Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хугацааг сунгахтай холбоотой түгээмэл асуулт, хариултууд

Огноо:

,

Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийн хүрээнд бүх хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах боломжтой юу?

Үгүй. Зөвхөн Ковид-19 цар тахлын улмаас эргэн төлөлтөд хүндрэл учирсан хэрэглээний зээлүүдийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сараар сунгах боломжтой.  Харин орлого буураагүй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжтой зээлдэгчдийн хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй.

Өмнө нь зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан зээлдэгчид хэрэглээний зээлийн хугацааг дахин сунгах боломжтой юу?

Тийм.  Өмнө нь зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан эсэхээс үл хамаарч хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 хүртэлх сараар сунгах боломжтой.  

Энэ удаагийн шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр гарсан шийдвэрийн хүрээнд Ковид-19 цар тахлын улмаас эргэн төлөлтөд хүндрэл учирсан зээлүүдийн хувьд үлдэгдэл хугацааг 12 хүртэлх сараар сунгах боломжтой байгаа. Тус шийдвэрийн хэрэгжилт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх байсныг 2021 оны 7-р сарын 1 өдрийг хүртэл сунгасан. Тиймээс одоо ч хэрэгжээд явж байгаа, ирэх оны 7 сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжих арга хэмжээ гэж ойлгож болно.

Хэрэглээний зээлд ямар төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүд багтдаг вэ?

Өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүнийг хэрэглээний зээл гэж ойлгож болно. Тодруулбал, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хэрэглээний зээлд хамруулдаг.

Дээрх шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийн хугацааг сунгахад зээлийн үлдэгдэл дүнд өөрчлөлт орох уу?

Зээлдэгч банктайгаа тохиролцон зээлийн хугацааг сунгахдаа үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж буй хугацаанд хүүний төлбөрийг төлөхгүйгээр хойшлуулсан тохиолдолд л хуримтлагдсан хүүний төлбөрийг үлдэгдэл хугацаанд тархаан байршуулах дүнгээр өсч болно. Бусад тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнд өөрчлөлт орохгүй.

Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахад иргэд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

Орлого тасалдаж, зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан зээлдэгчид банкинд хүсэлтээ гарган нөхцөлөө өөрчлөх боломжтой. Банкны зүгээс байгууллагын тодорхойлолт эсвэл дансны хуулга болон бусад холбогдох материалууд дээр үндэслэн орлого тасалдсаныг тогтоож ажиллана.

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг зээлийн төлөлтийг зогсоох гэж ойлгох тал байна. Дээрх шийдвэрийн гол агуулга нь юу вэ?

Энэ шийдвэр нь хэрэглээний зээлийн төлөлтийг зогсоож буй шийдвэр биш. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор иргэдийн орлого буурч, хэрэглээний зээлийн эргэн төлөлт саатах эрсдэл бий болж байгаа тул системийн тогтвортой байдлыг хангахын тулд зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн санхүүгийн чадавхтай уялдуулах шаардлага үүсч байна.  Иймд нөхцөлийг нь өөрчлөх шаардлагатай хэрэглээний зээлийн хувьд хугацааг нь 12 хүртэлх сараар сунган эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгож байгаа шийдвэр юм.  

Монголбанкны зүгээс аль болох зээлдэгчдийн төлбөрийн чадварыг нарийвчлан харгалзан үзэж эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэхийг банкуудад зөвлөж байгаа. 

Хэрэглээний зээл авсан зээлдэгчийн орлого буураагүй ч өрхийн гишүүн нь түр хугацаанд ажилгүй, орлогогүй болсон тохиолдолд энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу?

Боломжтой. Гэхдээ зээлдэгч нь нэгдүгээрт, ажилгүй эсвэл орлого тасалдсан иргэнийг өөрийн өрхийн гишүүн гэдгийг, хоёрдугаарт, тухайн өрхийн гишүүн нь Ковид-19 цар тахлын улмаас орлого тасалдсан гэдгийг нотлох шаардлагатай.

Зээлдэгч зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд заавал 12 сараар зээлийн хугацааг сунгах уу?

Үгүй. Зээлдэгч нь банктайгаа тохиролцож зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд 12 сар хүртэлх хугацаагаар зээлийн үлдэгдэл хугацааг сунгаж болно.

Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулахад өр, орлогын харьцаа нь 60 хувиас өндөр байгаа зээлүүдийн хувьд хугацаа сунгаж болох уу?

Болно. Ялангуяа өмнө нь өндөр өр орлогын харьцаагаар авсан зээлүүдийг 12 сараар сунгасан ч өр орлогын харьцаа нь 60 хувиас давах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.

Хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараас урт хугацаагаар сунгах боломжтой юу?

Зөвхөн Монголбанкнаас тогтоосон хугацаа (30 сар) болон өр, орлогын харьцааны (60 хувь) хязгаарлалтын хүрээнд боломжтой. Жишээлбэл, зээлийн хугацаа 10 сар, зээлдэгчийн өр, орлогын харьцаа 60 хувиас бага тохиолдолд банк болон зээлдэгчид тохиролцон зээлийн үлдэгдэл хугацааг 20 хүртэлх сараар сунгах боломжтой юм. Харин дээрх хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн үлдэгдэл хугацааг зөвхөн 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжтой.

Зээлийн хугацааг 12 сараар сунгахдаа хүүний төлбөрийг 3 сараар хойшлуулсан тохиолдолд нийт 15 сараар зээлийн үлдэгдэл хугацаа уртасна гэсэн үг үү?

Үгүй. Макро зохистой бодлогын хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн хугацааг сунгах нийт хугацаа 12 сараас хэтрэхгүй бөгөөд 3 сараар хойшлуулж байгаа нь 12 сардаа багтана.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох