Улстөр нийгэм
Эрчим хүчний хэрэглээний 98 хувийг дотоодоос хангаж эхэллээ
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 93 сая ам.доллараар "ДЦС-IV" төрийн өмчит хувьцаат компанийн дөрвөн турбингенераторыг өргөтгөж Төвийн бүсийн эрчим хүчний системд холболоо. Ингэснээр манай улс ОХУ-аас авдаг эрчим хүчний импортыг хоёр дахин бууруулж, хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. 89 МВт-аар өргөтгөсөн нь 10 аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадал гэсэн үг юм.

Өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Засгийн газрын тогтоолын дагуу айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл төр хариуцах болсон. Цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг найдвартай хангах, өвлийн оргил ачааллыг даван гарахад энэ өргөтгөл чухал хувь нэмэр оруулна гэдгийг тэрээр тэмдэглэж, гүйцэтгэгч компаниудад талархал илэрхийлэв. Мөн ойрын гурван жилд Тавантолгой, Чойбалсан, Амгалангийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барьж, өргөтгөхөөр зорьж байгааг хэлэв.

Энэ сарын 13-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлана. Тавантолгойн цахилгаан станцын зураг төслийн ажил эхэлсэн тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тодотгов. Цахилгаан станцын өргөтгөлийг "ДЦС-IV" болон ОХУ-ын "Уралын турбин завод" компанийн инженер, техникийн ажилчид хамтран хийлээ. Туслан гүйцэтгэгчээр "Ган цагаан өргөө", "Морьтон", "ББЗБ", "Эрчим сервис", СММ", "Монкран консалтинг", "Бестпрайс", "Ханжинбулаг", "Шинэ эхлэл төсөөлөл", "Ди Ти Юу" компани ажиллажээ. "ДЦС-IV" компани Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг үйлдвэрлэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Шударга мэдээ2023/02/09
Гадаад харилцааны сайдын дэргэдэх Эрдмийн зөвлөл хуралдлаа
-
Улстөр нийгэм2024/01/05
Бүгд Найрамдах Мальдив Улс руу зорчиж буй иргэдийн анхааралд!
-
Үзэл бодол2019/08/01
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хамтран тунхаглал гаргалаа
-
Үзэл бодол2021/07/28
Б.Бат-Оргил: Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийн тулд гадаад хэл, буудл...
