Цаг үе
Холбооны мөрдөх товчооноос Гадаад Улсын авлигын хэрэг шалгах ажиллагааг өргөжүүлж байна
Гадаад улсын нутаг дэвсгэрт монополи, клептократ, авлигын гэмт хэрэгт холбогдсон АНУ-ын хувь хүн, хуулийн этгээдийг мөрдөн шалгах зорилготой Олон Улсын авлигатай тэмцэх хэлтсийн бүрэлдэхүүнд шинээр гурван тасаг бий болгожээ.
Өнгөрсөн жил Майами хотод шинээр байгуулагдсан Олон Улсын авлигатай тэмцэх тасаг нь АНУ-ын Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хууль/U.S. Foreign corrupt practices act/-ийг хэрэгжүүлэх замаар Гадаад Улсын хээл хахуультай хэрхэн үр дүнтэй тэмцэж байгааг харуулж байна. Майами хотын тус тасаг нь нийтэд мэдэгдсэнээр гэмт хэргийн таван үйлдэл мөрдөн шалгасан бөгөөд үүнээс хэд хэд нь 2020 онд өндөр торгуультай тохиролцоонд хүргэсэн байна.
“Холбооны мөрдөх товчоо эдгээр мөрдөн шалгах ажиллагаанд олон жилийн турш оролцсон бөгөөд Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуульд заасан асуудлын хүрээнд илүү чухал, төвлөрсөн үүрэг гүйцэтгэж байгаа гэж дүгнэж байна.” хэмээн олон улсын авлигын хэргээр мэргэшсэн өмгөөлөгч Маттесон Еллис мэдэгджээ. Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуульд зааснаар АНУ-ын хувь хүн, аж ахуйн нэгж нь бизнесийн үйл ажиллагаанд давуу байдал олж авах зорилгоор гадаад улсын төрийн албан хаагчдад бэлэг өгөх болон санал болгохыг хориглодог байна.
Майами хотын Олон Улсын авлигатай тэмцэх тасаг нь Латин Америкийн бүс нутагт илүү төвлөрсан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нью-Йорк, Лос Анжелес, Вашингтон хотуудад байрлах тасгуудтай мөн хамтран ажилладаг байна. Майами хотод авлига, мөнгө угаах гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа эрс нэмэгдсэн тул тус хотод шинэ тасаг байгуулах зайлшгүй шаардлага тулгарсан талаар Олон Улсын авлигатай тэмцэх хэлтсийн дарга Лесли Бэкшис мэдэгджээ.
“Бид Өмнөд Америк руу тогтмол нислэг үйлддэг байсан бөгөөд Майами хотоор байнга дамжин өнгөрдөг байв. Тухайн үед бид хууль бус орлого ашиглан хөрөнгө худалдаж авах зэрэг гэмт хэргийн мэдээлэл байнга авдаг байсан. Үүнээс улбаалан мөрдөгч бүр Майами хот руу нисэж мөрдөн байцаалт авах шаардлага үргэлж тулгардаг байв. Тиймээс Майами хотын тасгийг байгуулсан бөгөөд 2019 оны 03 дугаар сараас үйл ажиллагаа явуулж эхлээд байна.” гэж Лос Анжелес хотын Олон Улсын авлигатай тэмцэх тасгийн даргаар ажиллаж байсан Лесли Бэкшис мэдээлэв.
Холбооны мөрдөх товчоо тухайн үед Хьюстон хотод байрлах газраас орон нутаг болон Олон Улсын гэмт хэргийг прокурорын багтай хамтран мөрдөн шалгаж байсан туршлагатай мөрдөгчдийг сонгон шалгаруулж Майами хотын Олон Улсын авлигатай тэмцэх тасагт шилжүүлсэн талаар хэлтсийн дарга Лесли Бэкшис хэлэв. Холбооны мөрдөх товчооны Олон Улсын авлигын гэмт хэрэгтэй тэмцэх тасаг нь одоогоор тусгай ажилтан, тагнуулын ажилтан, шинжээч болон шүүхийн нягтлан бодогчдоос бүрдсэн 51 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа нь 2010 онд Вашингтон хотод ердөө 13 мөрдөгч, 1 шинжээчтэй ажиллаж байсан үетэй харьцуулбал хүчин чадлаа хэд дахин нэмэгдүүлсэн байна.
