Шударга мэдээ
Засгийн газар: Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолно

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтоод байгаа юм. Энэ төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг дараах тайлбарыг өгч байна.
-Уг багц хуулийн төслийн хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаад байгаа болно. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох асуудал тодорхойгүй байсныг засаж, боловсронгуй болгохоор холбогдох зохицуулалтыг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд нэмж тусгах зэрэг холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгаад байна гэлээ.
Шударга мэдээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авсан. Эдгээр автобусаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Тодруулбал, Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино.
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн шинэ загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийтийн тээврийн шинэ чиглэлийн зогсоолын байршил:
Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, “Чингис хаан” олон улсын нисэх буудал
Х:20-“Буянт-Ухаа” спорт цогцолбор, Архивын ерөнхий газар-“Чингис хаан” олон улсын нисэх буудал
Шударга мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Шударга мэдээ
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа
Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал, импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, хямд өртөгтэй эрүүл хүнсээр хангах, инновац шингэсэн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Агросити” дагуул хотыг барихаар төлөвлөж байна.
Энэхүү “Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа тавдугаар сарын 7-ны өдөр бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.
“Агросити” дагуул хот нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361-ын гарам, Рашаант, Жаргалант зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан суурьшлын бүсүүдтэй. Дагуул хотын нутаг дэвсгэрийн 9000 га талбайд Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор “Эдийн засгийн тусгай бүс”-ийг байгуулсан. Одоогийн байдлаар хотын уг суурьшлын бүсэд 2689 өрхийн 7652 иргэн оршин сууж байна. Тус бүсэд цахилгаан хангамжийн шугам сүлжээ хэвийн, бие даасан дулааны эх үүсвэртэй.
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.