Улстөр нийгэм
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 43 дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн хамт бүрэн эхээр нь нийтэллээ. "КОВИД-19"-ын цар тахлын тархалтын эрсдэлийг хязгаарлах, бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлага бий болсон. Энэ хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж буй КОВИД-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжихэд зориулан 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай тус банктай тохиролцсон байна. Уг хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү + 0.85 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь нөхцөлтэй байхаар хэлэлцээрт тусгагджээ.
Мөн “Түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоолын төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэлсэн. Тухайлбал, “Түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” тогтоолоор коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нар, Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан бол “Тогтоолын төсөл буцаах тухай” тогтоолд Улсын Их Хурлын нэр бүхий таван гишүүнээс өргөн мэдүүлсэн ““Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаахаар тусгагдсан байлаа.
Түүнчлэн энэ удаагийн дугаарт “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн батлах тухай”, “Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам” зэрэг Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн.
Засгийн газрын "Журам батлах тухай" тогтоолоор Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Алдар цолтон ахмад настанд нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдэл, хөнгөлөлтөд хамрагдах иргэн цахим хэлбэрээр хүсэлт гаргах, уг хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхээр зохицуулжээ. Тухайлбал, иргэд нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ нийгмийн халамжийн нэгдсэн систем буюу “www.ecare.mn” цахим хуудас болон “ecare” гар утасны аппликейшн, төрийн үйлчилгээний цахим машин буюу цахим систем ашиглан гаргах бөгөөд системийн “Бүртгүүлэх хэсэг”-т регистрийн дугаар, эцэг/эхийн нэр, өөрийн нэр, цахим шуудан (имэйл)-ийн хаяг, гар утасны дугаар мэдээллийг кирилл үсгээр бичиж, бүртгүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Харин “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн батлах тухай” тогтоолд дотоодын үйлдвэрт захиалгаар үйлдвэрлэх протез, ортопед, тусгай хэрэгслийн нийт 66 төрлийн жагсаалтыг жишиг үнэ, хамрагдах бүлгийн хамт нарийвчлан зохицуулсантай дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Улстөр нийгэм2019/10/15
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Улстөр нийгэм2021/09/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнертай уулз...
-
Цаг үе2021/01/04
Нийслэлд зохион байгуулж буй шинжилгээний төвүүдийн хаяг, байршил
-
Цаг үе2023/08/11
Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 21.0 хувиар өс...