Улстөр нийгэм
Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэв

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Коронавируст халдварын цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд үргэлжлэн нөлөөлөх шинжтэй байгааг харгалзан 2021 онд буцаад 22 хувь болж нэмэгдэх байсан НДШ-ийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ийг хүртэл өдрийг хүртэлх хугацаанд 17 хувиар буюу ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгал болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг нийт дүнгээр нь 3-5 нэгжээр бууруулахаар тооцсонтой холбогдуулах Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж байлаа.
Түүнчлэн, манай улсын мал сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрээд байгаа нь хүн амын хүнсний хэрэглээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй хэдий ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна. Иймд орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг ирэх оноос олгохоор төлөвлөж байгаатай холбогдуулан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Хуулийн төсөл батлагдсанаар малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломж бүрдэх болно. Энэхүү хуулийн төсөлтэй уялдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг онцлов.
Мөн Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир спорт, соёлын салбарт хэрэгжүүлж байгаа санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл болон орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт төсвийн зарцуулалтын эрхийг эрүүл мэндийн даатгалын санд олгох, сумын эрүүл мэндийн төвийг 2021 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2020 оны 7 дугаар сард орсон өөрчлөлтөөр нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн асуудал Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон, орон нутаг дахь соёлын үйлчилгээ орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэгт шилжсэн, түүнчлэн малын тоо толгойн татвар нь сум, дүүргийн татварын орлогын бүрэлдэхүүнд хамрах болсон зэргээс шалтгаалан холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Концессын үр дүнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр төрийн эсхүл орон нутгийн өмчлөлд ирээдүйд тодорхой эд хөрөнгө бий болох ба энэхүү хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хамаарч байна. Иймд үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зорилгоор концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг төрийн худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх, үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлаас “концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг хасаж, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудалд хамруулахаар Засгийн газрын тухай хуулийн тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж танилцуулгад дурдлаа.
УИХ-ын Төсвийн байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Байнгын хорооны санал, дүгнэлтдээ онцолсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдон Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, С.Чинзориг, Т.Доржханд, Х.Болорчулуун, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Н.Наранбаатар, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Н.Ганибал, Н.Алтанхуяг, Ч.Ундрам, Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Засгийн газраас малын тоо толгойн албан татварын хуулийн төсөлд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас татварын хувь хэмжээг тогтоож, бүрдүүлсэн төсвөө зарцуулах асуудлыг шийдвэрлэх зарчмыг баримталсан. Өөрөөр хэлбэл, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж, малын үүлдэр угсааг сайжруулах, малын эрүүл мэндийн асуудал зэргээр зарцуулалтыг нь тодорхой заалгүй, сум орон нутгийн онцлогийг харгалзаж, төвлөрлийг сааруулж, иргэд өөрсдөө асуудлаа шийдвэрлэх эрхийг нээж өгөхөд чиглэсэн. Мөн албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өмчилсөн малаа хаана бүртгүүлсэн тэрхүү сум, дүүргийн төсөвтөө татвараа төлнө гэдгийг Сангийн сайд хариултдаа онцолсон. Мөн Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг хамгийн оновчтой, үр ашигтай ашиглах ёстой.
Гадаадын их дээд сургуульд суралцах нэг оюутны төлбөр нэлээдгүй хөрөнгө болдог. Засгийн газрын зүгээс Монголын төр, хувийн хэвшлийн гэлгүй Топ-10 их дээд, сургуулийг дэмжинэ гэсэн бодлогыг баримталж байна. Иймд Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг эдгээр сургуулиудад зарцуулна. Төсвийн нэг төгрөгийг ч оновчтой зарцуулах ёстой. Чанартай, чанаргүй 100 гаруй их дээд сургуулиуд олон айлын хөрөнгийг барж байна. Эцэг эхийн цалингийн зээл, мал хөрөнгийг зараад их, дээд сургуульд суралцсан хүүхдүүд чанаргүй боловсрол эзэмшиж, ажлын байрны шаардлага хангахгүй байгаа нь эдийн засгийн хувьд асар их хөрөнгийн буруу зарцуулалт болж байна гэдгийг Сангийн сайд хариултдаа онцлон тэмдэглэсэн.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудыг дагасан хуулийн төслүүдийн талаарх УИХ-ын гишүүдийн асуулт хариултаар чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа.
Улстөр нийгэм
ЗГ: Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 23-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцод заасанчлан үндэстэн дамнасан, нарийн зохион байгуулалттай, нууц, далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх арга, зохион байгуулалт боловсронгуй болж, манай улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах шинжтэй болж байна. Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх арга хэмжээний талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
1.Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, энэ оны наймдугаар сард багтаан танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт тус тус даалгав. Энэ ажлын хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгана.
2.Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох, хязгаарлах зорилгоор Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улс, Оросын Холбооны Улс, Тайланд, Вьетнам Улс болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
3.Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх сард багтаан Засгийн газарт танилцуулах;
4.Мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулах асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон, хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлах;
5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний тархалтын тандалт, судалгаа хийж, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Мөн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр соёл, спортын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, манай улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлын тархцыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгах арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газарт үүрэг болгов.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Душанбе” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, тус улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү нар угтаж авлаа.
Энэ удаагийн айлчлал Төв Азийн улс орнууд, тэр дундаа Тажикстан Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж талууд үзэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргана.
Айлчлалын хүрээнд хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн тус улсын Мажлиси Намояндагон /Парламентын доод танхим/-ын даргыг хүлээн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүн нарын ивээл дор анхны бизнес форум болон соёл, урлагийн тоглолт болох юм. Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улсаас анх удаа Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Душанбе хотноо хүрэлцэн ирсэн даруйдаа Тажикийн түүх, соёлын бэлгэ тэмдэг болсон Исмоил Сомони-гийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Тажикийн төрт ёсны түүхэнд тод мөрөө үлдээсэн Саманидын анхны эмир Исмоил Сомони-г ард түмэн нь мөнхөд дээдэлдэг бөгөөд 13 метр өндөр хөшөөг нь бүтээж, IX-X зуунд Бухарт баригдсан Саманидын бунхны хуулбар бүхий музей байгуулжээ.
Хөшөөний хоёр талд байрлах хүрэл арслангууд нь улсын тогтвортой байдал, энх тайван, үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг. Тажикистан Улсад айлчилж байгаа төр, засгийн тэргүүн, хүндэт зочид тус улсын Төрийн ёслолын журмын дагуу хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм.
Улстөр нийгэм
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 24-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Цаг үе2024/05/27
ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ
-
Улстөр нийгэм2023/01/24
Авлига, албан тушаалын 9 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв
-
Цаг үе2022/12/09
Халдварт өвчний үед хэрэглэх антибиотикийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй ...
-
Улстөр нийгэм2020/10/27
УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал сунгах саналыг гаргалаа