Шударга мэдээ
Үйл ажиллагаа нь нээгдэж буй байгууллагуудад тавих тусгай нөхцөл, шаардлагын талаар мэдээлэл хийв

Үйл ажиллагаа нь өнөөдрөөс эхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад тавих шаардлага болон дараагийн ээлжинд нээх үйлчилгээний байгууллагуудад өгөх зөвлөмжийн талаар НЗДТГ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан мэдээлэл өглөө.
Үйл ажиллагааг нь хязгаарласан 14 салбар, чиглэлийн үйлчилгээний байгууллагаас бусад нь Нийслэлийн онцгой комиссын баталсан нийтлэг түр заавар, тусгай нөхцөл шаардлагыг баримтлан ажиллах ёстой. Тэр тусмаа худалдаа үйлчилгээний байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа QR кодыг уншуулж хэвшихийг онцгойлон анхаарахыг сануулав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А/06 дугаар захирамжийн хавсралтад цаашид үе шаттайгаар нээгдэх салбар, аж ахуй нэгжид бүх төрлийн худалдаа, гэр ахуйн, бөс бараа, тоглоомын худалдаа зэргийг тусгаад буй.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагуудад тогтмол хяналт тавьж байна. Тухайлбал, өнөөдрөөс ажиллаж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдэд тусгай нөхцөл, шаардлага тавьж буй. Тухайлбал, ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх, хүн хоорондын зай барих буюу зөвхөн цонхоор үйлчлэх, түргэн гэмтэх, хадгалалтын онцгой нөхцөл шаардах хүнсний бүтээгдэхүүнийг худалдахгүй, бэлэн мөнгөөр үйлчлэхээс татгалзах зэрэг журмыг баримтлах юм” гэлээ.
Мөн үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхгүй байх зөрчил их байгааг НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш дурдаад “Нийтлэг түр заавар, зөвлөмжийг мөрдөөгүй үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна” хэмээв.
Шударга мэдээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2025 оны зургаадугаар сарын 9-13-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54.140 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.
Дээрх хугацаанд 1157 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 621 хэрэг шинээр нээж, 183 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 73, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 47, Өмчлөх эрхийн эсрэг 37, Авлигын 7, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 3, Эдийн засгийн 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь гаалийн газарт ажиллаж байсан Х.Н нь Цагаан хад суурьшлын бүсэд улс хоорондын ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн нүүрс тээврийн үйл ажиллагааг гаалийн хяналт шалгалтаар саадгүй нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Баян-Өлгий аймаг дахь Монгол банкны салбарын албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй байж, шалгалтад тэнцсэн мэтээр гэрчилгээ гаргуулахаар бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх /-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Иргэн Б.У нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчин ирэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрлийн зүйлийг тээшиндээ нуун улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Шударга мэдээ
Явган хүний замыг шинэчлэхдээ суурийн үе, холбоос хэсгүүдийг чанаржуулахыг үүрэг болгов
Улаанбаатар хотын гол гудамж, замуудын эвдэрч, элэгдсэн, чанарын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна.
Тодруулбал, энэ онд Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гол гудамж, замын 15 байршилд 29 км буюу 186.8 мянган ам.метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулж буй.
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд явган хүний замын ажил гүйцэтгэж байгаа “Сант-Өндөр” ХХК-ийн ажлын нөхцөл байдалтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Энэ үеэр “Сант-Өндөр” ХХК-ийн инженер Т.Батдэлгэр “Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл нийт 13 мянга орчим ам.метр талбайд тавдугаар сарын сүүлээс эхлэн явган хүний замын ажил гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ам.метр талбайд байгалийн чулуун зам тавьсан. Цахилгаан, гадна холбооны ажилтайгаа нийлээд өдөрт 16-21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэв.
Энэ онд шинэчилж буй байгалийн чулуун хавтан бол өмнөх замын хавтангаас эрс ялгаатай. Үйлдвэрт хийсэн өмнөх хавтангууд нь насжилт буюу нягт багатай. Хүний болон автомашины хөдөлгөөн, бороо, цасанд амархан бутарч элэгддэг. Ойрхон засвар, шинэчлэл хийх шаардлагатай болдог. Түүнчлэн явган хүний замыг халтирдаг гантиг чулуугаар хийснээр явган зорчигчид гэмтэж бэртэх нөхцөл болдог. Дэлхийн олон орны туршлагаас харахад явган хүний замаа байгалийн чулуу буюу боржин чулуугаар хийсэн байдаг. Учир нь байгалийн чулуу нь өөрөө өндөр нягттай, эвдэрч бутардаггүй, хамгийн багадаа 30 жил, цаашлаад 100 хүртэлх жилийн насжилттай. Бороо, цас, усанд тэсвэртэй буюу өөрөө хатдаг. Хотын гол, гудамж замуудыг ийнхүү байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр тогтмол сөхөгддөг явган замын асуудал шийдэгдэх бүрэн боломжтой гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцолж тайлбарлав.
Байгалийн чулуу нь барзгар гадаргуутай учраас халтирч гулсдаггүй нь маш том онцлог юм. Хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалай шинэ явган замын ажилтай танилцаж, явган замын норм стандарт, ажлын зургийг илүү нарийвчилж, явган замын холбоос хэсгүүд болон суурийн үеийг чанаржуулах хэрэгтэй төдийгүй тэдгээрийг зураг төсөлд нарийвчлан тусгах заавар чиглэл өглөө. Ер нь хотын гол, гудамж замуудын явган хүний зам хэсэгчилж ихээр эвдэрсэн байдаг. Тийм хэмжээний эвдрэлийг хэсэгчилж засах боломжгүй. Бүрэн хуулж авч шинэчлэх шаардлагатайг инженерүүд тайлбарлав.
Байгалийн чулуун хавтангаар явган хүний замын ажил гүйцэтгэж байгаа “Сант-Өндөр” ХХК-ийн зүгээс явган замын ажил гүйцэтгэхэд хийцлэлийн хувьд хүндрэлтэй зүйл байхгүй. Зургийн ажилд нарийвчилсан тайлбар, заавар оруулах зүйлс бий. Оройн 22:00 цагаас хойш хотын төв рүү том машин оруулахыг зөвшөөрдөг учраас шөнийн цагаар ажилчдаа ажиллуулж, шөнийн цагаар л хогоо ачуулж байгааг олон нийт ойлгож хүлээж аваасай гэсэн юм.
Шударга мэдээ
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ
Жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих, борлуулалт, зах зээлийг нь тэлэх, олон нийтэд бараа бүтээгдэхүүнийг нь таниулан сурталчлах зорилготой “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025” үзэсгэлэн худалдааг зургаадугаар сарын 12-ноос эхлэн дөрвөн өдрийн туршид Төв талбайд дэлгэж байна. Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 300 гаруй үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Үзэсгэлэн худалдааг нээж Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 гаруй хувь ажиллаж, амьдардаг. Бид үйлдвэрлэгч улс болохын суурь нөхцөл нь өрх бүр үйлдвэрлэгч байхад оршино. Эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн амьжиргаа сайжрах, дундаж давхарга ихсэхийн үндэс нь өрхийн үйлдвэрлэл. Бид юу хийж чаддаг вэ, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах уу, бидэнд хангалттай зах зээл бий юү зэрэг асуултад ЖДҮ эрхлэгчид тодорхой хариулж байна. Хэрэглэгч эх оронч худалдан авалт хийх хүсэл эрмэлзэлтэй байвал тэр хэрээр энэ салбар хөгжиж боломж бүрэн байна. Тиймээс гадна дотны жуулчин хүлээж авдаг компани, аж ахуйн нэгж, хувь хүн та Төв талбайдаа хүрэлцэн ирж тухлан саатаж, үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих худалдан авалт хийхийг уриалж байна. Монгол үндэсний хэв шинжийг агуулсан, ур хийц шингээсэн бүтээгдэхүүнээс гадна эх орны хөрсөнд тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээс таалан сонгоорой” гэлээ.
Монгол Улсын хэмжээнд 60 гаруй мянган аж ахуйн нэгж, 900 гаруй мянган иргэн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарт ажилладаг гэх тоо бий. Ноос ноолуур, арьс шир, хүнс, бэлэн хувцас, гар урлалын төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаалж байна. Үзэсгэлэн худалдааг дөрвөн өдөр дэлгэнэ.
-
Шударга мэдээ2022/08/15
Тохижилт бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна
-
Улстөр нийгэм2024/05/09
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Улстөр нийгэм2023/09/19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд...
-
Улстөр нийгэм2021/03/20
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн нөхрийг ЦЭЦЭД зүтгүүлж байн...