Улстөр нийгэм
Монголын сайтын холбоо үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тууштай хамгаалахаа мэдэгдлээ
Монголын сайтын холбооноос цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэв.
Монголын сайтын холбоо нь цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган холбоо бөгөөд 11 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус холбоо нь “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриан дор сургалт, сурталчилгааны ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран мэргэжлийн ёс зүйтэй цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх, цахим орчинд хүний эрх, эрх чөлөө, оюуны өмчийг дээдлэх, цахим орчинд соёлтой, зөв хэрэглээг бий болгох чиглэлээр ажилладаг билээ. Монгол Улсын Засгийн газраас ардчиллын гол баталгаа болсон хэвлэлийн эрх чөлөөг хумих, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боогдуулсан хуулийн төсөл боловсруулж, мэргэжлийн холбоодод урьдчилан мэдэгдэж, нэгдсэн санал авалгүйгээр батлуулах гэж зүтгэж байгааг Монголын сайтын холбооноос эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
- Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдийг 2 сая, хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 хүртэл сая төгрөгөөр торгодог, торгох, цагдахаар айлган сүрдүүлж дарамталдаг байдал бий болоод удаж байна. Гэтэл хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах гэсэн энэ үйлдэл улам гаарч Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 80 хүртэлх сая төгрөгийн торгууль оноодог, сэтгүүлчдийг 5 хүртэлх жил хорих ялтай болгоод зогсохгүй олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг торгож шийтгэдэг болохоор хуулийн төсөл боловсруулж байгаад гүнээ харамсаж байна.
- Улстөрчид иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хатуу хязгаарлах, нийгмийн сүлжээг хаахыг удаа дараа оролдож байгаа бөгөөд энэхүү бусармаг санаархлаа Эрүүгийн хуулинд тусган хэвлэл мэдээллийн байгууллагыг санхүүгийн бүрэн хараат байдалд оруулах, иргэдийг үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болгохыг санаархаж байна.
- Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөмжийг 2017 онд хүлээн авч, сэтгүүлчдэд мэдээлэл түгээх, иргэдэд үзэл бодлоо илэрхийлэхэд нь хатуу хяналт болдог нэр төр гутаах, гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хэсэгчлэн халсан билээ. Гэтэл өнөөдөр энэхүү хуулийг сэргээн, ял шийтгэлийг улам чангаруулж, ардчиллын үнэт зүйл болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж, хүний эрхийг хязгаарлаж боогдуулах гэсэн энэхүү хуулийн заалтаа эрх баригчид өмгөөлөн худал мэдээ тараах, гүтгэх гэсэн зүйл заалтаар хаацайлж байгааг эсэргүүцэж байна.
- Мэргэжлийн сэтгүүлчид бид худал мэдээ тараахгүй, бусдыг гүтгэн доромжлохгүй байх зарчмыг баримталж ажилладаг. Монголын сайтын холбоо нь өөрийн зохицуулалтын байгууллагыг байгуулахд санаачлагчийн бүлэгт нэгдэн орж, мэргэжлийн ёс зүйн кодоо батлан, сэтгүүлчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомж, хүний эрхийн конвенциудыг дагаж мөрдөж ажиллахыг чухалчилдаг билээ. Гэтэл эрх мэдэлтнүүд Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг айлган дарамтлах, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд бүдүүлгээр халдаж байгааг эсэргүүцэж байна.
- Хувь хүний нэр хүндийн асуудлыг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болгон зүйлчилж, 5 хүртэлх жилээр хорих ялтай Эрүүгийн гэмт хэрэг болгон хуульчилж болохгүй хэмээн Монголын сайтын холбооноос үзэж байна.
- Мэдэх, мэдээлэл олж авах нь aрдчилсан нийгэмд амьдарч буй иргэн хүний үндсэн эрхийн нэг юм. Тиймээс Монголын сайтын холбоо сэтгүүл зүйн үнэт зүйлийг хумиж боохоор санаархаж байгаа энэ үйлдлийг эсэргүүцэж, иргэдийн мэдээлэл хайх, олж авах, мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллах болно.
Монголын сайтын холбооноос
- Эрүүгийн хуулийн төслөөр сэтгүүлчид болон сошиал хэрэглэгчид 5 хүртэл жилээр хоригдох боломжтой болоод байгаа энэ үед Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхийг эсэргүүцэж байна.
- Энэ хуулийн төслийн хэлэлцүүлэгт салбарын аль ч байгууллага оролцохгүй байхыг уриалж байна.
- Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийг зогсоохийг шаардаж байна.
- Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх 13.14 дэх заалтыг бүрмөсөн хасах шаардлагатай гэж үзэж байна.
- Хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалах, шударга бус зохицуулалтыг албадан тулгах гэж буй үйлдлийн эсрэг сэтгүүлчид, редакциуд, мэргэжлийн холбоод нэгдэж, байр суурь, дуу хоолойгоо хамтарч хүргэхийг уриалж байна.
- Ардчиллыг дээдэлдэг, шударга ёс, хүний эрхийг хүндэтгэдэг хүн бүрийг мэдэх эрхийнхээ төлөө, мэдээлэл олж авах эрхийнхээ төлөө тэмцэхийг сануулж байна.
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО
2020.12.15
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Цаг үе2020/06/18
Нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байна
-
Цаг үе2024/10/04
Компьютерын танхимыг БНСУ-ын жишгээр тохижууллаа
-
Улстөр нийгэм2025/06/06
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” олон у...
-
Шударга мэдээ2020/05/12
Сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдоно
