Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Банкны удирдах ажилтан мөнгө угаасан хэргээр шалгагдаж байна

Огноо:

,

Эх сурвалж: globalanticorruptionblog.com

Өнгөрсөн сард Голландын давж заалдах шатны шүүхээс тус улсын хамгийн том банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг улсын прокурорт үүрэг болгожээ. Шүүхээс Ральф Хэмерсийг Амстердамд төвтэй “ING” банкны гүйцэтгэх захирлаар 7 жил ажиллах хугацаандаа мөнгө угаасан болон бусад гэмт хэрэгт буруутган шалгах ажиллагаа явуулахыг үүрэг болгосон байна. Санхүү, хууль эрх зүйн мэргэжилтнүүд өөрсдийн үйлдсэн хэргийнхээ төлөө яллагдагчаар татагдах нь ховор байдаг бөгөөд тэдний удирдах албан тушаалтнууд нь онилогдох нь бүр ч ховор байдаг. Энэхүү шийдвэрээс өмнө Голдман Саксын банкируудыг 1MDB-ийн дуулианд оролцсон хэрэгт буруутгаж байсан нь хамааралгүй зүйл байсан.

"Тэнд" гарч буй авлигад "энд" байгаа банкирууд, хуульчид, нягтлан бодогчид болон бусад зуучлагчдын үйлчилгээ шаардлагатай байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын санхүүгийн төвүүд дэх санхүүгийн болон корпорацын үйлчилгээнүүд нь хөгжиж буй орнуудын ихэнх хэсэгт илэрсэн авлигад түлхэц болж байгаа талаар бид ярьдаг.

Гэхдээ авлигын эсрэг ажиллаж байгаа хүмүүс энэ ойлголттой санал нийлэх эсэх нь өөр асуудал юм. Транспэрэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийг харахад хөгжингүй орнууд авлигатай сайн тэмцэж байгаа гэсэн ойлголтыг төрүүлдэг бөгөөд хүснэгтийн доод хэсгийг харвал авилга нь хөгжиж буй орнуудад үнэхээр асуудал болж байна. Бид Панамын баримт бичиг, 1MDB, Danske банк болон FinCEN файлуудын талаарх асуудлуудаас бүрэн сургамж аваагүй бөгөөд энэ нь авлигын хэрэг бий болоход банкууд, хуульчид болон бусад мэргэжилтнүүдийн үзүүлж буй үйлчилгээ нөлөө үзүүлж байгааг харуулж байна.

Асуудлын нэг хэсэг нь санхүүгийн болон компанийн үйлчилгээ эрхлэгчдийн авлигад эзлэх үүрэг оролцоо аюултай түвшинд хүрснийг олж харахгүй байгаа явдал юм.

Мөнгө угаагчдын үйлчилгээ нь зохион байгуулалттай гэмт хэрэг эсвэл авлигын гэмт хэрэгтэй салшгүй холбоотой болохыг ойлгох нь чухал юм. Бид хээл хахууль болон эд хөрөнгө ашиглан шамшигдуулах нь мөнгө угаах хэргээс өөр зүйл гэж үздэг боловч эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой байдаг. Мөнгө угаах нь зөвхөн мөнгө хулгайлсан хүнд үзүүлж буй дараагийн бодит тусламж биш юм. Энэ бол бүхэл бүтэн схемийн нэг хэсэг бөгөөд нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй юм. Банкны дээрэмчид хэзээ ч гарахгүй болтлоо дээрэм хийхээр төлөвлөхгүй – түүнд зугтах машин хэрэгтэй, эс тэгвээс түүний төлөвлөгөө амжилтгүй болно. Үүнтэй адилаар бусад газарт үйлдсэн авлигын үйлдлүүдэд барууны банкирууд болон компанийн үйлчилгээ эрхлэгчдийн санал болгодог зугтах машин хэрэгтэй юм. Хууль эрх зүйн хувьд тэдгээрийг хоёр тусдаа гэмт хэрэг гэж үздэг ч бодит байдал дээр нэг зоосны хоёр тал болохыг нуух ёсгүй.

Өнгөрсөн сард гаргасан шийдвэр нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын чухал үүрэг болон тэднийг хариуцаж буй хүмүүсийн үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн. 2018 онд дэлхийн хэмжээний санхүүгийн системийн нөлөө бүхий “ING” банк нь мөнгө угаах хэрэгтэй тэмцэх хяналтын сул байдлыг ашиглан дансаараа дамжуулан олон удаа мөнгө угаасан болохыг Голланд улсын прокурорын газраас хянан шийдвэрлэжээ. Уг банк 675 сая еврогийн торгууль болон хууль бусаар олсон 100 сая еврогийн хураамжийг буюу нийт 775 сая еврог төлсөн байна. Тус банканд үндэсний болон европын зохицуулагчид удаа дараа анхааруулж байсан ч анхааруулгыг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай нотлох баримт байхгүй гэж үзсэн тул нэг ч хүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр энэ тооцоог өөрчилж байна. Үүнээс дөрвөн зүйлийг онцлон тэмдэглэе.

-Уг процедурыг гуравдагч этгээд болох SOBI (компанийн мэдээллийг мөрдөн шалгах сан) санаачилсан бөгөөд тус сан нь хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудын ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан юм. Уг байгууллага тухайн хэргийг сонирхсон гуравдагч этгээдээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэх хүсэлтийг прокурорын байгууллагад гаргах боломжийг олгодог хуулийн заалтыг ашигласан байна. Сангийн дүрмийн нэг заалтад “Компанийн шударга байдлыг сайжруулах хүчин чармайлтыг хянах” тухай заасан байдаг тул SOBI нь уг хэргийг хангалттай сонирхож байсан нь тогтоогджээ.    

-ING банк нь гэмт хэрэг үйлдсэн болон ашиг орлогодоо онцгой анхаарсан гэм буруутай үйлдлийн талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн юм.

-Гүйцэтгэх захирлыг гэмт хэргийн шинжтэй үйлдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрх бүхий албан тушаалтан бөгөөд үүрэг хүлээсэн хүн гэж дүгнэсэн. Тэрээр хууль бус үйлдэл гарах магадлал өндөр байгааг мэдсээр байж арга хэмжээ авахаас татгалзсан.   

-Гүйцэтгэх захирал нь өөрийн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Хувьцаа эзэмшигчдийнхээ зардлаар томоохон гэрээ хэлэлцээр хийж, хүлээсэн үүрэг хариуцлагаа умартаж байгаа нь ёс суртахуунгүй хэрэг гэж үзсэн. Тиймээс шүүх SOBI-ийн гомдлыг үндэслэлтэй гэж үзээд ноён Хамерсийг эрүүгийн хариуцлагад татах ёстой гэж дүгнэсэн.

Банкны удирдлагууд хориглосон үйл ажиллагааг үнэхээр удирдаж ажилласан бол ял шийтгэлгүй үлдэхгүй байх дүрмийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд тусгасан байх нь чухал юм.

Энэ шийдвэрийн эцэст ноён Хэмерсийг гэм буруутай нь тогтоогдох болно гэсэн үг биш бөгөөд үүнийг эрүүгийн хэргийн шүүх ажиллагаа шийдвэрлэх болно.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох