Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Сонсогчид цэргийн тангараг өргөлөө

Огноо:

,

Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элссэн 450  гаруй суралцагчийн  цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цогцолборт есдүгээр сарын 25-ны өдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, тус яамны харьяа байгууллага агентлагуудын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон  Их сургуулийн захирлын зөвлөлийн гишүүд,  бие бүрэлдэхүүн, суралцагчдын ар гэрийнхэн оролцов.

Арга хэмжээний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ная гаруй жилийн буурал түүхтэй Дотоод хэргийн их сургууль эх орондоо олон мянган алба хаагчдыг бэлтгэн өгч, тэд өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах албанд нэр төртэй хөдөлмөрлөж байна. Ахмад, дунд үеийн залгамж халаа болохоор, төрийн тусгай албанд хүчин зүтгэхээр эр цэргийн тангаргаа өргөж буй эрхэм сонсогч та бүхнийг харахад бахархалтай байна. Өргөсөн тангаргаа үргэлж давтаж, эх нутаг, аав, ээж, ард түмнийхээ итгэл сэтгэлийг санаж, нойронд сэргэг, номонд мэргэн байж, профессор багш нарынхаа заасан эрдэмд шамдан суралцаж, их эрдмийн оргил өөд үргэлж тэмүүлж байхыг үүрэг болгож байна” гэлээ.

Энэ үеэр суралцагчид урлагийн болон зэвсэгтэй, зэвсэггүй, дарцагтай жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтуудыг тус тус сонирхуулсан юм.  Суралцагчид Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын төвд 21 хоног байрлаж, цэргийн хэргийн анхан шатны мэдлэгт суралцахаас гадна сэтгэл зүйн хувьд төлөвших, төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадвар эзэмшсэнд эцэг эхчүүд баяртай байлаа.  

Мөн суралцагчид сургалтын хугацаанд цэргийн анхан шатны мэдлэг олгох, цэргийн дүрмийн хичээл, галт зэвсгийн хичээлүүдийг тус тус судалсан байна. Тэд ийнхүү цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад амжилттай суралцаж, цэргийн тангараг өргөснөөр Дотоод хэргийн их сургуулийн үндсэн сонсогч болж, суралцах эрх нь нээгдэж, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдал, шүүхийн шинжилгээний байгууллагын ирээдүйн хүний нөөц болон бэлтгэгдэнэ.

Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль нь 1934 онд байгуулагдсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Монгол Улсын ууган Их сургуулиудын нэг юм.

Тус Их сургууль нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэх үүрэгтэйгээр Удирдлагын академи, Ахисан шатны боловсролын сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, Нийгмийн ухааны сургууль, Шинжлэн магадлахуйн  институт, Гадаад хэлний институт, Ахлагчийн сургууль, Ахлах лицей сургууль гэсэн бүрэлдэхүүн 11 сургуультайгаар, мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын түвшинд нийт 30 орчим чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна гэж Дотоод хэргийн их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох