрх зүйн зарчим алдагдаж байгаа өнөө үед парламентын хамтын ажиллагаа, олон талт үзлийг бэхжүүлэх нь нэн чухал байгааг онцолж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэхдээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой орны хувьд аливаа сорилтыг эв эе, яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэх нь чухал ач холбогдолтойг дурдав.

Түүнчлэн даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад парламентын манлайлал, оролцоо чухал гэдгийг онцолсон юм. Тэрбээр, Монгол Улс нь ОУПХ, дэлхийн парламентуудтай хамтран амар амгалан ирээдүйг бүтээж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд тууштай ажиллахаа илэрхийллээ.

Мөн парламентад жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, тогтвортой хөгжлийг хангах асуудал 6-р бага хурлын анхаарлын төвд байв.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир нар түнш орнуудын парламентын дарга нар, ОУПХ-ын удирдлагын түвшинд албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Оросын Холбооны Улс, Швейцарын Холбооны Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Канад Улс, Казахстан Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын парламентын дарга нар болон ОУПХ-ын Ерөнхийлөгч Тулия Аксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг нартай албан ёсны уулзалт хийв.

Бүс нутгийн улсуудын парламентын дарга нартай уулзаж, санал солилцсон нь дээрх бага хурлын уриалгын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг парламентын түвшинд өргөжүүлэх боломжийг бий болгож байна хэмээн үзлээ.

Монгол Улс бүс нутгийн идэвхтэй тоглогчийн байр сууриа хадгалж, эдгээр улс оронтой хамтын ажиллагаа, тэр дундаа парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд ярилцав.

Түүнчлэн, ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр тал санамж бичгийн үйлчлэлийг 2028 он хүртэл сунгаж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаас гадна УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд туссан зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах үндэс бүрдэж байна.

Ийнхүү энэ удаагийн Олон улсын парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурлаас энх тайван, шударга ёс, хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэд хүргэх замын зураглалыг тодорхойлсон Тунхаглал батлагдлаа. Энэхүү Тунхаглалаар парламентууд энх тайвны үйл явцыг бэхжүүлэх талаар үүрэг хүлээж, түүнийг хууль тогтоомждоо тусгаж, биелэлтийг бодит үр дүнд хүргэх үүрэг амлалт авч байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс эхлэн 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсээд байгаагаас 135,582 нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:

  • 2 настай - 30304
  • 3 настай - 31843
  • 4 настай - 35698
  • 5 настай - 37837 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;

Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу...

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 23-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцод заасанчлан үндэстэн дамнасан, нарийн зохион байгуулалттай, нууц, далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх арга, зохион байгуулалт боловсронгуй болж, манай улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах шинжтэй болж байна. Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх арга хэмжээний талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

1.Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, энэ оны наймдугаар сард багтаан танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт тус тус даалгав. Энэ ажлын хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгана.

2.Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох, хязгаарлах зорилгоор Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улс, Оросын Холбооны Улс, Тайланд, Вьетнам Улс болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

3.Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх сард багтаан Засгийн газарт танилцуулах;

4.Мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулах асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон, хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлах;

5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний тархалтын тандалт, судалгаа хийж, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

Мөн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр соёл, спортын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, манай улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлын тархцыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгах арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газарт үүрэг болгов.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох