Урлаг спорт
Х.Мандахбаяр: Үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоороо дамжуулан Монголоо дэлхийд сурталчилна
"GOBI CHALLENGE-2020" ОЛОН ӨДРИЙН ТЭМЭЭН АЯЛАЛ РЕАЛИТИ ШОУ
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9-НД ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛНО
Монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн өвөрмөц зан заншил, хоёр бөхт тэмээний хосгүй үнэт өв соёлоор дамжуулан Монгол Улсыг хилийн чандад сурталчлах томоохон зорилготой “Gobi challenge-2020” төслийн ерөнхий продюсер, “Эрхэт Монгол” медиа группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяртай ярилцлаа.
-“Эрхэт Монгол” медиа групп, “Тэмээн жинчин” сантай хамтран “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллыг амжилттай зохион байгууллаа. Тэмээн аялал гэдэг утгаараа “тэмээчин бүсгүй” Н.Байгалмаатай хамтран ажилласан байх, тийм үү?
-Тийм ээ, Монголчууд нийтээрээ “тэмээчин бүсгүй” Н.Байгалмаагийн аяллыг сонирхдог болсоор удлаа. Миний бие монголчуудынхаа адилаар Н.Байгалмаагийн үзэгч, сошиал дэмжигч нь байсан. Сонин юм шүү, яагаад жирийн нэгэн монгол бүсгүйн толгойд “Тэмээ унаад дэлхийг тойрно”, “Английн хатан хаантай уулзана” гэсэн бодол төрдөг байна аа. Ганц надад биш олон хүнд сонин санагдсан байх. Би өөрөө говийн хүн. Тэр утгаараа тэмээг хайрлаж, сурталчилж байгаа бүсгүйд үзэгчийн сэтгэлээр “дурлаж” байгаа юм. Ингээд сэтгүүлч хүнийхээ хувьд “Н.Байгалмааг дэмжих ёстой юм байна” гэсэн хувийн итгэл үнэмшилтэй болсон. Гэхдээ миний хийсэн зүйл нь Н.Байгалмаагийн сошиал орчинд тавьсан пост болгон дээр “лайк”, зураг болгон дээр “зүрх” дарах хэмжээнд байв. Бас өөрийнхөө эзэмшиж байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “Тэмээчин бүсгүйг дэмжиж ажиллаарай” гэдэг санал хүргүүлсэн. Учир нь Н.Байгалмаагийн эхлүүлсэн ажлын цараа, хүсэл мөрөөдөл, бэрхшээлийг даван туулж байгаа хүч зориг, тэвчээр хатуужлыг монголчууд бид дэмжих ёстой шүү дээ. Ер нь монгол хүн монгол хүнээ, Монголыг гэсэн үзэл санаа, ажил үйлсийг дэмжих ёстой. Ийм л үзэл санаагаар Н.Байгалмааг анх дэмжиж эхэлсэн.
-Та Н.Байгалмааг дэмжих болсон шалтгаанаа ярилаа. Гэхдээ Та хоёр яаж танилцсан юм бэ?
-Би Н.Байгалмаагийн идэвхтэй “лайк”-чдийн нэг байсан учраас намайг анзаарсан юм шиг байгаа юм. Мөн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн даргаар ажиллаж байсан болохоор Н.Байгалмаа “Сэтгүүлчдийн холбооны дарга нь намайг дэмжиж байгаа юм байна” гэж бодсон байх. Тэр үед Н.Байгалмаа маань дундад Азиар аялж байсан. Нэг өдөр надад сошиалаар захидал /чат/ ирж байна. Өөрийгөө танилцуулаад “дэмжиж явдагт баярладаг шүү” гэжээ. Тэгээд Н.Байгалмаа “Таны эзэмшдэг зарим сайт дээр миний хувийн амьдралтай холбоотой мэдээлэл гарсан байна. Түүнийг аваад өгөх боломж байна уу” гэж хүссэн. Энэ бүхнийг ярьж байгаа шалтгаан нь “Gobi challenge-2020” төсөл хэрэгжихэд урьдач нөхцөл юу байсан бэ гэдгийг тайлбарлах гэснийх юм. Н.Байгалмаа гэдэг тэмээчин бүсгүй, Х.Мандахбаяр гэдэг сэтгүүлчийн чин хүслийн цаана энэ төслийг хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл бүрдэж байсан гэдгийг ойлгуулах гээд нуршиж яриад байгаа юм шүү.
Ингээд Н.Байгалмаад “Ах нь редакцийн бодлогод оролцдоггүй. Сэтгүүлчийнхээ бичиж байгаа зүйлд нөлөөлдөггүй, сэтгүүлч хараат бус ажиллах ёстой гэсэн зарчим баримталдаг” гэдгээ тайлбарлалаа. “Гэхдээ ах нь чамайг зөв юм хийсэн, буруу юм хийсэн болохыг мэдэхгүй. Хувийн амьдрал чинь надад сонин биш. Монгол бүсгүй Монголынхоо төлөө ганцаараа зүтгэж байхад заавал хувийн амьдралаар нь сэтгэл санааг нь үймүүлэх хэрэг байхгүй. Тиймээс би нэг удаа зарчмаасаа ухарч хүсэлтийг чинь биелүүлье. Дахиад битгий ийм хүсэлт надад тавиарай. Харин аяллынхаа тухай мэдээлэл өгч, манай телевиз, сайтуудад ярилцлага өгч байгаарай” гэсэн.
Удалгүй би 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшлээ. Сонгуулийн үеэр Н.Байгалмаа холбоо барьдаг юм байна. “Сайн байна уу, Таныг нэр дэвшиж байгаад баяр хүргэе. Би Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байна. Тантай уулзаж, амжилт хүсье. Яагаад гэвэл таны байгаль хамгаалах үйлс, эх оронч үзлийг би дэмждэг. Нөгөө талаар та надад ямар ч болзолгүйгээр сэтгэлийн дэм өгч байсан учраас дүү нь тантай уулзах гэсэн юм. Миний олон улсын аялал цар тахлаас болоод саатсан. Энэ хугацаандаа би дотоодын тэмээн аялал хийх гээд зорьж явна” гэсэн. Ингээд бид хоёр уулзахаар болоод байтал миний сонгуулийн сурталчилгааны маршрут өөрчлөгдөөд тав хоногийн дараа Мандал-Овоод иртэл Н.Байгалмаа хүлээж л байсан. Хөдөө хээр гэрээ дугуйлаад, мөнгөн аягатай сүүгээ бариад угтсан. Бид тэгж анх удаа уулзаж байлаа.
(1).jpg)
-Ингээд Н.Байгалмаатай хамтран “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллыг зохион байгуулсан юм байна?
-Тэр үед Н.Байгалмаа цар тахлын хил хаалттай хугацаанд тэмээн аяллаа тасалдуулахгүй гэж зорин “Монгол давлагаа” буюу “Mongolian wave” төслөө санаачлан хэрэгжүүлж байсан. Гэтэл надтай уулзсанаас болоод Х.Мандахбаярыг дэмжсэн хэмээгдэж сөрөг хүчний намын өрсөлдөгчдийн зүгээс тэмээнүүдийг нь “хураасан” байгаа юм. Тэд “Монгол давлагаа” аяллыг дэмжиж, тэмээгээр тусалж байж л дээ. Гэтэл гэнэт мөнгө нэхэж, тэмээг нь “хураагаад” авчхаж. Үндсэндээ надаас болж байгаа хэрэг.
Тэгээд Н.Байгалмаа бас сонин хүн. Тэр үед надад хэлээгүй. Сонгууль дууссаны дараа манай ажил дээр ирээд энэ тухайгаа анх удаа ярьж байгаа юм. “Би таныг их ажилтай байхад дуулгаад яахав гэж бодсон” гэсэн. Хариуд нь би Н.Байгалмаад “Тэгвэл хоёулаа хамтраад бүр өргөн цар хүрээтэй тэмээн аялал зохион байгуулъя. Ахад нь санаа байна. Би говийн хүн. Өмнөговийн бүхий л үзэсгэлэнтэй газраар тэмээтэй аялъя. Уул хангайгаа ухаж биш, гайхуулж, аялал жуулчлалаар мөнгө олж болно гэдгийг монголчууддаа ойлгуулъя. Хоёрдугаарт, дүүгийн тасалдсан төслийг үргэлжлүүлье” гэсэн. Ингээд бидний санаа нийлж, удалгүй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичиг дээрээ үндэслээд “Gobi challenge-2020” төслийг санаачилж, “Эрхэт Монгол” медиа группийн 40 гаруй хүнтэй багаар зохион байгуулалтынхаа ажилд ханцуй шамлан орсон. Үндсэндээ 2020 оны долоодугаар сараас эхлээд бүтэн дөрвөн сар бэлтгэл хангасан. Их ч өндөр өртгөөр, олон ч хүний хүч хөдөлмөрөөр “Gobi challenge-2020” төслийн контент болох 10 цуврал реалити шоу нэвтрүүлэг бүтсэн.
-“Gobi challenge-2020” төсөл говийн үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоор дамжуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилготой. Энэ зорилгоо биелүүлж чадсан уу?
-Цар тахлын жил таарлаа шүү дээ. Тиймээс гадаад харилцаан дээр тодорхой бэрхшээлүүд үүсээд байна. Н.Байгалмаа олон улсын аялагчдынхаа чиглэлээр, манай групп медиа шугамаар гадаад харилцаандаа анхаарч ажиллаж байна. Бид зорилгоо биелүүлсэн гэхээсээ илүүтэй том ажлын шан татлаа гэж хэлэх байна. “Gobi challenge” төсөл ганцхан жил өрнөөд дуусчихгүй. Цаашдаа илүү өргөн цар хүрээтэй үргэлжилнэ. Магадгүй энэ жилийн контентийн формат, стандартад зарим нэг дутагдал байхыг үгүйсгэхгүй. Харин ирэх жил энэ төсөл улам чамбайрна. Бидэнд төлөвлөсөн ажил их бий. Тэмээ унаж байгаа оролцогчдыг олон улсаас сонгохоор “Gobi challenge” төсөл олон улсын чанартай болно. Дээрээс нь нэвтрүүлгийг гаднын томоохон медиа группүүдийн уран бүтээлчид хамтран бүтээнэ. Ингээд ирэхээр “Gobi challenge” төсөл Монголын гадаад сурталчилгаа, өвлийн аялал жуулчлал, байгаль хамгаалах үзэл санаанд асар том хувьсгал хийнэ гэж үзэж байгаа юм. Энэ том амбицийг биелүүлэх эхний алхмаа тун амжилттай гүйцэтгээд байна.

-“Gobi challenge-2020” нэвтрүүлэг хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?
-Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллын нэвтрүүлэг долоо хоног бүрийн бямба гарагт үзэгчдийн хүртээл болно. Анхны нэвтрүүлэг нь ирэх бямба гарагт буюу 2021 оны нэгдүгээр сарын 9-ний 20:30 цагаас “ТВ8” телевизээр гарна.
-Тэмээн аяллын маршрут сонирхолтой байна?
-“Gobi challenge-2020” аялалд нийгмийн салбар бүрийн төлөөлөл 10 оролцогч нэгдэн тэмээтэй аялсан. Аяллын туршид Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 өдрийн турш аялахдаа 650 км зам туулан барианд орсон юм.
-Олон өдрийн тэмээн аяллаас үзэгчид юу мэдрээсэй гэж хүсэж байна вэ?
-Би нэвтрүүлгийн агуулгыг ярих учиргүй. Товчхондоо үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоороо дамжуулан Монголоо дэлхийд сурталчилна. Хүмүүс манай контентийг үзээд өөрсдөө мэдрээсэй гэж хүсэж байна. Тун чиг олон зүйлийг өгүүлэх шоу болсон. Би нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Н.Байгалмаа гэдэг бүсгүй тэмээ унаад хилийн чандад аялаагүй бол энэ шоу нэвтрүүлгийн санаа төрөхгүй байсан биз ээ. Монгол бүсгүйн ид шидийн гэмээр хүсэл тэмүүллээс урган гарсан тэр аялал юуг агуулж байгаа вэ гэдгийг цомхон хэлбэрээр агуулж байгаа юм. Цар тахал дууссан үед “тэмээчин бүсгүй” аяллаа үргэлжлүүлэхэд маань цаашдын зам нь дардан байгаасай, олон хүн дэмждэг байгаасай гэдэг үзэл санаа ч энэ шоуг бүтээхэд ихээхэн нөлөөлсөн гэдгийг тэмдэглэе. Цар тахлаас болоод улс орнуудын хил хаагдчихсан. Тэмээн аялал битгий хэл дэлхийн эдийн засаг царцсан үед Н.Байгалмаа "Монгол давлагаа" төслөө санаачилж өөрийнхөө аяллыг үргэлжлүүлэх сонирхолтой байсан. Харамсалтай нь улс төрийн шалтгаанаар саад учирсан нь бид хоёрыг хамтарч ажиллах боломжийг нээж өгсөн юм.
Ер нь “тэмээчин бүсгүй”-н олон улсын аяллаас бид нэг зүйлийг олж харах учиртай. Хувь хүн Н.Байгалмаа тэмээ унаад хүсэл мөрөөдлөө биелүүлж байгаа мэт харагдах боловч монгол хүн хоёр бөхт тэмээгээрээ дэлхийг тамгалж, улс орноо хилийн чандад сурталчилж байна шүү дээ. Энэ бүсгүй монголчуудынхаа хүсэл мөрөөдлийг тэмээнийхээ нуруун дээр ачаалаад дэлхийд алхаж байгаа гэж бид сэтгэх ёстой. Цаашид Монголын төлөө гэсэн энэ санаачилгыг ард түмэн маань илүү тод олж харж, төр засаг маань бодитой дэмжээсэй гэж би хүсэж байна. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд Н.Байгалмаагийн олон улсын тэмээн аяллын төслийг сурталчилгааны томоохон арга хэрэгсэл гэдгийг олж хараасай. За тэгээд “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэж сайхан үг бий дээ. Бид Н.Байгалмаа шиг хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа эх оронч галыг бадрааж байх ёстой юм.
-Таны хэлсэнчлэн эх оронч үзэл санааг дэмжсэн байгууллагуудыг нэрлэхгүй юу?
-“Gobi challenge-2020” төслийг олон байгууллага ивээн тэтгэж оролцсон. Төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ ажилласан. Ивээн тэтгэгч байгууллагаар “Энержи ресурс” ХХК, “Ард Кредит” ХК, “Ард Лайф” ХХК, “Мандар” групп, дэмжигч байгууллагаар Монгол Улсын Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, “Монголросцветмет” ТӨҮГ ажиллалаа. Мөн хамтран ажиллагч байгууллагаар “Бодиос”, “Отог” брэнд, “Shijir shine”, “Хүннү фэйшн”, “Дархан нэхий”, “Тод оймс”, “Техник импорт”, “Гор газ”, “Бэст бэйкери”, “Алтан тариа”, “Морьт хангай”, “Тнгри инвест” групп, Өмнөговь аймгийн "Их говийн төгөл" компани зэрэг олон байгууллага хамтран ажилласан. Түүнчлэн орон нутгийн мэдээллийн дэмжигч байгууллагаар Umnugovi.mn, Melmii.mn, “Монгол говь” сонин зэрэг байгууллагууд ажилласан байна. Би ямар нэгэн байгууллагын нэрийг дутуу үлдээсэн байх вий. Эдгээр байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Gobi challenge-2020” төсөл амжилттай хэрэгжсэн. Санхүү байхгүйгээр нэг ч төсөл хэрэгжихгүй. Гэхдээ бид босгосон санхүүжилтээрээ төслийнхөө 70 хувийг санхүүжүүлсэн. 30 хувийг нь “Эрхэт Монгол” медиа групп өөрөөсөө гаргаж энэ төслийн ард амжилттай гарлаа.
Би шоуны агуулгаас бусад бүх зүйлийг ярихыг хичээж байгаа юм шүү. Хэдийгээр би төслийн ерөнхий продюсерээр ажилласан боловч багийнхаа үгийг сонсох ёстой. Энэ шоу нэвтрүүлгийг үзсэний дараа олон хүнд Монголоо гэсэн омогшил төрөх байх гэж бодож байна. Зүгээр нэг тэмээгээр аялаад ирсэн хэдэн хүний асуудал биш болохыг ухаарах байх. “Монголын өвлийн аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх вэ”, “Байгаль хамгаалах үзлийг яаж төлөвшүүлэх вэ”, “Монгол хүний амбиц дэлхийд ямар байж болох вэ”, “Монголын гадаад сурталчилгаанд Монголын онцлогтой брэндээрээ хэрхэн гарах вэ” гэдэг асуултуудад бид хариулт хайсан.
.jpg)
Урлаг спорт
Морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа
Монголын Морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн морин спорт уяачдын холбооны төлөөлөл, уяачидтай НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан уулзлаа. Уулзалтаар уралдаанч хүүхдийг аюулгүй уралдах ур чадварт системтэй бэлтгэх, морин уралдааны зам талбайн нөхцөлийг сайжруулах, хамгаалалтын хувцас, хэрэгслийн чанар стандартыг баталгаажуулах, даатгалд бүрэн хамруулах, аюулгүй байдлын нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцлээ.

Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Засгийн газрын тогтоолыг зөрчиж, далд хэлбэрээр морин уралдаан олноор зохион байгуулж байна. Сар шинийн баярын өмнө гэхэд л 10 гаруй уралдаан зохион байгуулсан талаар мэдээлэл ирсэн. Ийм нууц хэлбэрийн уралдаан нь учирч болзошгүй олон эрсдэлийг дагуулж байна. Тухайлбал, хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа асуудал бий. Аливаа уралдааныг зохион байгуулахдаа тухайн орон нутгийн удирдлага, цагдаа, хяналтын болон эрүүл мэндийн байгууллагад зайлшгүй мэдэгдэх ёстой. Гэвч энэ шаардлагыг мөрдөхгүй байгаа нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсгэж байна. Иймээс унаач хүүхдийн эрхийг хамгаалах, монгол өв соёлоо харгалзан үзэхийн зэрэгцээ далд хэлбэрийн уралдааныг зогсоож, гаргасан дүрэм журмыг чанд мөрдөх, хариуцлагын тогтолцоог сайжруулж хамтын хариуцлагыг бий болгох шаардлагатай. Мөн морин уралдааны цаг хугацааг сайтар тооцоолж зохион байгуулах, нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

ММСУХ-ны тэргүүлэгч, хуульч Э.Хашчулуу “Энэхүү уулзалтад ММСУХ-ны төлөөллүүд, Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон холбогдох бусад салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн. Монголын Морин спорт уяачдын холбооны саналыг үндэслэн биднийг хүлээн авч уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. ММСУХ үндэсний өв соёл, дархлаа болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, морин уралдааны анхны хамгаалалтын төхөөрөмжийг оруулж ирсэн. Унаач хүүхдийг даатгалд хамруулах асуудлаар хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажилласан. Өнөөдөр морины уралдаан спортын хэмжээнд хөгжиж байна. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс хүүхдийг эцэг, эхээс нь булаан авч, эмнэг догшин морь унуулаад, боолын хөдөлмөр эрхлүүлж байгаа мэт ойлголтыг нийгэмд түгээж, талцуулж байгаад харамсаж байна” гэв.

НМСУХ-ны тэргүүлэгч М.Мөнхбаясгалан “11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл морин уралдааныг хориглох шийдвэр гаргасан. Гэвч уламжлал ёсоор Сар шинийн баярын дараа хаврын улиралд хүүхдүүд морио унаад уралддаг жишиг бий. Угтаа хаврын уралдаан нь нэг талаараа аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой байсан. Гадаад, дотоодын жуулчид ирэхэд бидний онцлон үзүүлдэг гол өв соёлын нэг нь морин уралдаан юм. Үүнийг дагаад монголчуудын дээл хувцасны соёл, эд хэрэглэл, ахуй зан заншил зэрэг олон соёлыг жуулчид нэг дороос, богино хугацаанд үзэж танилцах боломжтой байсан” гэсэн юм.

Монгол Улсын Тод манлай уяач Н.Даш-Өлзий “Морин уралдааныг бид санаачилж зохиогоогүй. Бидний өвөг дээдэс 2000 гаруй жилийн тэртээгээс зохиож түүнийгээ хөгжүүлж, хойч үедээ өвлүүлж ирсэн түүхэн уламжлал юм. Бид ийм арвин түүхтэй ард түмэн. Монголчууд малчин ард түмэн. Өнөөдөр Монгол улсад малчин, уяач бэлтгэдэг тусгай сургууль байхгүй. Морь унаач хүүхдүүдийн дийлэнх нь малчны амьдралд өсөж, өв соёл, уламжлалаа тээж яваа хүүхдүүд байдаг. Хэрэв энэ заншил тасарвал малчин удам, ахуй соёлын залгамж халаа үгүй болох эрсдэлтэй. Мөн хүүхдээр морь унуулахыг зарим хүн хөдөлмөр эрхлэлт мэтээр ойлгож байна. Харин энэ нь хөдөлмөр бус үндэсний спорт юм. Хүүхдүүд үндэсний спортоороо хичээллэж, соёл уламжлалаа залгамжлан авч явах ёстой. Үндэсний өв соёлоо устгах бус харин хамгаалж, хадгалж үлдэх нь бидний үүрэг” гэдгийг онцолсон юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх сарын 5-наас толилуулна
“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулахаар ажиллаж байна.
Андрей Ивановын “Это все она” жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөн, Орос улсдаа төдийгүй дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байгаа шилмэл бүтээл юм. Энэхүү жүжгээр өсвөр насны хүүхэд – эцэг эх хоорондын харилцааны хямрал, сошиал орчны нөлөө түүнээс хамаарсан итгэлцэл болон хууралт зэрэг яг одоо бидний дунд байгаа асуудлуудыг хөндөх болно.
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх гуравдугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглоно.
Урлаг спорт
“Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр 10 насны ангиллаар, 4 үе шаттай зохион байгуулж байна. Анхан шатанд 145,000 сурагч, дүүрэг, бүсийн шатанд 1000 багийн 15,000 сурагч оролцож байна.
“Улаанбаатар кап” дүүргүүдийн болон нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын ЕБС-ийн сурагчдын лигийн тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхэлж, ирэх тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал зургаан сар үргэлжлэх юм. “Улаанбаатар кап” тэмцээнээр шигшээ 32 баг шалгарч, урьдчилсан шат 28 өдрийн турш дөрвөн зааланд зэрэг явагдаж, 1400 гаруй тоглолт зохион байгуулаад байна. Мөн өнгөрөгч сард төвийн зургаан дүүргийн ахлах ангиллын сагсан бөмбөг, волейболын төрлийн аваргуудаа тодруулсан юм.