Майами хотод байрлах тасаг нь Испани, Португал хэл, соёлын өндөр чадамжтай албан хаагчид сонгон шалгаруулж авсан талаар тус тасгийн дарга Рик Симпсон мэдээлэв. Мөнгөн гүйлгээний авлигатай тэмцэх алба нь гадаад улсын засгийн газрууд болон прокурорын байгууллагатай тогтмол хамтран ажилладаг бөгөөд ихэвчлэн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Латин Америкийн бүс нутагт Бразил, Колумб, Эквадор улсын хууль сахиулах байгууллагатай тус тасгийн мөрдөгчид нягт хамтран ажилладаг талаар Рик Симпсон мөн хэлэв.
Тусгай зориулалтын тасаг байгуулснаар Холбооны мөрдөх товчоо нь илүү олон гэмт хэрэг шалгаж байна. Олон Улсын авлигатай тэмцэх хэлтэс нь Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуульд заасан гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд Хууль зүйн яамны прокурортой тогтмол хамтран ажиллаж, гэмт хэрэгт холбогдсон компани болон тэдний хуульчидтай уулзалт зохион байгуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мөн мэдээлэв.
Өнгөрөгч 9 дүгээр сард Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн гэм буруугаа хүлээсэн Флорида хотод байрлах асфальт үйлдвэрлэгч “Саржеант Маринь” корпорацийн гэмт хэргийг мөрдөн шалгахад Майами хотод байрлах тасаг мөн туслалцаа үзүүлжээ. Холбооны мөрдөх товчооны мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хууль зөрчсөн гэм буруугаа 10 дугаар сард хүлээж, 128 сая ам.долларын торгууль төлөхийг зөвшөөрсөн “Жэй Би Эс Эс Эй” махны сав үйлдвэрлэгч компанийн холбогдох гэмт хэргийг мөн илрүүлсэн байна.
Холбооны мөрдөх товчооны Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, болзошгүй зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг Олон Улсын авлигын эсрэг хяналтын байгууллагын 11 дүгээр сарын тайланд өндрөөр үнэлж, үндэстэн дамнасан авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд манлайлж буй АНУ-ын үйл ажиллагааг сайшаажээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын харьяа Олон Улсын бизнесийн үйл ажиллагааны хээл хахуулийн ажлын хэсгийн тайланд Холбооны мөрдөх товчооны Олон Улсын авлигатай тэмцэх тасгийн үйл ажиллагаа өргөжиж, дэлхийн 75 улс оронд байрлах өөрсдийн төлөөлөгчөөр дамжуулан Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн гэмт хэргийг илрүүлэх чадварыг онцолжээ.
Цахим орчинд мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь одоогоор тус хэлтэст тулгарч буй хамгийн том сорилт болж байгаа талаар тасгийн дарга Симпсон мэдээлжээ. Цар тахлын үед мөрдөгчид зарим тохиолдолд цахимаар ажиллах шаардлагатай тулгарч байгаа бөгөөд гадаад улсад зорчихоо түр зогсоосон тухай хэлтсийн дарга Хатагтай Бэкшис мэдэгдэв.
“Мөрдөгчид цахим видео хурал болон онлайн сервер ашиглан баримт бичиг хүлээн авч, ярилцлага хийж байна. Мэдээж бид хүмүүстэй биечлэн уулзаж мэдээлэл солилцохыг хүсэж байгаа боловч цар тахлын үед ийнхүү ажиллах боломжгүй байна. Иймээс бид цахим програм ашиглан онлайн хурал хийж байгаа бөгөөд тус бэрхшээлийг даван туулж чадсан.” хэмээн Олон Улсын авлигатай тэмцэх тасгийн дарга Симпонс хэлэв.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Үзэл бодол2022/01/20
С.Амарсайхан: Сурагчдын амралтыг сунгах эсэхийг БШУЯ, ЭМЯ зөвлөлдөж Засгийн газа...
-
Цаг үе2020/01/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2023/04/14
УИХ: БСШУСБХ-ны ажлын хэсэг өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2020/01/10
МАН мөнгөтэй хүмүүсийг бус ёс зүйтэй, мэдлэг боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлн...
